2022.07.06

Н.Наранбаатар: Архины татварыг нэмэх нь иргэдийн халааснаас гарах мөнгийг нэмэгдүүлнэ

УИХ-ын чуулганы /2022.07.05/ өдрийн хуралдаанаар Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Архины онцгой албан татварыг нэмэгдүүлж байна. Ингэхээр сөрөг юмнууд гараад ирэх юм болов уу. Нэгдүгээрт, хуучин литр архи 15,600 байсан бол одоо 31,300-с дээш 34, 37, 41 мянга гээд нэмэгдээд явах юм байна. Литр архи тутамд 15 мянгаас дээш нэмэгдэнэ. Тэгэхээр үйлдвэрлэгч нар архиныхаа борлуулалтын үнэ дээр бас нэмнэ. Эцсийн дүнд ард, иргэдийн халааснаас татварын зөрүү гараад ирнэ. Хоёрдугаарт, архийг өндөр үнэтэй болгочихоор янз бүрийн хуурамч, чанар муутай архинууд гарч ирээд хүмүүс эрүүл мэндээрээ хохирох, улсын төсөвт нөлөөлөх ийм асуудлууд гарч ирэх юм шиг харагдаад байна.