Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна
2022.07.29

Зөвшөөрөлгүй байрлуулсан, хуучирч муудсан 74 самбарыг буулгаад байна

Нийслэлийн Засаг даргын А/880 тоот захирамжийн дагуу нийслэлийн нутаг дэвсгэр дэх нийтийн эзэмшлийн гудамж, зам, талбай болон иргэн, хуулийн этгээдийн эзэмшиж, ашиглаж буй газарт зохих зөвшөөрөлгүй байрлуулсан, хийц бүтээцэд нь ан цав, цууралт үүсэж, эвдэрч, гэмтсэн зар сурталчилгааны болон бусад төрлийн самбаруудыг албадан буулгаж, газар чөлөөлөх ажил үргэлжилж байна.

Захирамжид заасны дагуу долоодугаар сарын 5-ны өдрөөс эхэлсэн уг ажил хотын төвөөс эхэлсэн бол өчигдөр Хан-Уул дүүргийн нутаг Нисэхийн тойргийн зүүн хойно  зөвшөөрөлгүй байрлуулж, ашиглалтгүй орхигдсон том хэмжээний самбарыг буулгасан юм. Самбар буулгах үеэр Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ, Улаанбаатар зам засвар, арчлалтын газрын ерөнхий инженер Б.Баатархүү нартай уулзсан юм.

Нийслэлийн Засаг даргын Захиргаа, хууль эрх зүйн асуудал хариуцсан Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ:

-Нийслэлийн ИТХ-аас 2016 онд баталсан “Гадна зар сурталчилгаанд тавих шаардлага”, 2017 онд “Нийслэлийн нутаг дэвсгэрт гадна сурталчилгаа байрлуулахад дагаж мөрдөх журам”-ыг баталсан. Тэрхүү шаардлагад гадна сурталчилгааны байгууламж нь гадна, эсхүл дотор гэрэлтүүлэгтэй байна, авто замын хяналтын камер болон гэрэл дохио, тэмдэг тэмдэглэгээг халхлахгүй, дэд бүтцийн шугам сүлжээний хамгаалалтын зурваст байрлуулахгүй гэхчлэн маш тодорхой заасан байдаг.  

Гэтэл Улаанбаатар хотод дээрх шаардлага болон журмыг зөрчсөн, нийтийн эзэмшлийн газарт зохих байгууллагын зөвшөөрөлгүйгээр замбараагүй барьж байгуулсан, хийц бүтээцэд нь эвдрэл гэмтэл гарсан, өнгө үзэмжээ алдсан самбар, сурталчилгааны байгууламж маш олон байна.

Тиймээс ч Нийслэлийн Засаг даргын захирамж гарч, хууль, журам зөрчиж байршуулсан самбаруудыг буулгах ажил үргэлжилж байна. Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд том жижиг нийлсэн 74 самбарыг албадан буулгаж, газар чөлөөллөө. Нийслэлийн зүгээс автозамуудын дагуу зүг чиг заасан тэмдгүүдийг байршуулахыг зорьж байгаа.

Ингэснээр замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад эерэг нөлөөтэй, хотын өнгө үзэмжид ч сайнаар нөлөөлнө. Бас нэг хэлэх ёстой  чухал зүйл бол түгжрэлийн эсрэг цогц арга хэмжээний нэг нь зүг чиг заасан мэдээлэх самбарыг нэмэгдүүлэх юм гэлээ.

-Албан ёсны зөвшөөрөл авч байршуулсан самбар хэр олон байна вэ?

-Нийслэлийн ИТХ-аас баталсан журмын шаардлагыг хангасан гадна сурталчилгааны байгууламжууд бий. Гэхдээ хотын хэмжээнд байршуулсан самбаруудын ихэнх нь журамд заасан шаардлагыг хангахгүй байгаа. Журамд гадна сурталчилгааны тулгуурт болон гүүрэн байгууламж байрлуулахыг хориглосон зам талбай олон бий. Тухайлбал, Энхтайван болон Чингисийн өргөн чөлөө, Сүхбаатарын, Их сургуулийн, Жуулчны, Олимпын, Токиогийн, Их Монгол Улсын гудамж, Бага тойруу, Наадамчдын зам гэхчлэн нийт 12 байршилд зар сурталчилгааны самбар байршуулахыг хориглосон байдаг. Самбар, сурталчилгааны байгууламжийг дураараа байрлуулсны улмаас авто замын мэдээлэх  болон зүг чиг заах тэмдгүүд нь ялгарч харагдахгүйгээс жолооч нарт хүндрэл учруулж байна. Жолоо барьж буй хүн бүр хотын замыг сайн мэдэхгүй. Гэтэл сурталчилгааны самбарууд жолоочийн анхаарлыг сарниулахын зэрэгцээ зам болоод эгнээ байраа зөв сонгоход саад учруулдаг. Үүнээс үүдэн хүмүүс зорьсон газартаа зөв замаар зорин очиход сөрөг нөлөө үзүүлж буй юм. Мөн нэг хэлэх ёстой зүйл бол сурталчилгааны самбарууд эзэнгүйдсэн явдал. Өнгө үзэмжээ алдаж, эзэнгүйдэж эвдэрч муудсан самбарууд иргэдийн эрүүл, аюулгүй амьдрах эрхийг хангахааргүй байдалд хүргээд байгаа юм. Тиймээс гадна сурталчилгааны самбаруудыг эмх цэгцэд оруулах ажлыг эхлүүлээд байна.

-Энэ ажил хэдий хүртэл үргэлжлэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын өгсөн үрэг даалгавар бүрэн биелж, Улаанбаатар хотод байрлуулсан сурталчилгааны самбаруудыг цэгцлэх зорилгодоо хүрэх хүртэл үргэлжилнэ. Энэ жилдээ багтаагаад эмх цэгцтэй болгохыг зорьж байгаа гэсэн юм.