Нийслэлээс иргэдэд үзүүлж буй бүх төрлийн үйлчилгээг цахимжуулах ажил үргэлжилж байна
Нийслэлийн төрийн үйлчилгээнд мэдээллийн технологийн шийдлүүдийг ашиглан, иргэдэд ойр, таатай ухаалаг хотыг бий болгох зорилтын хүрээнд үндэсний мэдээллийн технологийн компаниудтай хамтран “Нэг тархи-нэгдсэн систем” төслийг эхлүүлсэн.
Төслийн хүрээнд ухаалаг нийтийн тээвэр, ухаалаг зогсоол, ухаалаг худаг, шатлал бүрийн эмнэлгийн үйл ажиллагааг цахимжуулах, хэсгийн ахлагчийн нэгдсэн систем, онлайн бизнес төв, зам тээврийн ухаалаг систем, гэрлэн дохио, авто замын хөдөлгөөн зохицуулалтын нэгдсэн систем зэрэг нийт 19 төрлийн төсөл, арга хэмжээг үндэсний технологийн компаниуд болон монгол инженерүүд боловсруулж байна. Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр “Нэг тархи-нэгдсэн систем” төслийн явцын талаар мэдээлэл сонслоо.
"Ай Си Ти групп" ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Лхамсүрэн:
-Нийслэлийн төр, захиргааны байгууллагуудаас иргэдэд үзүүлж буй нийт 579 төрлийн үйлчилгээний 131 нь цахим хэлбэрт шилжиж үлдсэн 448 нь уламжлалт хэлбэрээр явагдаж байгаа юм. Эдгээр үйлчилгээг бүрэн цахимжуулах боломжтой гэж үзэж байна. Төрийн албан хаагчид ойролцоогоор 4406 цагийг уламжлалт хэлбэрийн үйлчилгээ үзүүлэхэд зарцуулж байна. Иргэдийн хувьд ч төрийн үйлчилгээнд зарцуулж буй цаг хугацаа өндөр байгаа нь сэтгэл ханамжгүй байдал, бухимдал үүсгэж байна гэсэн судалгаа гарсан. Төсвийн орлогын биелэлт болоод төлбөр төлөлт жил тутамд буурч байгаа. Зөвхөн хогны хураамжийг л гэхэд нийт өрхийн 55 хувиас авч, үлдэж буй 45 хувь нь хураамжаа өгдөггүй. Дижитал шилжилт хийснээр төлбөр, хураамж, орлогыг бүрэн хэмжээнд төвлөрүүлэх боломжтой болно. Үүний зэрэгцээ зардлыг бууруулж чадна. Нийтийн тээврийн хяналтыг сайжруулж, төсвөөс өгч буй татаасыг бууруулах гэхчлэн бодит үр дүн гарна. Аюулгүй, бухимдалгүй, цэвэр хот болоход “Нэг тархи-нэгдсэн систем” ихээхэн нөлөөтэй байх юм” гэлээ.
Энэ онд 11 төслийг дуусгахаар төлөвлөсөн бөгөөд гэрлийн автоматжуулалтын шон, сургуулийн болон ӨЭМТ-ийн киоскнууд, 92 мянган сурагчдын карт, ухаалаг худгийн систем гэхчлэн төслүүдийг эхнээс нь хэрэгжүүлж байна. Тухайлбал, “Эрүүл мэндийн нэгдсэн систем”-ийг долоон өрхийн эмнэлэгт хэрэгжүүлж эхлээд байгаа юм. Багш, эцэг эхчүүдийн нэгдсэн аппликейшнийг нэвтрүүлснээр эцэг эхчүүд хүүхдийнхээ үзсэн хичээл, гэрийн даалгаврыг мэдэж болохын дээр хүүхэд нь ямар автобусаар хаана зорчиж буй талаарх мэдээллийг авах боломж бүрдэнэ.
Мөн үеэр Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар хэлэхдээ “Нэг тархи-нэгдсэн систем”-ийг хөгжүүлэхийн тулд нийслэлийн зүгээс бодлогын дэмжлэгийг үзүүлэх болно. Цаг хугацаа алдалгүйгээр цахим шилжилтийг хийх хэрэгтэй байна. Улаанбаатарыг олон улсын түвшинд хүрсэн иргэндээ ээлтэй хот болгохын төлөө ажиллаж байгаа. Цахим шилжилт хийж, “Ухаалаг Улаанбаатар”-ыг бүтээхийн төлөө зүтгэж буй үндэсний компаниуд, залуу инженерүүддээ итгэж байна” хэмээн өгүүллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn