“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжив
2022.05.11

“Хянан шалгах түр хороо байгуулах тухай” тогтоолын төслийг дэмжив

Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал нарын 22 гишүүн 2022 оны 5 дугаар сарын 03-ны өдөр өргөн мэдүүлсэн “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөлийг хэлэлцэв.

Тогтоолын төслийн талаар төсөл санаачлагч, Улсын Их Хурлын гишүүн Н.Учрал танилцууллаа. Тэрбээр, Төрөөс эмийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтэд гүйцэтгэлийн аудит хийхэд 44 аж ахуйн нэгж эм, эмнэлгийн хэрэгсэл үйлдвэрлэх 63 тусгай зөвшөөрөл эзэмшиж буйгаас 84.1 хувь нь эм үйлдвэрлэлийн зохистой дадал GMP-ын шаардлагыг хангаагүй тул стандартын шаардлага хангаагүй эм үйлдвэрлэх эрсдэлтэй, дотоодод үйлдвэрлэж буй эмийн 18.6 хувь, импортын эмийн 6.1 хувь нь стандартын шаардлага хангаагүй тул Эрүүл мэндийн даатгалын сангаас хөнгөлөлттэйгөөр олгож буй эмийн 10 хувь нь чанаргүй байх эрсдэлтэй гэж тус тус дүгнэсэн талаар болон зах зээлд байгаа эмийн 14 хувь нь стандартын бус, 19 хувийг бүртгэлгүй эм эзэлж байгааг хэллээ.

Мөн дотоодын зах зээлийн эм нь өндөр хөгжилтэй орны зах зээлд байгаа эмтэй орц, найрлагын хувьд ижил боловч үйлчлэлийн хувьд харилцан адилгүй нөлөөлөлтэй нь эмийн чанар, аюулгүй байдалд тавигдах хяналт шалгалтын үр нөлөө бага, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн стандартыг мөрдөхгүй байгаатай холбоотой гэж үзэх үндэслэл болж байна гэв. Иймд Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1 дэх хэсэг, Монгол Улсын Их Хурлын хяналт шалгалтын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасныг үндэслэн эмийн хяналтын тогтолцоо, шалгалтын үр нөлөөний асуудлаар шалгалт хийн дүнг нэгдсэн чуулганд танилцуулах, шаардлагатай бол санал боловсруулах үүрэг бүхий Хянан шалгах түр хороог байгуулах тогтоолын төслийг боловсрууллаа гэдгийг тэрбээр танилцуулав.

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ж.Чинбүрэн, П.Анужин, Ц.Туваан, Б.Саранчимэг, М.Оюунчимэг асуулт асууж, хариулт авахын зэрэгцээ санал хэлж, байр сууриа илэрхийлсэн. Гишүүд хэлсэн үгэндээ Түр хороо байгуулахыг дэмжиж буйгаа илэрхийлэв. Мөн дотоодын зах зээл дээрх эм хэт өндөр үнэтэй, эмчилгээний үр дүн муутай байдаг талаар болон олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн эмийг Монголд бүртгээгүй гэдэг шалтгаанаар хувь хүмүүс хэрэгцээндээ оруулж ирдгийг хориглож буйг болиулах зэрэг асуудлаар саналаа хэллээ.

Үргэлжлүүлэн Байнгын хорооны дарга М.Оюунчимэг “Хянан шалгах түр хороо байгуулах тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг танилцуулав. Ингээд тогтоолын төслийг батлуулахыг дэмжье гэсэн горимоор санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн 73 хувийн саналаар дэмжигдлээ. Ингээд уг асуудлыг байнгын хороогоор хэлэлцсэн талаарх санал, дүгнэлтийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтлоо.

Сэтгүүлч

Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn