Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүрэгт ажиллалаа
2022.08.23

Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид Баянгол дүүрэгт ажиллалаа

Нийслэлийн ИТХ-ын даргын захирамжаар дүүргүүдийн өвөлжилтийн бэлтгэл ажил, бүтээн байгуулалт, хөрөнгө оруулалтын болон автозамын түгжрэлийг бууруулах талаар хэрэгжүүлж байгаа ажлын явцтай Нийслэлийн ИТХ-ын төлөөлөгчид танилцлаа.

Нийслэлийн ИТХ-ын дарга Ж.Батбаясгалан болон Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг төсвийн хорооны дарга М.Халиунбат, нийслэлийн Засан даргын 1-дүгээр орлогч Ж.Сандагсүрэн, төлөөлөгч Г.Гангамөрөн, Д.Ихбаяр, Д.Энхтуяа, Ч.Мэндбаяр нар Баянгол дүүрэгт ажиллалаа. Мөн энэ үеэр Улаанбаатар хотын Захирагчийн ажлын албаны дарга Д.Ганболд, нийслэлийн ЗДТГ-ын газар, хэлтсийн дарга нар, Баянгол дүүргийн удирдлагууд оролцож, шаардлагатай мэдээллийг өгсөн юм. 

Баянгол дүүрэгт энэ жил нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 5.8 тэрбум төгрөгийн 19 төсөл арга хэмжээ хэрэгжүүлж байгаа бөгөөд Нийслэлийн Засаг даргын захирамжаар эрх шилжин ирсний дагуу худалдан авах ажиллагааны тендерийг 100 хувь зарлаад байгаа аж.

Харин Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар 13 төсөл арга хэмжээ хэрэгжиж байна. Мөн тус дүүрэгт нийт 48 орон сууцны барилгыг дахиан төлөвлөн барилгажуулах төслийг зарласан. Гэхдээ зарим байршилд төсөлд оролцох байгууллага орж ирээгүй байгаагаас 13 удаагийн тендер амжилтгүй болжээ. Тиймээс төсөлд оролцох байгууллагуудын сонирхлыг нэмэгдүүлэх, эдийн засгийн хөшүүрэг хэрэгтэй байгааг хэлж байв.

Харин гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд нийт 93 га талбайд 1373 нэгж талбарт төсөл хэрэгжиж байна. Эдгээр нь дүүргийн 10, 11, 12 дугаар хороог хамарч буй юм. Харин түгжрэлийг бууруулах ажлын хүрээнд 6 төсөл арга хэмжээгээр 5,06 км автозам барихаар төлөвлөсөн. Гэхдээ зарим ажил нь дэд бүтцийн магистраль шугамыг чөлөөлөхтэй холбоотойгоор хойшилсон байна.

Мөн энэ хүрээнд Улаанбаатар хотод 6 нүхэн гарц хийх шаардлагатай байгаагийн 4 нь Баянгол дүүрэгт байгаа юм. Харин хичээлийн жилийн бэлтгэл байдлын хувьд нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй сургууль, цэцэрлэгийн барилгын ажлын гүйцэтгэл 85 хувьтай байна. Цэцэрлэгийн насны хүүхдийг 100 хувь хамруулж, сургуулийг 3 ээлжээр хичээллэхгүй байх боломжийг бүрдүүлсэн. Гэхдээ 2 сургуулийн буюу 28, 93 дугаар сургуулийн хичээлийн байрыг буулгаж, шинээр барихтай холбоотойгоор түрээсийн байранд хичээллэх аж. 

М.Халиунбат: Дүүргүүд орлогоо зөв төлөвлөх хэрэгтэй

Ийнхүү дүүргийн удирдлагууд мэдээлэл өгсний дараа Нийслэлийн ИТХ-ын Эдийн засаг, төсвийн хорооны дарга М. Халиунбат “...Газар чөлөөлөлтийн ажил орлого бүрдээгүйгээс бүрэн хэрэгжихгүй байна. Тиймээс төлөвлөлтөө зөв хийх ёстой. Дүүргүүд орлогоо худлаа төлөвлөж байгаагаас зардал нь бас буруу гарч байгаа. Ингэж он дамжин хэрэгжих ажлууд нийслэлийн төсөв дээр зөрүү ачаалал үүсгэж байна. Тиймээс дүүрэг төсөв зохиохдоо бодитоор хийх шаардлагатай байна…” гэлээ. Мөн дүүрэг, хороод иргэдэд төрийн үйлчилгээг оновчтой зөв төлөвлөж хүргэх нь түгжрэл буурах ажлын гол нь. Тэр тусмаа Улаанбаатар хотын түгжрэлийн гол шалтгаан нь боловсролын салбараас үүдэлтэй байгаа үед хамран сургах тойргийн сургууль, цэцэрлэгийн хамрагдалтад анхаарлаа тавьж ажиллах хэрэгтэй гэдгийг сануулсан юм.