Гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхэллээ
2022.08.12

Гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхэллээ

Өнөөдөр Улсын бүртгэлийн ерөнхий газраас гар утасны аппликэйшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгож эхлэхээр болсон тухай мэдээлэл өглөө.

Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг ХЗДХЯ-ны харьяа Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ оны 05-дугаар сарын 01-нээс эхлэн Монгол улсын 16 наснаас дээш насны иргэдэд таван жилийн хугацаатай тоон гарын үсгийг олгож эхэлсэн. Өнөөдрийн байдлаар 265.365 мянган иргэн тоон гарын үсэгтэй болжээ.

Ингэхдээ улсын бүртгэлийн байгууллагын бүх нэгж буюу 21 аймаг,  9 дүүрэг дэх Улсын бүртгэлийн хэлтсээр, мөн нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төвүүдээр иргэдэд тоон гарын үсгийг гар утасны аппликейшнээр дамжуулан олгож эхэлсэн. Одоогоор 1600 гаруй иргэнд гар утасны аппликейшнээр дамжуулан олгосон байна.

Тоон гарын үсгийг гар утсаараа дамжуулан хэрхэн авч, ашиглах вэ?

  1. Иргэн харьяа, нэгж харгалзахгүйгээр улсын бүртгэлийн нэгж дээр очиж хүсэлт өгсний дагуу улсын бүртгэлийн байгууллагаас иргэний хувийн мэдээллийн дагуу үүсгэгдсэн бүртгэлийн QR кодтой хуудас хэвлэж өгнө.
  2. Ухаалаг утсандаа “Gsign” аппликэйшнийг татаж, суулгасан байх.  /GSign аппликэйшнийг Android үйлдлийн систем бүхий ухаалаг утсанд “Play Store” -оос, харин IOS үйлдлийн систем бүхийн ухаалаг утсанд “App Store”-оос уг нэрээр хайлт хийн татаж суулгана/
  3. Бүртгэлийн QR кодыг авмагц ухаалаг гар утасны аппликэйшнээ ашиглан өөрийн тоон гарын үсгийн бүртгэлийг үүсгэнэ. (QR кодыг 24 цагийн дотор иргэн өөрөө уншуулах ёстой)
  4. Апп руу ороход гарч ирэх цонхонд бүртгэлийн ажилтнаас олгосон QR кодыг уншуулна.
  5. Уншуулсны дараа тухайн бүртгэгдсэн  утасны дугаар дээр ирсэн кодыг оруулахад пин код оруулах хэсэг нээгдэнэ. /Уг пин код нь таны мартахааргүй дөрвөн оронтой тоо байна/

Гар утасны аппликейшнээр дамжуулан тоон гарын үсгийг олгосноор ухаалаг зөөврийн төхөөрөмжүүд дээр ашиглах, хэрэглээний өргөн боломжийг бий болгож аж ахуй нэгж, байгууллагууд өөрсдийн интернет цахим банкын аплейкейшнүүдтэй холбож өгөх боломжтой аж. Тоон гарын үсэг нь ямар ч төрлийн аплейкейшнтэй хоршиж ажиллах бүрэн боломжтой гэнэ. Тодруулбал, иргэн өөрийн хэрэгцээнд нийцүүлэн нэгээс олон тоон гарын үсэгтэй байж болно.

Түүнчлэн Монгол улс 2023 оноос цахим гадаад паспорт хэрэглэнэ гэдгийг УБЕГ-ын дарга Д.Дэлгэрсайхан энэ үеэр онцоллоо.

-Тоон гарын үсгийг орон даяар хэрэглэхээр болсон. Хөдөө орон нутгийн иргэд хэр хамрагдаж байна вэ?

Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан:

-Улсын бүртгэлийн ерөнхий газраас бүх нэгжүүдээрээ дамжуулан тоон гарын үсгийг иргэний үнэмлэх дээр олгох ажлыг эхлүүлсэн. Өнөөдрөөс гар утасны апплейкейшнээр дамжуулан олгох болсноор энэ ажил сайн явах боломж бүрдлээ. Бид иргэддээ тоон гарын үсгийг бүх түвшинд авах нөхцлийг ханган ажиллаж байна.

Идэвхжүүлэх хэрэглээнд оруулах асуудал аж ахуйн нэгж, хувийн хэвшлийн байгууллагын идэвх чармайлтаас хамаарна. Бид хурууны хээгээ ашиглан үйлчилгээ авдаг байсан бол үүний оронд тоон гарын үсгээр үйлчилгээ авах боломжтой болж байна. Тодорхой үйлчилгээнүүдийг нэмэгдүүлснээр түүн рүү нэвтрэх тоон гарын үсгийн хэрэглээ өсөх юм. Тухайлбал, E-Mongolia систем рүү нэвтэрч авах үйлчилгээ олон болж байна.

Зөвхөн Улсын бүртгэлийн байгууллагын 76 үйлчилгээг энэ системд оруулсан. Жишээлбэл, шилжилт хөдөлгөөний үйлчилгээ. Энэ зөвхөн нийслэл, хот биш орон нутаг, сумыг хамардаг. Тиймээс орон нутаг, суманд байгаа иргэд тоон гарын үсгээ ашиглаад шилжилт, хөдөлгөөн бусад үйлчилгээгээ авах бололцоог бүрдүүлээд байна. Мөн гадаадад амьдарч байгаа иргэд маань нь ч гэсэн өөрийн мэдээлэлтэйгээ танилцаад тоон гарын үсгээр үйлчилгээгээ авах боломжтой.

-Улсын бүртгэлийн газраас тоон гарын үсгийн үйлчилгээг эхлүүлсэн бол 2023 оноос эхлэн цахим гадаад паспортын үйлчилгээг нэвтрүүлнэ гэж онцоллоо.

-Монгол улсын иргэдийн хэрэглэж буй гадаад паспорт цахим биш буюу чипгүй гэсэн үг. Тиймээс бид 2023 оноос эхлэн чиптэй гадаад паспорт хэрэглэнэ. Үүнийг хэрэглэснээр олон давуу талууд үүснэ. Паспортын чанар, нууцлалын хувьд олон улсад иргэний нисэхийн байгууллагаас тавьдаг шаардлага байдаг. Тэр шаардлагад нийцсэн хамгийн сайн паспорт бол E-паспорт юм. Тэгэхээр одоо олгож буй тоон гарын үсгийн дэд бүтцийг E-паспортдоо суурилуулж өгнө. Бэлтгэл ажлаа хангачихсан гэж ойлгож болно. Иргэн гадаад паспортоо захиалаад авахад нь тоон гарын үсэг, чип суулгасан байдлаар олгох юм.

-Тоон гарын үсгийн аюулгүй байдлыг хэрхэн хангаж байна вэ?

Тоон гарын үсэг нь дэлхийд хамгийн сайн хөгжиж байгаа. Тодорхой алгоритмаар шифрлэгдсэн тоо хуулагдаж байгаа гэсэн үг. Энэ нь мөн тодорхой алгоритмаараа тайлагдаж уншигддаг. Энгийнээр хэлбэл иргэд хэрэглээний нууц үгээ 4-6, 10-20 тэмдэгтээр оруулдаг. Харин тоон гарын үсэг нь 256 тэмдэгт бүхий нууцлалтай. Тиймээс иргэн өөрийн алдаанаас болж кодоо хүнд дамжуулахгүй л бол тоон гарын үсгийг задалж, уншаад хүний өмнөөс орсон тохиолдол гарахгүй.

Цахим орчинд иргэнийг таних хамгийн сайн технологи бол тоон гарын үсэг. Хөгжлийнхөө явцад янз бүрийн аргаар ашиглаж байна. Username оруулаад хэрэглэгчийн эрх аваад тодорхой сайтууд руу нэвтрэлт хийж байна. E-Mongolia систем нь банкны аккаунт болон гар утасны дугаар дээр код ирэх, ирсэн кодоор нэвтэрч ордог. Үүний дараагийн түвшин нь нууцлал сайтай тоон гарын үсэг болж байна. Энэ нь өөрөө технологиор шийдэгдсэн, техник, программ хангамжуудаар ажилладаг учраас нууцлал, хамгаалалтын өндөр түвшинд байгаа юм.

Иргэд тоон гарын үсгийг хоёр төрлөөр авах юм. Улсын бүртгэлийн бүх нэгж буюу бүртгэгчдээр дамжуулан мөн цахим машин буюу КИОСК ашиглан тоон гарын үсгийг иргэний үнэмлэх болон гар утсан дээрээ авах боломжтой боллоо.