Дэмчогийн хийд, Загийн тойрмыг улсын тусгай хамгаалалтад авна
Өмнөговь аймгийн 12 газрыг улсын тусгай хамгаалалтад авах шаардлагатай байгаа. УИХ-ын гишүүн Г.Мөнхцэцэг ахалж, УИХ-ын гишүүн Н.Наранбаатар, БОАЖЯ-ны мэргэжилтнүүд, “Дэ нэйчэ консерванси” байгууллагын Монгол дахь төлөөлөгчийн газрын төслийн удирдагч, мэргэжилтнүүдийн хамт Өмнөговь аймагт ажиллаад ирлээ.
Тодруулбал, Өмнөговь аймгийн Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуурыг улсын тусгай хамгаалалтад авна. Говийн бүсийн 4 аймгийн тусгай хамгаалалттай газар нутгууд, шинээр хамгаалалтад авах газар нутаг, Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт тавих УИХ-ын ажлын хэсэг говийн бүсэд ажиллаж байгаа. Ажлын хэсэг өмнө нь Говьсүмбэр, Дорноговь, Дундговь аймагт ажилласан.
Өмнөговь аймгийн хувьд улсын тусгай хамгаалалттай газар дөрөв байдаг. Үүнд, Говийн бага дархан цаазат газар, Говь гурван сайханы байгалийн цогцолборт газар, Тост тосон бумбын нурууны байгалийн нөөц газар, Загийн усны тусгай хамгаалалттай газар багтаж байна. Харин шинээр 2022 онд багтааж 3-4 газрыг улсын тусгай хамгаалалтад авахаар Улсын тусгай хамгаалалттай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгасан. Үүнд, Дэмчогийн хийд, Загийн тойром, Балгасын улаан нуур, Говь гурвансайханы ойролцоох газрууд багтсан юм.
Одоогоор Говь гурван сайханы байгалийн цогцолборт газрын хамгаалалтын захиргаа 36 хүний бүрэлдэхүүнтэй, Говийн бага дархан цаазат газар 19 байгаль хамгаалагч, нийт 20 хүний бүрэлдэхүүнтэй, Тост тосон бумбын нурууны хамгаалалтын захиргаа 8 хүний бүрэлдэхүүнтэй ажиллаж байна. Цаашид хамгаалалтын захиргаадад хүний нөөцийн асуудал, байгаль хамгаалагчдын хангамж, ажлын нөхцлийг сайжруулах, хуулийн хүрээнд ховор ан амьтдаа хулгайн анчдаас хамгаалахад тодорхой зохицуулалт хийх шаардлагатай байгааг УИХ-ын ажлын хэсгийнхэнд захиж хэллээ.
Улсын хэмжээнд тусгай хамгаалалтад зайлшгүй, нэн яаралтай авах шаардлагатай газрууд, шинээр хилийн цэсийг өргөтгөх, ангилалд өөрчлөлд оруулах зэргээр хуульд тусгах шаардлага гарсан учир Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулаад байгаа юм. Хуулийн хүрээнд 2022 онд 6 аймгийн 14 газрыг хамгаалалтад авахаар тусгаж, Алсын хараа 2050, засгийн газрын мөрийн хөтөлбөрийн дагуу Монгол Улс 2025 он гэхэд газар нутгийнхаа 25 хувийг улсын тусгай хамгаалалтад авахаар төлөвлөөд байгаа юм.