Ажлын хэсгийн тайланг сонслоо
2022.05.05

Ажлын хэсгийн тайланг сонслоо

Ахмад настны тухай, Нийгмийн халамжийн тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Байнгын хорооны Ажлын хэсгийн явцын тайланг сонссон. Тайлангийн талаар Улсын Их Хурлын гишүүн, Ажлын хэсгийн ахлагч Б.Жаргалмаа танилцуулав.

Тэрбээр, 2021 оны 12 дугаар сарын байдлаар асрамжийн газруудад нийт 400 орчим асруулагч асруулж, энэ салбарт 250 гаруй ажилтан, албан хаагчид ажиллаж байна гээд төрийн болон хувийн ахмад настны асрамжийн газрын үйл ажиллагаатай танилцах хүрээнд Ахмад настны үндэсний төв, Увс аймаг дахь Баруун бүсийн ахмад настны асрамж, үйлчилгээний төв, Ватиканы Католик шашны Төлөөлөгчийн газрын харьяа Эмэгтэйчүүдийн ахмад настны асрамжийн газар, Хөвсгөл аймгийн Ахмад настны асрамж, үйлчилгээний төв, нийслэл хотод үйл ажиллагаа явуулдаг хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн “Батгэрэлт-ирээдүй” төрийн бус байгууллагын асрамжийн газар, Геронтологийн үндэсний төв, ахмад настанд өдрийн үйлчилгээ үзүүлэхээр гэрээ байгуулсан “Наян зургаа дөрвөн зуу” төрийн бус байгууллагын үйл ажиллагаатай газар дээр нь очиж танилцсан талаараа танилцууллаа. Түүнчлэн, аймаг, нийслэлийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газарт ажилласан талаар болон “Ахмад настны нийгмийн халамж, төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх боломж, шийдэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, гарсан үр дүнгийн талаар, мөн Ажлын хэсгээр шийдвэрлэсэн эрүүл мэндийн тусламж үйлчилгээ болон нийгмийн хамгааллын чиглэлийн ажил, шийдвэрлэсэн бусад асуудлын талаар танилцуулсан.

Ажлын хэсгийн танилцуулгатай холбогдуулж Улсын Их Хурлын гишүүн Ц.Идэрбат, М.Оюунчимаг нар асуулт асууж, санал хэллээ. Тус Байнгын хорооны дарга, Улсын Их Хурлын гишүүн М.Оюунчимэг ахмадуудын өмнө тулгамдаж буй асуудал нь мөнгө санхүүтэй холбоотойгоор шийдвэрлэгдэх асуудал байгаа учир 2023 оны төсөвт аль санхүүжилтийг тусгаж шийдвэрлэх боломжтойг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамнаас тодруулж, хариулт авахын зэрэгцээ Ажлын хэсэг хариуцлагатай, сайн ажиллаж буйг тэмдэглэж, Ажлын хэсэг ажилласны дагуу цаашид авах арга хэмжээг шийдвэрлэх чиглэлийг холбогдох албан тушаалтнуудад өгснөөр хуралдаан өндөрлөв