“Нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсрол хүмүүжлийн ач холбогдол, шийдэл гарц” эрдэм шинжилгээний хурал боллоо
Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатарын дэвшүүлсэн “Монголоо мандуулья” аяны уриалга, ивээл дор эрдэм шинжилгээний цуврал хурлыг зохион байгуулж буй юм. Улсын Их Хурлын Тамгын газар, “Соён гэгээрүүлэгч” телевиз хамтран “Нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсрол хүмүүжлийн ач холбогдол, шийдэл гарц” сэдэвт ээлжит хурлыг өнөөдөр (2022.05.30) Төрийн ордонд хийлээ.
Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар эрдэм шинжилгээний хурлыг нээж хэлсэн үгэндээ “Монгол Улс хүүхэд, залуучуудын орон. Залуу үедээ чанартай боловсрол олгох, шийдэл гарцыг нь хэлэлцэх, тогтож хэрэгжүүлэх нь өнөөгийн бидний өмнө нэн тулгамдсан, онцгой анхаарах учиртай асуудлын нэг. Улсын Их Хурлаар удахгүй хэлэлцэх, иргэд, олон нийтээс санал авах шатандаа явж буй Боловсролын багц хууль ч үүнд чиглэгдэнэ” гээд үндэсний давтагдашгүй онцлог, нүүдлийн соёл иргэншлийн баялаг уламжлалд суурилсан “Боловсрол-Хүмүүжил-Ёс суртахуун”-ны цогц загвар бүтээж, бүх нийтээрээ, насан туршдаа суралцах соёлыг түгээх боломж бидэнд бий хэмээв.
Эрдэм шинжилгээний хуралд боловсролын салбарын 80 гаруй эрдэмтэн, судлаачид оролцов. Ардын багш Д.Бадарч, Т.Дорж, соёлын гавьяат зүтгэлтэн Ч.Дагвадорж, гавьяат багш О.Пүрэв, С.Төмөр-Очир, Г.Гомбожав, урлагийн гавьяат зүтгэлтэн Л.Эрдэнэчимэг, доктор, профессор Б.Өлзийхутаг, Д.Хүү, доктор, дэд профессор Б.Сувд нар нийгмийг соён гэгээрүүлэхэд боловсрол, хүмүүжлийн ач холбогдол, шийдэл гарцын талаар илтгэл хэлэлцүүллээ.
Түүнчлэн, тус хуралд Улсын Их Хурлын гишүүн, Ёс зүй, сахилга хариуцлагын байнгын хорооны дарга Б.Бат-Эрдэнэ, Улсын Их Хурлын гишүүн Т.Энхтүвшин нар оролцож эрдэмтэн, судлаачидтай санал бодлоо солилцлоо
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn