Хороодын нийгмийн ажилтан, албан хаагчид урлагийн сэтгэл заслын хөтөлбөрт хамрагдлаа
Сонгинохайрхан дүүргийн 43 хорооны Хөгжлийн нийгмийн ажилтан, Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй албан хаагчид Монголын Уран Зургийн галерейн “Урлагийн боловсролын VIP эвент” буюу “Арт тераппи – Урлагийн сэтгэл засал”-ын хөтөлбөрт хамрагдлаа.
Тус арга хэмжээг Сонгинохайрхан дүүргийн Засаг дарга Н.Алтаншагайн санаачилгаар Засаг даргын Тамгын газрын Нийгмийн хөгжлийн хэлтэс, Монголын Уран Зургийн галерейн хамт олонтой хамтран зохион байгуулав. “Арт тераппи – Урлагийн сэтгэл засал”-ын хөтөлбөр нь лекц, ярианы аргаас ялгаатай бөгөөд бүтээлч байх хэрэгслүүдийг түлхүү ашиглаж, мэргэжилтнүүдийн сэтгэцийн эрүүл мэндэд анхаарах, ажлын ачаалал, стрессийг бууруулахад чиглэдэг бөгөөд сургалтаас сурсан арга зүйг өөрийн биеэр мэдрэх нь үйлчлүүлэгчидтэйгээ ажиллахад хялбар дөхөм болгодог давуу талтай юм.
“Урлагийн боловсролын VIP эвент” нь “Тайлбартай аялал хөтөлбөр” буюу Монголын Орчин цагийн дүрслэх урлагийн сор бүтээлүүдээр аялуулах, “Шилдэг уран зураач” хөтөлбөр, “Хөгжимтэй зураг” хөтөлбөр, “Шилдэг яруу найрагч” хөтөлбөр, “Арт тераппи – Урлагийн сэтгэл засал”-ын хөтөлбөр, Шилдэг уран зураач, яруу найрагчдад шагнал гардуулах үйл ажиллагаа зэрэг нийт 6 төрлийн хөтөлбөрийн хүрээнд зохион байгуулж “Шилдэг уран зураач” төрөлд:
Дүүргийн 17 дугаар хорооны Нийгмийн ажилтан Г.Ангарагмаа
Шилдэг яруу найрагч төрөлд:
ГБХЗХХ-ийн мэргэжилтэн М.Золжаргал тус,тус шалгарлаа.
Мөн “Covid-19” халдварын улмаас сүүлийн хоёр жил мэдээллээр тасраад байсан хорооны хамтарсан багийн гишүүн Хөгжлийн нийгмийн ажилтнуудад энэхүү сургалтын үйл ажиллагаа томоохон цэнэг, ач холбогдлыг мэдрүүлж чадсан хэмээн гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжил, хамгааллын чиглэлээр ажиллаж буй нийт албан хаагчид мэдээлэл хийлээ.