Г.Дамдинням: Дарханд улсын төсвийн хөрөнгө оруулалтаар томоохон бүтээн байгуулалтууд өрнөж байна
УИХ-ын гишүүн, БСШУС-ын Байнгын хорооны дарга Г.Дамдинням тойрогтоо ажиллах үедээ улсын төсвийн санхүүжилтээр Дархан-Уул аймагт хийгдэж буй боловсрол, соёл, спортын салбарын бүтээн байгуулалтын ажлуудтай биечлэн танилцлаа.
Тодруулбал, “Миний монгол” цэцэрлэгт хүрээлэнд баригдаж буй “Музей, номын сангийн цогцолбор”, Дархан сумын 12-р багт орших 980 хүүхдийн багтаамжтай ЕБС болон 4-р сургуулийн өргөтгөл, Хуучин Дархан дахь Спортын ордон, Шарын гол сумын төвийн авто зам зэрэг төслүүдийн талбай дээр ажиллажээ.
Спортын ордны барилгыг энэ оны 7-р сард багтаан хүлээлгэж өгөхөөр ажиллаж байгаа бол Музей номын сангийн цогцолбор болон дунд сургуулийн барилгуудыг ирэх онд буюу 2023 онд бүрэн ашиглалтад оруулахаар төлөвлөж байгаа аж. Бүтээн байгуулалтуудын ажил хэдийгээр хил гаалийн хорио дэглэм, бараа материалын хомсдолоос үүдэн тодорхой хугацаагаар саатсан ч гэрээний дагуу товлосон хугацаандаа ашиглалтад өгөхөөр бүхий л боломж бололцоогоо дайчлан ажиллаж байгаа талаар гүйцэтгэгч компанийн төлөөллүүд онцолж байсан.
УИХ-ын гишүүн Г.Дамдиннямын хувьд 2021 оноос эхлэн УИХ-аас байгуулагдсан Дарханы замын ажилд хяналт тавих, тодорхой асуудлаар чиг үүрэг өгөх Ажлын хэсгээр ахлагчаар томилогдон ажиллаж байгаа. Тиймээс Дарханы замын ажлын явцтай танилцахаар санхүүжүүлэгч АХБ-ны төлөөлөл болон Хяналтын ерөнхий инженерийн хамт газар дээр нь очлоо.
Тэрбээр Дарханы замын ажил бүхэлдээ тэр тусмаа АХБ-ны 2,4-р багцын ажлын гүйцэтгэгч нар солигдож, ажил нь өнөөдрийг хүртэл ахихгүй байгаа нь салбарын яамны менежмент тааруу байгаатай холбоотой хэмээн үзэж байгаагаа илэрхийллээ. Мөн урин дулаан цаг ирж замын ачаалал, хөдөлгөөн ихсэж байгаатай холбогдуулан иргэдийг түр замаар зорчиход нь хөдөлгөөний аюулгүй байдал, стандартыг хангаж, тэмдэг тэмдэглэгээг бүрэн хийж, зорчигчдыг эрүүл мэнд амь нас, эд хөрөнгөөр нь хохироохгүй байхыг ажил хариуцаж байгаа хүмүүсээс хүссэн юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn