Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцав
2022.05.12

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах ажлын хэсэг холбогдох аж ахуйн нэгж, байгууллагын үйл ажиллагаатай танилцав

Монгол Улсын Их Хурлаас Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийг анх 2012 онд баталж, 2019 онд нэмэлт, өөрчлөлт оруулсан. Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийн талаар хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий ажлын хэсэг өнгөрсөн сард байгуулагдсан. Уг ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Б.Саранчимэг ахалж, гишүүнээр Улсын Их Хурлын гишүүн Н.Наранбаатар, Ц.Туваан, Т.Энхтүвшин нар ажиллаж байна.

Ажлын хэсгийн гишүүд болон дэд ажлын хэсгийн ахлагч нар өнөөдөр (2022.05.11) Баянзүрх дүүрэгт ажиллаж, “М Си Эс Кока Кола” ХХК болон “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн удирдлагуудтай уулзлаа.

“М Си Эс Кока Кола” компани нь үйлдвэрийнхээ хаягдал усыг цэвэрлэх байгууламжийг 2010 онд ашиглалтад оруулж, цэвэршүүлсэн усаар ногоон байгууламж услах, гал түймэр унтраах, мөн автомашин угаалгын газар, бетон зуурмагийн үйлдвэр болон хог хаягдал дахин боловсруулах үйлдвэрт ашиглаж байна.

Хаягдал усыг цэвэрлэх байгууламж нь хоногт 2.000 тн, жилд 150.000-200.000 тн ус цэвэршүүлж буй боловч, дөнгөж 5-6 хувийг нь ашиглаж, үлдсэн усаа төв цэвэрлэх байгууламж руу нийлүүлдэг тул бусад аж ахуйн нэгж, байгууллагыг тус компанийн цэвэршүүлсэн усны хэрэглэгч болохыг уриалж байв. Цэвэршүүлсэн энэхүү ус нь үнэ төлбөргүй гэж албаны хүмүүс танилцуулав.

Ажлын хэсгийн гишүүд үргэлжлүүлэн “М Си Эс Кока Кола” компанийн цэвэршүүлсэн усыг ашиглах боломжтой эсэх талаар санал солилцох зорилгоор “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн үйл ажиллагаатай танилцлаа. “Амгалан дулааны станц” ТӨХК нь “М Си Эс Кока Кола” компаниас тун холгүй оршдог.

Тус дулааны станц нь Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэр дэх Улиастайн ай сав газарт 6 худаг гаргаж, гүний ус ашиглан дүүргийнхээ 60 мянган айл өрхийг дулаанаар хангадаг. Өвлийн оргил ачааллын үед цагт 40.000-50.000 тонн ус хэрэглэдэг гэж “Амгалан дулааны станц” ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Ш.Баянмөнх танилцуулав. Мөн Улиастай орчмын ай сав газрын усны халиа, цэвэршүүлсэн усыг ашиглах тухай Дэлхийн банкнаас гаргасан судалгааг танилцуулж байв.

Ус бохирдуулсны төлбөрийн тухай хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор УИХ-аас байгуулсан ажлын хэсэг бусад үйлдвэр, аж ахуйн нэгжид биеэр очиж танилцах, тулгамдсан асуудлыг сонсохоос гадна цэвэршүүлсэн усыг ашиглахад аж ахуйн нэгж, иргэдийг уриалах, мөн хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулна гэж Улсын Их Хурлын гишүүн, ажлын хэсгийн ахлагч Б.Саранчимэг уулзалтын төгсгөлд танилцуулав

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn