Ц.Идэрбат: Сайн ахаар татуулаад, хөрөнгө мөнгө цацсан түүхгүй
2022.05.09

Ц.Идэрбат: Сайн ахаар татуулаад, хөрөнгө мөнгө цацсан түүхгүй

УИХ-ын гишүүн Ц.Идэрбаттай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-ЗӨРЧЛИЙН ХУУЛИЙН НЭМЭЛТ ӨӨРЧЛӨЛТӨӨР ДАВХАРДУУЛЖ ШИЙТГЭДЭГ БАЙДЛЫГ БОЛИУЛАХ ШААРДЛАГА БИЙ-

-Таны хувьд УИХ-ын гишүүн болоод бүрэн эрхээ хэрэгжүүлээд нэг их удаагүй байна. Хаврын чуулган завсарлаад намрын чуулган эхэлчихсэн явна. Ороод хэр ажлууд амжуулав?

-2021 оны аравдугаар сард УИХ-ын нөхөн сонгууль зохион байгуулж, аравдугаар сарын 21-нд Э.Батшугар гишүүн бид хоёрын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн. Тэр цагаас хойш УИХ-ын үйл ажиллагаанд оролцож байгаа. Сонгогч олныхоо гаргаж буй саналыг үндэслээд өөрсдийн санал бодлыг илэрхийлээд УИХ-ын үйл ажиллагаанд оролцоод явж байна.

-Тантай хамт сонгогдож орж ирсэн Э.Батшугар гишүүн өөрийн хүссэн Эдийн засгийн байнгын хороонд орж чадаагүй гэж байсан. Таны хувьд хүссэн байнгын хорооддоо орж чадав уу. Орж чадаагүйн улмаас үгээ хэлэх, ажил хийхэд хүндрэлүүд гарч байна уу?

-Нийгмийн бодлогын байнгын хороо, Цахим бодлого инновацийн байнгын хороодод хуваарилагдсан.

-Залуу хүний хувьд ямар хуулиуд руу анхаарч, барьж авч, ялангуяа орон нутгийн иргэдийн амьдралд хэрэгцээтэй ямар хуулийн реформууд хийхийг зорьж байна?

-Миний хувьд орон нутгаас сонгогдсон төлөөлөгч. Сумын Засаг даргын орлогч, сум, аймгийн засаг даргаар буюу төр засгийн анхан шатны байгууллагуудад олон түмний итгэл, үүрэг хариуцлага хүлээн ажиллаж байсан. Хуулиуд амьдрал дээр хэрэгждэг, хөрсөн дээрээ буудаг байх ёстой. Анхан шатанд ажиллаж байхад зарим хуулиудыг хэрэгжүүлэх тал дээр төвөгтэй байдал үүсдэг. Тиймээс хууль тогтоомжууд амьдрал дээр л хэрэгждэг байгаасай гэж боддог. Энэ үүднээс шинээр хэлэлцэж буй хуулиудад санал бодлоо тусгахыг зорьж байна.

-Та сая анхан шатанд удирдлагын алба хашиж байхад амьдрал дээр хэрэгжихгүй, бодит байдалтай зөрчилдөх хуулиуд байдаг тухай хэллээ. УИХ-д орж ирээд барьж авч засах боломжууд хэр олдож байна вэ?

-Бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн аравдугаар сараас хойш хоёр ч хуулийн төсөл дээр оролцож ажиллаж байна. Нэг нь хэл ам ихээр дагуулдаг “Зөрчлийн хууль”. Нөгөөх нь “Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль”.

УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр орон нутгаар нэлээдгүй явж ажилласан. Тэр үед Зөрчлийн хуулийн асуудал нэлээдгүй яригддаг. Тодруулбал, энэ хуулиар зөрчлүүдийг давхардуулж байна гэдэг гомдлыг маш их хэлж байсан л даа. Торгохоос гадна эрх болон оноог нь хасч байна. Түүнчлэн “шууд л торгодог нь хэцүү байна” гэх зүйлийг ярьдаг. Зөрчлийн хуулийн 90 гаруй хувийн торгууль нь тээврийн хэрэгсэлд оногддог. Тэдгээр торгуулиудын төлөлт нь 45 хувьтай байдаг юм билээ. Нөгөө талаар авто тээврийн ослын улмаас жилд 400 хүн амиа алдаж, 3000 хүн бэртэж байна. Энэ өөрөө нэлээдгүй асуудлуудыг дагуулж байна. Ялангуяа хүний амь настай холбоотой асуудалд хариуцлагын тогтолцоо илүү яригдмаар байгаа юм. Гэхдээ давхардуулж шийтгэдэг байдлыг болиулах гэх зэргээр нарийн ярих шаардлагатай.

-ТӨСВИЙН ТОДОТГОЛ ДЭЭР “МАНАЙ ТОЙРГООС ЮУ ХАСАГДАВ, ЯАВ” ГЭЭД БАЙХ НЬ ЗОХИМЖГҮЙ-


-Орон нутгаас сонгогдсон гишүүний хувьд нийслэлийн түгжрэл, түүнийг шийдэхээр яригдаж буй LRT хөнгөн галт тэрэгний тухайд ямар байр суурьтай байна вэ?

-Хот хөдөөгөөрөө хуваагдсан асуудал байхгүй. Улаанбаатарын түгжрэл цаг заваас эхлээд хамаг зүйлийг үрж байна. Тэгэхээр Засгийн газраас дорвитой шийдвэрлэе, бууруулъя гэж зорьж байна. Яалт ч үгүй цогцоор нь шийдвэрлэх шаардлага байгаа. Сургуулиуд, их дээд сургуулиудыг нүүлгэн шилжүүлэх, захуудыг хотоос гаргах, жилд 60-70 мянгаар нэмэгдэж буй автомашины зэрэг маш олон асуудлуудыг шийдвэрлэх шаардлага бий. Иймд эхний ээлжид яалт ч үгүй LRT буюу хөнгөн галт тэргийг оруулж ирэх зайлшгүй шаардлагатай. Хамгийн гол нь зээлээр үү, үгүй юу гэдэгт л асуудал байгаа. Түүнээс биш хот хөдөөгөөрөө хуваагдсан зүйл байхгүй.

-Төсвийн тодотголоо батлаад удаагүй байна. УИХ-ын гишүүд янз бүрийн л байр суурь илэрхийлцгээсэн. Таны хувьд тодотгол дээр хэр сэтгэл хангалуун байна вэ?

-Энэ удаагийн төсвийн тодотгол нэлээдгүй онцлогтой. Монгол Улсын хэмжээнд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтын ажлуудыг царцааж хэмнэе. Иргэдийн эсэргүүцэж буй зүйл нь төрийн данхар бүтэц, дарга нарын машин унаа. Тиймээс энэ удаагийн тодотголын хүрээнд “төрийн хэмнэлтийн хууль”-ийг анх удаа оруулж ирснээрээ онцлогтой. Арав, хорин жил яригдаад анх удаа батлагдаж байгаа нь энэ юм. Маш их ярьдаг ч анх удаа зориглож хийж чадсан. Агуулгын хувьд их том зүйл хийлээ л гэж харж байна.

-Төсвийн тодотголын хүрээнд танай тойрог буюу Хэнтий аймгийн хэр их төсөв хасагдаж, танагдав?

-Намын бүлэг дээр энэ асуудал яригдаж байсан. Нэгэнт төсвийн тодотгол оруулж ирж ярьж, түүнтэйгээ уялдуулан хэмнэлтийн хууль ярьж байгаа тохиолдолд хувьд гишүүний хувьд “манай тойргоос юу хасагдав, яав ийв” гэсэнгүй. “Миний юм” гээд яваад байх нь зохимжгүй. Улсын төсөв ярьж байхад дэндүү жижигхэн асуудал шүү дээ. Мөн зарчим бий. Тавдугаар сарын 01 нь гэхэд гэрээгээ байгуулаагүй ажлууд цуцлагдана, боловсролын байгууллагын хөрөнгө оруулалтууд хэвээрээ үргэлжилсэн гэхчлэн зүйлүүдийн хүрээнд шийдэгдсэн. Мэдээж хасагдсан төсвүүд бий гэвэл бий.

-“АНДЛАЛЫН ӨРГӨӨ”-НИЙ ГҮЙЦЭТГЭГЧ АСУУДАЛТАЙ БАЙСАН НЬ ҮНЭН-


-Шуудхан хэлэхэд танай аймаг, сумдууд улсын төсвөөс өндөр хөрөнгө оруулалт санхүүжилт авдаг. Сумдууд нь аймагтайгаа хар замтайгаа холбогдоод эхэлчихсэн байх жишээтэй. Аялал жуулчлал хөгжүүлэлт нэрийдлээр төсвийн мөнгийг хамдаг гэдгийг хүлээн зөвшөөрөх үү. Энэ нь хэр шударга юм бэ?

-Давуу эрх байхгүй. Монгол Улс уул уурхай, хөдөө аж ахуй гэсэн хоёр чиглэлээр хөгжиж байна. Дээр нь аялал жуулчлал гэсэн эдийн засгийн тулгууртай болох зорилгыг Засгийн газраас тавьсан. Үүн дээр тулгуурлан дэлхийн Хэнтий аймагт Монголчуудын мэддэг эзэнт гүрэн, Чингис хаан гэх мэтчилэн түүхэн өгөгдлүүдээ ашиглан хөгжүүлэх бодлого юм.

Бодлогыг хэрэгжүүлэх явц гэж ойлгож болно. Түүхэн аялал жуулчлалын салбар луу оруулж буй авто зам. Түүнээс биш нэг сум аймагтайгаа авто замаар холбогдож буй асуудал биш. Нөгөө талд хүмүүс амьдарч буй учир сургууль соёлын барилгын хөрөнгө оруулалт хийгдэж л таараа. Энэ бүхэн нийлэхээрээ өндөр төсөвтэй юм шиг харагдаад байгаа юм. Салгаж харвал бусад аймгийн жишигтэй л адил.

-Ерөнхийдөө аялал жуулчлал гэх халхавч дор сум бүрд нэг том бүтээн байгуулалт хийж, тэр нь төсвийн мөнгийг хэт их үрээд байгаад л асуудал байгаа юм л даа?

-Сум бүрд аялал жуулчлалтай холбоотой бүтээн байгуулалт хийгдээгүй л дээ. Монголын нууц товчоонд гардаг түүхэн хэдхэн газруудад л баригдаж байгаа юм. Ганцхан жишээ хэлье. 1990-ээд онд Японы жуулчдыг баруун тийшээ шороон замаар 400км авч давхисан байгаа юм. Очоод хүн чулуу үзүүлэхэд уйлсан гэдэг. “Та нар үүнийг үзүүлэхийн төлөө намайг УАЗ-469 машинд суулгаад ирсэн гэж үү” гэсэн байдаг. Өнөөдөр жуулчид эзэн Чингисийн нутагт ирлээ гэхэд бидэнд үзүүлэх юу байна вэ. 1960-аад оны хөшөөнөөс өөр зүйл байхгүй. Түүхийг нь үзүүлж, уншуулаад, тайлбарлаад “Бид ийм түүхэн дурсгалт газарт нь ийм бүтээн байгуулалт хийсэн” гэж хэлэхэд нүүр бардам. 400 км давхидаг шиг байдал үүсэхгүй.

Жуулчид ганцхан Хэнтийд ирэхгүй шүү дээ. Улаанбаатарт буугаад замдаа хоёр гурван аймгаар дайрч сонирхол татах газруудыг харна. Үүний үр ашгийг ганцхан Хэнтийчүүд хүртээд байх юм биш. Та түрүүн халхавч гэж хэлж байна. Энэ чинь халхавч биш байхгүй юу. Монголын нууц товчоог уншаад үзвэл Чингис хааныг хаан ширээнд залсан, Их хуралдайгаа хийсэн газрууд нь байж байна. Дэлхий үүнийг сонирхож байна шүү дээ. Үүнд л зориулаад барьж байгаа юм. Ганц Хэнтий рүү гэдэг зүйл ярьж болохгүй. Хөвсгөлд ч гэсэн аялал жуулчлалд зориулсан зам харгуй бариад эхэлчихсэн байгаа шүү дээ.

-Аялал жуулчлалд зориулаад томоохон бүтээн байгуулалт хийхийг буруутгах гэсэнгүй. Харин гүйцэтгэл сэлтээс нь алдаа гарч төсвийн мөнгө салхинд хийссэн жишээ “Андлалын өргөө”-гөөр илэрсэн шүү дээ?

-Таны зөв. Төрийн мөнгө гэж байхгүй. Татвар төлөгчдийн мөнгө. Татвар төлөгчдийн мөнгийг бид зөв зүйтэй зарцуулах хэрэгтэй. Тухайн хөрөнгө оруулалтын хувьд анхнаасаа хэл амтай эхэлчихсэн. Барилга баригдаж байх явцад очиж зураг хөргийг нь авах, дрондох гэхчлэн гаргаж байсан. Ид баригдаж буй барилгын талбай мэдээж ямар л өөдтэй байсан байхав.

Талд баригдаж буй барилга өндөрсөх тусам жижигхэн л харагдана шүү дээ. Мөн хийж байсан хүн нас барснаар олон ажлууд нь гацсан. Гүйцэтгэгчийн хувьд ч асуудалтай байсан нь үнэн. Монголд уран барилга хөгжөөгүй. “Андлалын өргөө”-ний хувьд уран барилга тул хийцийн хувьд нарийн төвөгтэй байсан. Энэ утгаараа иргэний барилга буюу сургууль, цэцэрлэгийн барилгаас тэс өөр өртөг өндөртэй байсан. Тэгэхээр цаашид бодох л асуудал.

-Танай аймгийн Бэрх суманд олон улсын хөтөлбөртэй сургууль нээгдэж байгаа нь бас л олон нийтийн талцал маргааны байх болоод байна. Бас нөгөө давуу эрх гэдэгтэй холбоотойгоор гэх үү дээ?

-Хэнтий аймгийн Бэрх гэхээр л талцаад байгаа байх. Нэг ч гэсэн газар олон улсын буюу Кембриджийн боловсролтой сургууль нээгдэж байгаа нь сайн хэрэг шүү дээ. Энэ талаас нь харах хэрэгтэй.

-ЕРӨНХИЙЛӨГЧ, ЕРӨНХИЙ САЙДААС ЭХЛЭЭД ХЭНТИЙНХ УЧРААС НАМАЙГ ТАТУУЛЛАА ГЭЖ ХАРДАХ НЬ ЗҮЙ ЁСНЫХ БАЙХ-


-Тойрогтоо хэр ойр ойрхон очиж байна. Бас юу хийхийг зорьж байна вэ?

-Тойрог руугаа байнга л явж байна. Явах яах вэ. Хэр үр бүтээлтэй байна вэ гэдэг чухал. Сая чуулганы завсарлагаанаар Хэнтий аймгийн арван сумын дөчин багаар явж 4000 гаруй иргэдтэй уулзсан. УИХ-аар баталж буй хууль тогтоомжууд, хэрэгжүүлж буй арга хэмжээнүүдийг тайлбарлаж, санал бодлыг нь сонсож байна. Зүгээр сонсоод өнгөрөх биш УИХ-ын чуулганы танхимд ярьж хэлж, холбогдох хууль тогтоомжуудад шингээж өгөхийн төлөө л ажиллаж байна. Энэ бол УИХ-ын гишүүний үүрэг. Эхнээс нь Зөрчлийн тухай хууль, Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Ахмад настны хуульд үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлээд явж байна. Хэнтий аймгаас сонгогдсон гишүүд нэг ажлын албатай, эргэх холбоо ажиллуулж байгаа. Сонгогчид, ард иргэдтэйгээ байнга л эргэх холбоотой ажилладаг аа гэсэн үг.

-Таныг нэр дэвшихэд, УИХ-ын гишүүн болоод сонгогдоод ороод ирэхэд Л.Оюун-Эрдэнэ тэргүүтэй ах нарынхаа татаасаар ороод ирсэн гэдэг хэл ам дагаж байсан удаа бий?

-Тийм шүүмжлэл явсан юм уу, надад бол мэдэгдээгүй. Өөрийгөө товч танилцуулах хэрэгтэй болов уу. Одоо би 41 настай. УИХ-ын гишүүнээр сонгогдотлоо Хэнтийд амьдарсан. Эхнэр бид хоёр оюутны ширээнээс гараад л аймагтаа амьдрах хүсэл мөрөөдөлтэй залуус очиж байлаа. Очоод аймгийн намын хороонд гурав, дөрвөн сараар цалингүй дагалдаж байж улс төрийн намын байгууллагад ажилд орж байсан. Тухайн үед карьер хөөх тухай огт төсөөлөөгүй. 22-той залуу “ажлын байр хаана байна” гэх бодлоор очиж байв.

Тэр цагаас хойш аймгийн ИТХ-д дөрвөн удаа сонгогдсон. 2008 онд 27 настай залуу байхдаа төрийн ажилд орж байлаа. Өндөрхаан хотын одоогийн Чингис хотын Засаг даргын орлогчоор ажиллаж эхэлсэн. Дараа нь Чингис хотын захирагчаас ажилласан. Аймгийн намын хорооны дэд дарга гэхчлэн албуудыг хашиж ирсэн намтар түүхтэй. Улс төрд 20 гаруй жил зүтгэсэн.

-Судалгаагаар таны рейтинг өндөр гарч, сонгуульд намаа толгойлж орох үүрэг хүлээж байв уу?

-“2020 оны орон нутгийн сонгуульд МАН ялах ёстой, аймагтаа намыг хэн толгойлж орох вэ” гэдэг судалгаа явсан. Тухайн үед Н.Ганбямба дарга өргөдлөө өгчихсөн байсан. Оронд нь хэн удирдах вэ гэдэг л асуудал яригдсан. Ингээд 2020 оны УИХ-ын сонгуульд манай аймгаас одоогийн Ерөнхийлөгч У.Хүрэлсүх нэр дэвшиж сонгогдсон. 2021 онд Ерөнхийлөгчид нэр дэвшиж сонгогдсон. Нөхөн сонгуулийн асуудал яригдахад олон хүн нэр дэвших бодолтой байсан. Намын удирдах зөвлөлөөс энэ сонгуульд ялах ёстой гэдэг ганцхан бодлого баримталж байсан юм билээ.

Ялахын тулд нэр дэвшигч нь хэн байх вэ гэдгийг дарга нар шийдэхгүй, судалгааны дүн шийднэ гэдэг бодлого. Тухайн үед надад судалгаанд нэр чинь орж байгаа гэдэг мэдээллийг өгсөн. Судалгааны дүнгээр нэлээн өндөр дүнтэй гарч ирсэн. Ингээд сонгуульд оролцох болж, сонгогдоод гарч ирсэн. Түүнээс биш хэн нэгэн хүн дэмжээд татаад байсан юм байхгүй. Сайн судлаад үзвэл сайн ахаар татуулаад, хөрөнгө мөнгө цацаад явсан түүх байхгүй. Эгэл жирийн л айлын хүүхэд байж байгаад улс төрийн амьдралд орж ирсэн.

-Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, ХЗДХ-ийн сайдаас эхлээд бүгд Хэнтийнх учраас таныг татаасны хүн гэж хардах нь аргагүй биз?

-Хэнтийнхэн маань л намайг танихаас биш улс даяар сайн мэдэхгүй шүү дээ. “Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаас эхлээд Хэнтийнх учраас намайг татууллаа” гэж хардах нь зүй ёсных байх. Нарийн судлаад үзвэл Ц.Идэрбат Хэнтийд төрж, өсч, төрийн албанд анхан шатнаас нь эхлээд ажилласан жирийн нэг хүн. Хэн нэгнээр татуулж гарч ирсэн асуудал байхгүй.

Мэдээж дэмжсэн үү гэвэл дэмжсэн. Үүнийг үгүйсгэж болохгүй. “Намаа удирдаад сонгуульд ороорой” гэж итгэл хүлээлгэсэн. Уг нь би чинь нэр дэвшихгүй гэж мэдэгдэж байсан хүн шүү дээ. Нэр дэвших хүсэлтээ илэрхийлээд гүйгээд байсан зүйл байгаагүй. “Аймгийн Засаг даргаар ажиллаад удаагүй байна, хийх ажил их. Үүнийгээ хийнээ” л гэж ярьж байсан удаатай. Гэхдээ улс төрийн шийдвэр гарсан хойно, хувь хүний хүсэл, шийдвэр чухал биш байдаг нь үнэн. “Судалгааны үр дүнд таныг нэр дэвшүүлэхээр болсон” гэхэд “үгүй” гээд суугаад байх нь зохимжгүй асуудал шүү дээ. Олон түмэн минь итгэл хүлээлгэсэн. Үүнийг л дааж явах юмсан даа гэж боддог. Хариуцлагатай байх юмсан. Эсэн бусын юманд орооцолдчихгүй юмсан.

-НАМАЙГ КНОПЧИН БОЛ ГЭЖ СОНГООГҮЙ. ЭЛДЭВ ЗЭЭЛИЙН АСУУДЛААС ХОЛ ЯВАХ ЮМСАН, АХ ДҮҮ АМРАГ САДАНГАА АЛБАН ТУШААЛД ТОМИЛЧИХГҮЙ ЮМСАН-


-Төрийн албанд 20 гаруй жил ажиллалаа гэж та хэлсэн. Таныг гишүүн болоод ороод ирэнгүүт дандаа намын ажил хийсэн гэж шүүмжлэл ч нэлээдгүй дагаж байв. УИХ-ын гишүүн болон орж ирж, чуулганы индэр дээрээс үгээ зоригтой шулуун хэлэхэд шүүмжлэлт хандлагууд өөрчлөгдсөн байх, тийм үү?

-Тангарагаа өргөөд удаагүй байхад “Ц.Идэрээ хамаагүй дуугараад байдаггүй юм шүү, харзнаарай” гэдэг захиасуудыг хэлж байсан. Гэтэл би тангараг өргөсний маргааш нь Монголбанкны Ерөнхийлөгчөөс эхлээд л хөтөлбөрийн асуудлаар уулзсан байдаг юм.

Би түрүүн хэлсэн. Кнопчин болох гэж, ирц бүрдүүлэх гэж ирээгүй. УИХ-аас баталсан хууль тогтоомжууд анхан шатны амьдралд хэр нийцэж байна вэ, хөрсөн дээрээ хэр бууж байна вэ, алдаа оноо байна уу гэдэгт анхаарах ёстой. Энэ үүднээс өөрийн байр сууриа байнга илэрхийлээд л явж байна. Цаашид ч илэрхийлнэ. Болохгүй байна гээд суугаад байх биш хуулийн нэмэлт өөрчлөлтүүдээр засахын төлөө явна.

-Анхан шатны төрийн байгууллагад тулгарч байсан хүндрэл бэрхшээлүүдийн тухай та багагүй ярьж байна.

-Намайг сумын засаг даргаар ажиллаж байхад Хэрлэн сумын тавдугаар багын нэг иргэн ирээд “гахайтай айлыг сумаас гаргаж өгөөч” гээд уйлж байсан. Тухайн иргэн “манай хажуу айл гахайтай. Үнэр танар гэж авах юм байхгүй. Хаяагаа сөхөхөөр гэрээр дүүрэн хамаг юманд шингэчихнэ. Охины минь өлгөөтэй хичээлийн дүрэмт хувцсанд шингэчхээд ангийнхан нь гахай хороонд амьдардаг гээд шоолж уйлуулаад байна” гэж хэлж байсан тохиолдол бий. Гомдлын дагуу сум орон нутагтаа дур мэдээ зохицуулчихъя гэхээр хүний эрхийн асуудал яригддаг. Торгох ч эрх байхгүй.

Зүгээр л очиж загнахаас өөрийг хийж чаддаггүй. Суурьшлын бүсэд гахай байлгах, байлгахгүй тухай тодорхой хууль дүрэм байгаагүй. Энэ бол миний мэдэхийн 30 жил үргэлжилж байгаа хэрүүл. Анхан шатанд иймэрхүү жижигхэн хэрнээ, эмзэг асуудлууд их тохиолддог. Үүнийг УИХ-ын чуулганы индэр дээрээс хэлэхээр нохой, гахай мэтийн жижиг асуудал ярилаа гээд зарим нь шүүмжилж магадгүй. Гэхдээ энэ танхимаас гарсан бүх хууль Монгол Улсын 330 суманд очиж хэрэгжинэ шүү дээ.

-Энэ мэтчилэн асуудлуудаа шийдэгдтэл ярих уу?

-Чадна гэсэн бол чадвал явдаг, чадахгүй бол түүнийгээ эртхэн хэлчихдэг зан бий. Түгээмэл тархацтай ашигт малтмалын хууль, Зөрчлийн хууль, Ахмад настны хууль зэрэгт өөрийн санал бодлоо тусгаж, засч залруулахын төлөө ямар ч байсан явна.

-Анх удаа сонгогдсон гишүүний хувьд ч, залуу хүний хувьд ч хариуцлагатай өндөртэй байхыг эрмэлздэг тань анзаарагдлаа?

-Одоо ч гэсэн Хэнтий аймгийнхныхаа итгэлийг алдахгүй юмсан, энэ том албыг нэр төртэй хаших юмсан, элдэв ЖДҮХС-ийн зээл, Хөгжлийн банкнаас нь хол явах юмсан, ах дүү амраг садангаа дарга цэргээр тавих зүйлүүдээс хол явах юмсан. Гагцхүү УИХ-ын гишүүний үүрэгт ажлыг нэр төртэй хийх юмсан л гэсэн бодолтой байна.

Хуралдаа хоцрохгүй хариуцлагатай гишүүн байх юмсан. Хэнтий аймгийн иргэд намайг “кнопчин”, ирц бүрдүүлдэг хүн байгаарай гэж сонгоогүй. 27 настайгаасаа эхлээд төрийн гал тогоогоор явсан хүний хувьд анхан шатны нэгжид болж бүтэхгүй байгаа зүйлсийн төлөө дуугараарай, хэлээрэй л гэж явуулсан. Хэнтий аймагт амьдарч байсан уугуул иргэн нь гэх үүднээс идэвхтэй сайхан дэмжсэн. Энэ болгоных нь итгэлийг алдаж болохгүй. Хариуцлагатай байхын төлөө маш их хичээж байна даа.

-Цаг зав гарган ярилцсанд баярлалаа.