Ц.Мөнхцэцэг: Үндсэн хуульдаа гар хүргэхгүйгээр сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжтой
УИХ-ын гишүүн Ц.Мөнхцэцэгтэй ярилцлаа.
Сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, түүнчлэн УИХ-ын гишүүн Т.Доржхандын саналыг дэмжсэн 100 000 иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг УИХ-ын даргад хүргүүлсэн. Үүний дагуу УИХ-ын даргын захирамжаар Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга Ж.Мөнхбатаар ахлуулсан сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаар улс төрийн намууд, иргэдээс ирүүлсэн санал, шаардлагыг судалж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий ажлын хэсэг байгуулагдаж ажилдаа оржээ. Тус ажлын хэсэгт Ц.Мөнхцэцэг гишүүн багтсан юм.
-Та УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны ажлын хэсгийн гишүүн юм байна. Ажлын хэсэг хаанаас ажлаа эхлэх гэж байна вэ?
-Ажлын хэсэг сонгуулийн тогтолцоо болон Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн талаарх улс төрийн намууд, иргэдээс ирсэн шаардлагуудыг судалж, санал дүгнэлт гаргана. Өнөөгийн сонгуулийн тогтолцоо болон УИХ-ын бүтэц, үйл ажиллагаа нь парламентын төлөөлөх чадварыг хэр хангаж байгаа эсэх, улмаар парламентын хууль тогтоох чадавхид хэр нөлөөлж байгаа, сонгуулийн тогтолцоог өөрчлөх боломжит ямар хувилбарууд байх вэ, сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхэд Үндсэн хуулийн болон бусад органик хуулийн хүрээнд ямар өөрчлөлт хийж болох вэ зэрэг өргөн хүрээтэй асуудлыг судлахаас Ажлын хэсэг ажлаа эхлүүлнэ. Миний хувьд үндсэн хуульт ёс, парламентын төлөвшил, сонгуулийн тогтолцооны асуудлаар судалгаа хийж ирсэн эрдэмтэн хүний хувьд энэхүү ажлын хэсэгт ажиллаж байгаа.
-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлт хийх гол үндэслэл юу вэ. Сонгодог парламентын засаглалыг төлөвшүүлэх асуудал мөн үү?
-Тийм ээ, хэрэвзээ иргэд, улс төрийн намуудын санал, зөвшилцөл Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх шаардлагатай гэсэн дүгнэлтэд хүрвэл сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэх чиглэлээр гол өөрчлөлтүүд орох ёстой. Тухайлбал, өнөөгийн парламентын төлөөлөх чадвар хангалтгүй байдаг гэж би үздэг. Аливаа парламентын хууль тогтоохоос гадна нэг чухал үүрэг бол төлөөллийг хангах явдал. Төлөөллийг хангана гэдэг нь парламент хүн амаа ч төлөөлнө, газар нутгаа ч төлөөлж байх ёстой гэсэн үг. Ер нь бол сонгодог утгаараа парламент иргэдийн төлөөлөл байх ёстой юм. Парламентын мөн чанар нь нүсэр биш аппараттай, гэхдээ ард түмнийг төлөөлөх чадвартай байх нь зүйтэй гэж засаглал хуваарилах онолыг гаргасан сэтгэгчид үзэж байсан.
Энэхүү сонгодог онолын дагуу парламентын төлөөлөлд тэгш байдлын буюу хувь тэнцүүлэх зарчим үйлчилнэ. Тэгш байдлын зарчим гэдэг нь улс орны хүн амын тоонд дүйцүүлэн парламентын гишүүдийн тоог тогтоох, парламентын гишүүн бүр тэгш тооны сонгогчийг төлөөлөх явдал юм.
Парламентын гишүүн бүр тэнцүү тооны иргэдийг төлөөлнө гэдгийг сонгогчдын байр сууринаас авч үзвэл сонгогч бүр эрх ашгаа хамгаалуулах, төрийн бодлогод дуу хоолойгоо хүргэхийн тулд өөрийг нь төлөөлсөн парламентын гишүүдтэй байна гэсэн утга илэрхийлнэ. Энэ зарчмын дагуу тухайн сонгогч том хотод уу, алслагдсан бүс нутагт амьдарч байна уу гэдгээс үл хамааран хууль тогтоох байгууллагад тэгш төлөөлөлтэй байна. Нөгөө талаас сонгогч бүрийн санал төрийн бодлогод адил жин дарж байх ёстой.
Гэтэл өнөөдөр нийслэл Улаанбаатар хотоос сонгогдсон УИХ-ын гишүүн дунджаар 99,377 сонгогч, харин орон нутгаас сонгогдсон гишүүн 55,313 сонгогчийг төлөөлж байгаа нь ихээхэн зөрүүтэй төлөөлөл. Ийм зөрүүтэй байдалд хүргэж буй гол зүйл бол сонгуулийн мажоритар систем. Улс орнууд парламентад иргэдийн тэгш төлөөллийг хангахын тулд хувь тэнцүүлэх системийг хэрэглэдэг.
Нөгөө талаас парламент зөвхөн хүн ам, нийгмийн бүтцийг тусгаад зогсохгүй улс орны газар нутгийг төлөөлөх ёстой гэсэн байр суурь парламент үүсэн хөгжсөн хоёр, гурван зуугаад жилийн турш л хүчтэй байж ирсэн билээ. Ялангуяа АНУ гэх мэт түүхэн уламжлалын хувьд холбооны байгууламжтай, бүс нутаг, мужуудын хооронд ихээхэн ялгаатай байдаг улсуудад энэ хандлага улс төрийн тогтолцоонд хэрэгжиж ирсэн байдаг.
Хууль тогтоох байгууллагад газар нутгийн тэгш төлөөллийг хангах гол механизм бол хоёр танхимтай парламент юм. Парламентын доод танхим нь сонгогчдын тэгш төлөөлөл, нийгмийн бүтцийг хангах зорилготой байдаг бол дээд танхим нь газар нутгийн буюу муж улсуудын төлөөллийг хангах байдлаар бүрэлддэг юм. Хэрэв парламент нь хоёр танхимгүй бол хууль тогтоох байгууллагад газар нутгийн төлөөллийг хангахын тулд сонгуулийн мажоритар тогтолцоо хэрэглэдэг.
-Сонгуулийн мажоратори тогтолцоогоор сонгогчдын санал гээгддэг гэж үздэг. Гэхдээ сонгуулийн тогтолцоо бүр өөрийн гэсэн сул болон давуу талтай. Манай улсад холимог тогтолцоог тохирно гээд байгаа. Олон жил судалгаа хийсэн хүний хувьд үүнтэй санал нийлэх үү?
-Санал нийлнэ. Аливаа улсад сонгуулийн тогтолцоо нь тухайн улс орны газар нутгийн онцлог, хүн амын тоо, гадаад болон дотоод аюулгүй байдал зэрэг хүчин зүйлийг харгалзах ёстой. Монгол Улс өргөн уудам газар нутагтай, хүн амын тоо цөөн бөгөөд хүн амын тархалт сийрэг гэдгээрээ онцлог. Тиймээс Монгол Улсын парламентад тодорхой хэмжээгээр газар нутгийн төлөөллийг заавал хангах шаардлагатай. Нөгөө талаас парламент бол хүн амын төлөөлөл байх ёстой. Тэгэхээр Монгол Улсын парламент нь хүн амын төлөөллөө ч хангасан, газар нутгийн төлөөллөө ч хангасан байвал хамгийн сайн хувилбар болно.
Өдгөө хэрэглэж буй мажоритар систем нь сонгогчдын саналыг үлэмж хэмжээгээр гээдэг, улс орон дахь улс төрийн намуудын хүчний харьцааг бодитоор тусгаж чаддаггүй тул парламентын тэгш төлөөллийн зарчмыг алдагдуулдаг сөрөг үр дагавартай. Тийм учраас бид хүн амын төлөөлөл болон газар нутгийн төлөөллийг аль алиныг хангасан парламенттай болохын тулд бодлогын сонголтууд хийх шаардлагатай байна.
Бодлогын сонголтын нэг хувилбар нь сонгуулийн холимог систем байж болох юм. Парламентын гишүүдийн тодорхой хувийг тойргоос сонгох буюу мажоритар системийг хадгалсан сонгуулийн тогтолцоогоор сонгох, үлдсэн хэсгийг сонгогчдын саналыг гээхгүй, улс орон дахь намуудын хүчний харьцааг парламентад хамгийн бодитоор оруулж ирдэг хувь тэнцүүлэх тогтолцоогоор сонгодог байх нь хамгийн боломжит хувилбар юм.
Парламентын төлөөллийг нэмэгдүүлэх дараагийн нэг бодлогын сонголт бол одоо байгаа нэг танхимтай парламентын бүтцийг хэвээр хадгалж гишүүдийн тоог нэмэгдүүлэх явдал. 1992 оны Үндсэн хуулийг анх батлах үед УИХ-ын 76 гишүүнийг тухайн үеийн сонгуулийн насны иргэдийн тоонд үндэслэн харьцуулан нэг гишүүн 15-20 мянган сонгогчийг төлөөлнө гэсэн зарчмаар оруулсан байдаг. 1992 онд 2,1 сая хүн амтай байсан бол өдгөө 3.3 сая хүн амтай болж, тэр хэрээр сонгогчдын тоо нэмэгдсэн тул УИХ-ын гишүүдийн тоог нэмэх нь зүй ёсны зүйл гэж ихэнх судлаачид, Үндсэн хуулийн эрх зүйчид үздэг. Энэ асуудлыг Ажлын хэсэг судалж, санал зөвлөмж гаргана.
Дараагийн нэг бодлогын сонголт бол бүх нийтийн сонгуулиар сонгогддог доод танхим, аймаг, хотын төлөөллийг хангах зорилгоор шууд бусаар бүрддэг дээд танхим гэсэн хоёр танхим бүхий парламенттай болох явдал байж болох юм. Энэ тохиолдолд дээд танхим нь АНУ, ОХУ зэрэг холбооны байгууламж бүхий улсуудын парламентын дээд танхимын адил онцгой эрхтэй бус, цөөн тоотой гишүүдтэй байхаар бүрдүүлж болох юм.
Нэгдмэл улс мөртлөө хоёр танхимтай парламент бүхий улсууд нэлээд байдаг. Нидерланд, Ирланд, Чех, Итали зэрэг улсыг дурьдаж болно. Эдгээр улсад дээд танхим нь орон нутгийн төлөөллийг хангахаас гадна доод танхимаа тогтоон баригч “тоормоз” болдог гэж судлаачид үздэг юм. Дээд танхим нь бүрэн эрхийн хугацаа арай урт, бүрэлдэхүүний тоо цөөн, танхимыг шинэчлэх нь бүхэлдээ биш, ротаци маягаар явагддаг онцлогтой.
Эдгээр онцлог нь дээд танхимыг тогтвортой, байнгын уламжлагдах чанартай болгодог юм. Тийм учраас сонгогчдын нөлөө, улс төрийн намуудын тэмцэл, дарамтад үргэлж өртөж байдаг доод танхимын яаруу адгуу шийдвэр гарахаас зайлсхийх боломжийг дээд танхим олгодог юм. Хуулийг ихэнхдээ хоёр танхимын нэгдсэн саналаар гаргадаг тул дээд танхим хуулийн төслийг авч үзэж хэлэлцэх нь хууль тогтоомжийн чанарыг сайжруулдаг байна. Ажлын хэсэг сонгодог парламентын тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дээр дурьдсан бодлогын сонголтууд болон бусад өөр хувилбаруудыг тооцоолж санал зөвлөмж гаргах болно.
-Сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд ҮХНӨ хийх шаардлагтай юу. Үндсэн хуульдаа гар хүрэхгүйгээр өөрчлөх боломж бий юу?
-Зөвхөн сонгуулийн тогтолцоог өөрчлөхийн тулд ҮХНӨ хийх шаардлагагүй. Үндсэн хуулийн 21.2-т УИХ-ын гишүүнийг Монгол Улсын сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ, чөлөөтэй, шууд сонгох эрхийн үндсэн дээр саналаа нууцаар гаргаж, дөрвөн жилийн хугацаагаар сонгоно гэж заасан. Энэ заалтыг Үндсэн хуулийн цэц шууд сонгох эрх гэдгийг зөвхөн мажоратори тогтолцоогоор сонгоно гэж дүгнэлт гаргасан юм. Үүнтэй би санал нийлдэггүй.
Шууд сонгоно гэдэг бол зөвхөн сонгуулийн систем, тэр тусмаа мажоратори системийг хэлэхгүй. Шууд сонгоно гэдэг бол сонгогч хэн нэгнээр дамжуулахгүйгээр шууд саналаа гаргах хэлбэр. Тиймээс энэ заалтыг үндэслээд сонгуулийн системээ өөрчлөх бүрэн боломжтой. Өмнө нь ҮХЦ-ийн 05 дугаар дүгнэлтээс болоод гишүүд болгоомжилж ирсэн юм. Миний хувьд заавал ҮХНӨ хийхгүйгээр сонгуулийн системийг энэ заалтаар сонгох бүрэн боломжтой гэж үздэг. Гэхдээ улс төрийн намууд, иргэд олон нийтийн харилцан зөвшилцлийн үр дүнд ҮХНӨ хийгээд сонгуулийн системээ өөрчилье гэвэл тэр саналыг нь хүлээж авахад буруудахгүй.
-Ер нь ойр ойрхон ҮХНӨ хийгээд байж болох уу, үр дагавар нь юу байх вэ?
-Үндсэн хууль бол нийгэм, улс төрийн харилцааны суурь хууль учраас ойр ойрхон үндэсний зөвшилцөл хийхгүйгээр нэмэлт, өөрчлөлт оруулах нь буруу. 2019 онд ҮХНӨ хийхдээ судлаачид, улс төрийн намууд, улс төрчид бүгд 1992 оны Үндсэн хуулиас хойш 30 жил өнгөрч, нийгэм, улс төрийн олон өөрчлөлт шинэчлэлт гарсан учраас Үндсэн хуулиа өөрчлөхөөс өөр аргагүй болсон гэдэгт санал нэгдэж байсан юм. Мөн гүйцэтгэх засаглал тогтворгүй, Засгийн газрын дундаж нас 1.6 жил байгаа нь улс орны амьдралд ихээхэн сөрөг нөлөөтэй байна гэдэг үндэслэл иргэдэд хамгийн их ойр байж, Үндсэн хуулийг өөрчлөн энэ байдлыг арилгах ёстой гэдгийг зайлшгүй үндэслэх гол нотолгоо болж байсан юм.
Тэгвэл ҮХНӨ хийснээс хойш хоёр, гуравхан жилийн дараа дахин өөрчлөлт оруулахад хүрвэл чухам ямар үндэслэлүүд байна, эдгээр өөрчлөлтийг хийхгүй бол ямар сөрөг үр дагаварт хүрэх, өөрчлөлт хийснээр Монголын ардчилал, парламентын засаглалыг бэхжүүлэхэд ямар эерэг үр нөлөө авчрах вэ гэдэг тухайд итгэл үнэмшил бүхий, үндэслэл нотолгоотой дүгнэлтүүдийг манай Ажлын хэсэг гаргах үүрэг хүлээж байна. 2019 онд ҮХНӨ хийх үеэр зайлшгүй хийх ёстой байсан зарчмын зарим саналууд дэмжигдээгүй. Тухайн үеийн олонхын болон цөөнхийн бүлэг дээр хэдхэн гишүүний санал дутаж унасан заалтууд бий.
-Тухайлбал?
-Тухайлбал, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх, сонгуулийн холимог тогтолцоонд шилжих, Ерөнхийлөгчийг парламентаас сонгох зэрэг сонгодог парламентыг төлөвшүүлэхэд эергээр нөлөөлөх саналууд унаж байсан. Сонгодог парламентын засаглалыг бэхжүүлэхийн тулд УИХ-ын гишүүдийн тоог нэмж, Ерөнхийлөгчийг парламентаас сонгодог болох нь онолын хувьд зөв ч иргэд олон нийтийн санаа бодол, нөхцөл байдлыг харгалзан үзэж шийдвэр гаргах ёстой.
-ҮХНӨ хийх нэрийдлээр “давхар дээл”-ийн тоог нэмэх гэж байна гэсэн хардлага байна?
-Ер нь бол сонгодог парламентын засаглалын үед Засгийн газрын гишүүн ямагт парламентын гишүүн байдаг. Яагаад гэвэл Засгийн газрын гишүүн болохын тулд хоёр давхар шалгуурыг давж орно гэсэн үг. Эхний шалгуурт парламентын сонгуульд сонгогчдынхоо итгэлийг хүлээж орж ирнэ. Улмаар парламентын гишүүдээс дахин төрийн ажлын туршлага, мэдлэг, чадвараараа шигшигдэж Засгийн газрын гишүүн болно. Тэгэхээр Засгийн газар өндөр шалгуураар бүрэлдэнэ гэсэн үг. Энэ утгаараа Вестминстерийн систем бүхий бүх улс орнуудад Засгийн газрын гишүүн ямагт давхар дээлтэй байдаг. Австрали, Шинэ Зеланд зэрэг улсад “Засгийн газрын гишүүн заавал парламентын гишүүн байна” гэдгийг Үндсэн хуульдаа заасан байдаг.
Монгол Улсын хувьд парламентын гишүүн нь Засгийн газрын гишүүн байх эсэх асуудлыг 2000 оноос хойш манай улс төр судлал, үндсэн хуулийн эрх зүйн эрдэмтэд олонтаа судалж, нотлох болон няцаах үндэслэлүүдийг шинжилсэн. Үүний үр дүнд 2019 онд батлагдсан ҮХНӨ-ийн заалтыг дундын хувилбар болгон судлаачдын түвшинд тохирсон байсан. Өөрөөр хэлбэл засгийн газрын гишүүн парламентын гишүүн байх нь зөв гэж судлаачид үздэг.
-Ярилцсанд баярлалаа.