Орон нутагт оны сүүлийн саруудад төрийн албан хаагчдын цалин хөлсийг олгож чадахгүй болжээ
МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбатаар ахлуулсан ажлын хэсэг Хэнтий, Дорнод аймгуудад энэ сарын 04-07-ны өдрүүдэд ажиллаж байгаа билээ. Энэ хүрээнд Хэнтий Аймгийн үйлдвэрчний эвлэлийн холбооны анхан шатны хороодод ажиллалаа.
Энэ үеэр МҮЭ-ийн Холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат, МБШУ-ны ҮЭ-ийн Холбооны дарга З.Цогтгэрэл нар Нэгдүгээр сургуулийн ҮЭ-ийн хорооны гишүүдтэй уулзаж, МҮЭ-ийн холбооноос болон Боловсрол салбарын ҮЭ-ийн холбооноос сүүлийн үед хийж хэрэгжүүлж байгаа ажлын талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөв.
Тухайлбал, ТҮ-1-ээс ТҮ-3-ын цалин урамшуулалд гарсан маргааны шалтгааны нэг нь өнгөрсөн ковидын үед Сангийн яамны цалингийн сан, Боловсролын яамны цалингийн сан, орон тооны мэдээлэл, Төрийн албаны зөвлөлийн хүний нөөцийн мэдээллийн сан хооронд зөрүү гарсан. Үүнээс үүдэлтэй зарим аймаг, сумдад цалингийн сан дутсан нөхцөл байдал үүсээд байсныг МҮЭ-ийн холбоо Боловсролын салбарын ҮЭ-ийн холбооноос Засгийн газобг арга хэмжээ авч ажиллахыг шаардаж хариу шийдвэр гаргуулж, энэ сарын 1-нээс Боловсролын төрийн үйлчилгээний албан хаагчид салбараасаа цалингаа авдаг болж байгаа.
Эрүүл мэнд, Соёлынхон мөн адил салбараасаа цалин хөлсөө авдаг болох тухай шийдвэрийн талаар танилцуулж, ҮЭ-ийн гишүүдэд тулгамдаж байгаа асуудлыг сонсов.
Нэгдүгээр сургуулийн ҮЭ-ийн гишүүдийн зүгээс хэдийгээр 5 дугаар сарын 1-нээс эхлэн залуу багш нарын цалин бодитоор нэмэгдсэн ч Төрийн үйлчилгээний бага дунд таваас дээш шатлалын ажилтнуудын цалин хөлс нэмэгдээгүй. Тогооч нарын илүү цагийг олгодоггүй зэрэг үүсээд буй асуудлыг тавьж байлаа. Харин ЕБС Хэрлэн нэгдүгээр сургуулийн захирал Х.Алтанцэцэг, Ня-Бо Ц.Буянтогтох нартай уулзах үеэр энэ жилийн сүүлийн гурван сарын ажилтнуудын цалинг олгох санхүүгийн эх үүсвэр дутаад байгаа асуудлыг Хэнтий Аймгийн Төрийн санд тавьж өөрсдийн тооцооллоо хүргүүлсэн байгаа гэдгийг хэлж байв.
Хариуд нь МҮЭ-ийн холбооны Ерөнхийлөгч С.Эрдэнэбат ирэх 2024 оны төсвийн саналыг энэ тавдугаар сард багтаан хүргүүлэхгүй бол нэгэнт төсөв батлагдсаны дараа шинээр тусгах боломжгүй болдог. Төрийн өмчит байгууллагууд цалингийн алдагдлын тооцооллыг даруй бүрдүүлж төсвийн тодотголоор оруулахгүй бол ажилтнуудын эрх ашиг зөрчигдөх нөхцөл үүсээд буй талаар онцолж байсан юм.
Мөн энэ үеэр тус ажлын хэсэг Хэнтий аймгийн ҮЭ-ийн холбооны анхан шатны ҮЭ-ийн хороодын дарга, идэвхтэн сонгуультнуудтай уулзаж хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулсан. Түүнчлэн Хэнтий Аймгийн Эрүүл мэндийн нэгдсэн төвийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүдтэй уулзлаа.
МЭМА-ны ҮЭ-ийн холбооны дарга Ч.Нарантуяа хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцууллаа. Ажилтнуудын зүгээс гүйцэтгэлийн санхүүжилт эрүүл мэндийн салбарт маш их хүнд суртлыг дагуулж байгааг дуулгаж, цаг үеэ олоогүй шийдвэр болоод буйг онцолж байв. Гүйцэтгэлийн санхүүжилтээр цалинжуулах нэрийн дор эмч ажилтнуудын хөдөлмөрийг шударгаар үнэлэхгүй байх нөцхөл үүссэн. Эмнэлгийн байгууллага хүний нөөцийн дутагдлаа нөхөлгүй, эмч, сувилагч нарыг ажил хавсран гүйцэтгүүлэх нэрийн дор хөдөлмөрлөх эрхийг нь ноцтой зөрчиж байгаа талаар мөн илүү цагийн мөнгийг дундаж цалин хөлсөөр тооцож олгохгүй байгаа асуудлыг авч хэлэлцэх хэрэгтэй байна.
Сүрьеэ өвчин туссан иргэдийн ихэнх нь НД төлдөггүй учир тэдэнд үзлэг хийж буй эмч ажилтнуудын үзлэгийг гүйцэтгэлд суурилсан цалин хөлсөд тооцохгүй байхаар заасан нь энэ өвчлөлийн хяналтыг сулруулах нөхцөл болж байна зэрэг саналыг хэлж байлаа. Түүнчлэн Хэнтий Аймгийн Нэгдсэн эмнэлэгийн хувьд энэ жилийн 7,8 дугаар сараас эхлэн ажилтнуудынхаа цалин хөлсийг олгох боломжгүй болоод байгаа нь тулгамдаж буй асуудлын нэг хэмээн хэлж байсан юм.Энэ үеэр МЭМА-ны ҮЭХолбооны дарга Ч.Нарантуяа тухай бүрд нь хариулт өгч авч хэрэгжүүлсэн арга хэмжээ хийж хэрэгжүүлж байгаа ажлаа танилцуулж байсан юм.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn