Бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагдсан иргэдэд тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ
2022.05.11

Бичил, жижиг дунд үйлдвэр эрхлэгчдийг дэмжих төсөлд хамрагдсан иргэдэд тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ

Нийслэлийн Засаг даргын Тамгын газар, Азийн хөгжлийн банк, Европын хөрөнгө оруулалтын банктай хамтран хэрэгжүүлж буй “Улаанбаатар хотын гэр хорооллыг хөгжүүлэх хөрөнгө оруулалтыг дэмжих хөтөлбөр”-ийн хүрээнд хийгдэж буй “Covid-19 цар тахлын үед Улаанбаатар хотын гэр хорооллын БЖДҮ эрхлэгчдийг дэмжих” төсөлд хамрагдсан иргэдэд тоног, төхөөрөмжийн дэмжлэг үзүүллээ.

Бичил, жижиг дунд бизнес эрхлэгчдийн үйл ажиллагааг дэмжих энэхүү төсөлд 2021 есдүгээр сараас энэ оны нэгдүгээр сар хүртэл оролцож, сургалтад хамрагдан судалгааны шатыг амжилттай дуусгасан 28 иргэнд тоног төхөөрөмж гардуулан өгөв.

Тодруулбал, гар урлаач, оёдлын бизнес эрхлэгчдийн анхан болон дунд шатны гол хэрэглүүр болох Баганан тулгуурт оёдлын машин, Шулуун оёдлын машин, Хэрээсний машин, Эсгүүрийн машин, Канза оёдлын машин, Далд оёдлын машин, Уурын индүү, Товчны нүх гаргадаг машин, Арьсны зах нимгэлгээний машин зэрэг төхөөрөмжүүдийг гардуулан өгсөн юм.

Энэхүү буцалтгүй тусламж нь гар урлал, арьсан эдлэлээр бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэгчдэд томоохон дэмжлэг болж, үйл ажиллагаагаа өргөжүүлэх, бүтээгдэхүүний чанарыг сайжруулах, борлуулалтын тоо хэмжээ өсөхөд үнэтэй хувь нэмэр болно гэдэгт итгэлтэй байна.

Мөн төслийн үр дүнд Баянхошуу дэд төвийг түшиглэн оёдлын сургалтад хамрагдсан иргэд маань хамтран 10 гишүүнтэй “Арвинбаян шигтгэмэл” хоршоог байгуулжээ. Тиймээс тус хоршооны үйл ажиллагааг дэмжин Товчны нүх гаргадаг машин, Хатгамлын машин, Хэрэглээний суурь компьютер зэргийг гардууллаа. 

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn