"Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй зорчуулна"
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.Бат-Эрдэнэ, дэд сайд Г.Түвдэндорж, Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулга нар өнөөдөр /2022.04.28/ 100 хоногийн ажлын тайлангаа танилцууллаа.
Байгаль орчин, аялал жуулчлалын сайд Б.БАТ-ЭРДЭНЭ:
-Монгол Улсын хэмжээнд тусгай зөвшөөрлийг үнэт цаасан дээр хэвлэж гаргадаг. Одоо бид энэ системийг QR систем рүү шилжүүлж, бар кодоор илэрхийлвэл зөвшөөрөл нь заавал салбар яаманд очихгүйгээр иргэнд хүрч эхэлнэ. Ингэснээр аймгаас заавал хотод ирж тусгай зөвшөөрөл авах шаардлагагүй болно гэсэн үг. Одоо программчлалын ажлаа хийж, газрын мэдээлэл тавдугаар сарын 1-нээр эцэслэхээр ажиллаж байна. Одоо хаана байрлалтай хэдэн га газар, ямар аж ахуйн нэгж, хэр хугацаанд зөвшөөрөл авсан бэ гэдгийг нээлттэй, ил тод болгож байна. Энүүгээр та бүхэн тухайн компанийн регистрийн дугаараар нэвтэрч, эзэмшилтэй холбоотой мэдээллийг авах боломжтой. Бид тусгай зөвшөөрлийг зураглалаар гаргаж, бүх мэдээллийг ил тод болгоно.
Салбар яамнаас аялал жуулчлалд онцгойлон анхаарч байна. Засгийн газар хоёрдугаар сарын 14-нд ээлжит бусаар хуралдаж, Ерөнхий сайд Монгол Улс олон улсад хилээ нээснээ албан ёсоор зарласан. Үүнтэй холбоотойгоор "Шинэ сэргэлтийн бодлого"-ын хүрээнд аялал жуулчлалын ДНБ-нд эзлэх хувийг нэмэх үүрэг даалгаврыг салбар яаманд өгсөн. Бид шат дараатай зөвлөгөөн хэлэлцүүлэг хийж, асуудлуудыг шийдвэрлэж байна. Одоогоор тав орчим асуудлыг шийдүүлэхээр ажиллаж байна. Тухайлбал, өнгөрсөн хоёр жилийн хугацаанд аялал жуулчлалын компаниуд жуулчин огт хүлээж аваагүй.
Үүнтэй холбоотойгоор тусгай хамгаалалттай газрын зөвшөөрлийг шууд сунгаж өгөөч гэсэн хүсэлт ирүүлсэн. Тиймээс бид 10-аас дээш жил ажиллаж буй жуулчны баазуудын зөвшөөрлийг шууд сунгахаар болсон. Мөн төлбөрийн хураамжтай холбоотой асуудлыг шууд гэрээ хийх байдлаар хойшлуулж, ирэх намраас эргэн төлөлтөө хийх шийдвэр гаргасан.
Гуравдугаарт, БНСУ бол 27 сая жуулчинтай. Эдгээрийн 16 сая нь Хятад болон ойролцоо улсуудад жуулчилдаг тоо бий. Өнгөрсөн 2019 онд 16 сая жуулчнаас Монголд хамгийн их буюу 500 орчим мянган жуулчин ирсэн. Энэ жил энэ тоондоо хүрэхээр хичээн ажиллах зорилт тавьсан. Агаарын тээврийн хязгаарлалт буюу жуулчин ирэх урсгалыг хязгаарладаг бол визтэй холбоотой асуудлууд байна. Одоо визний асуудлыг шийдвэрлэж байна. Гэхдээ БНСУ-аас ирсэн хүсэлтийг үндэслэж, Засгийн газраас Өмнөд Солонгосын жуулчдыг визгүй зорчуулах асуудал шийдэгдэж буй. Бид зөрүүлээд монгол иргэд болон бизнесийн байгууллагуудыг визний ямар горимд шилжүүлэх талаар хэлэлцэж байна.
Өмнөд Солонгосоос ойрын гурван жилийн дотор хамгийн багадаа 577 мянган жуулчин ирэх боломжтойг Элчин сайдын яамнаас хэлсэн. Буриад, Японы талтай аялал жуулчлалын чиглэлээр хэлэлцэж байна.
"ГОРХИ-ТЭРЭЛЖИД 9 ОТОГЛОХ ЦЭГ БАЙГУУЛАХ САНАЛ ИРСЭН"
Цаашид отоглохтой холбоотой бүтээн байгуулалтын ажлыг хувийн хэвшил рүү шилжүүлэх шаардлагатай гэж харж байгаа. Төрөөс заавал мөнгө төсөвлөхгүйгээр салбарын яамнаас газрын зөвшөөрлийг нь өгнө. Отоглох цэгээс олсон ашгаа өөрсдөө авдаг байх зохицуулалтыг хийнэ. Цаашид Горхи-Тэрэлжид есөн отоглох цэг байгуулах санал ирсэн. Эхний ээлжид нэг цэгийг жишиг байдлаар байгуулахаар ажлыг эхлүүлсэн.
Салбар яамнаас нийт 22 тусгай зөвшөөрөл олгодог байсан. Одоо нийт 19 болсон. Заримыг нь хувийн хэвшлийн түншлэлийн хүрээнд шилжүүлсэн гэсэн үг. МҮХАҮТ руу ганц нэг зөвшөөрлийг шилжүүлнэ. Бид салбар яамнаас авдаг бүх зөвшөөрлийг цахимжуулж байгаа. Төрийн хүнд суртал, авлигыг бууруулна гэсэн үг. Манай дотоод аудитын газартай зөвшилцөж, нэг комисарыг сэлгэн ажиллуулж байгаа. Удахгүй ан агнуурын зөвшөөрөл Засгийн газраар квот орж, тодорхой болно. Нэг байгууллага тусгай зөвшөөрөл авахын тулд таван сая өгдөг мэдээлэл байвал салбар яам болон АТГ-т илгээх хэрэгтэй.
БОАЖ-ын дэд сайд Г.ТҮВДЭНДОРЖ:
-Хөвсгөлийн Хатгал, Ханх сум боло Хэнтий аймгийн Дадал суманд хатуу болон шингэн хаягдлын цэвэрлэх байгууламж, хатуу хучилттай зам, мэдээллийн төв, түр буудаллах цэгийг барьж байгаа. Гол зам дагуу амралтын төвийг дөрвөн байршилд байгуулна. Цаашид улсын төсвийн хөрөнгөөр тоог нь нэмж, дотоодын жуулчдад зориулсан 17 байршилд барьж, байгуулна. зарим газарт тодорхой сонгон шалгаруулалтаар байршлуудыг нь зааж өгч, хувийн хэвшлийн хөрөнгөөр ажил хийх боломжийг хангаж өгнө. Үүний дараа УИХ-д дараагийн шатны зээлийн мэдээллийг өргөн мэдүүлсэн. Дэмжигдвэл баруун болон хангайн бүсийн аймгуудад дараагийн төслүүд хэрэгжинэ. Сурталчилгааны чиглэлээр энэ жил мэргэжлийн байгууллагын оролцоог хангаж, мэргэжлийн сувгуудаар дамжуулан тодорхой зардал тавьж байгаа.