Б.Бат-Эрдэнэ: БОАЖЯ-нд хэрэгцээгүй 40 сая долларын төсөл хэрэгжиж байна
Монгол Улсын Засгийн газрын ээлжит бус хуралдааны шийдвэрийг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ танилцуулсан. Тэрбээр “Төрийн албан хаагчид Улаанбаатар хотод том оврын, тансаг автомашинаар зорчихгүй, ашиглахгүй” гэх чиглэлийг төрийн байгууллагуудад өгсөн.
Тэгвэл уг шийдвэрийг үндэслэн Байгаль, орчин, аялал жуулчлалын сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга, бүх шатны дарга нар болон харьяа байгууллагуудын дарга нарыг 2022 оны 4 дүгээр сарын 11-ний өдөр буюу ирэх даваа гарагаас эхлэн хөдөө орон нутагт албан томилолтоор ажиллахаас бусад үед албаны машин ашиглахыг тушаал гаргаж хориглосон юм.
Бид энэхүү тушаал нь төсөвт хэр хэмжээний хэмнэлт болж чадах, мөн БОАЖЯ-наас төсвөө хэмнэхээр өөр ямар асуудлууд байгаад, үүнийгээ хэрхэн зохицуулах талаар тодрууллаа.
Энэ талаар БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ, “Манай яаман дээр гурван албан тушаалтан машин унадаг. Сайд, дэд сайд, төрийн нарийн бичгийн дарга гээд. Энэ гурав нь орон нутагт томилолтоор явахаас бусад цаг хугацаанд машин унахгүй. Хувийн машинаа унах эсэх нь өөрсдийх нь асуудал. Миний хувьд өглөө таксигаар ирсэн.
Бид машинуудаа өнөө маргаашгүй шилжүүлээд өгөх гэж байна. Амжвал өнөөдөр амжихгүй бол маргааш. Ингээд харахад нэг машин дээр явалтаасаа шалтгаалаад 3-5 саяын зардал гарч байгаа юм. Тэгэхээр бид тэр хэмжээний зардлаа хэмнэж байна гэсэн үг.
Төрийн өмч бодлого зохицуулалтын газар манай авто машинуудыг зарж худалдаална. Тэр мөнгөөр нь байгаль хамгаалагч нараа унаажуулах, мотоциклийн асуудлыг нь шийдье гэдэг саналыг хүргүүлээд байгаа.
Машинуудаа зарахдаа, ах дүү хамаатан садандаа хямд үнээр зарчих вий гэдэг хардалт иргэдийн дунд байна. Төрийн өмч бодлого зохицуулалт дээр явж байгаа дуудлага худалдаагаа л харах хэрэгтэй.
Нөгөөтэйгүүр миний хувьд, хоёрхон газар дээр явагдаж байгаа зургаан төслийг сонсоод байж байна. Нийт манайх дээр 18 төсөл байна. Үүн дээр маш олон асуудал байгаа юм. Жишээ нь алтны бичил уурхайд мөнгөн усны хэрэглээг зогсооход оруулах хувь нэмэр бүсийн төсөл гээд 11.7 сая долларын төсөл байна. Мөнгөн ус хэрэглэхийг хориглосон шүү дээ монгол улс. Хориглочихсон зүйл дээр төсөл хэрэгжээд явж байна гэж ойлгох хэрэгтэй. Хэрэгцээгүй шаардлагагүй зүйл дээр гэсэн үг. Хог хаягдал ба уур амьсгал бүсийн төсөл гээд байна. 400 мянган доллар. Энэ мөнгө одоо үрэгдээд дуусч байна. Төслийг нь харсан чинь, ангилах систем гээд хогны бүтцийн асуудал байгаа юм. Бодит үр дүн ямар байгааг бүгд мэдэж байгаа. Хог хаягдал ангилах байтугай бүдүүвчийг нь гаргаагүй байгаа. Монгол улс аюултай хог хаягдлын булш бунхан болох гээд байж байхад, гадагшаа гаргая гээд солонгосчууд зөвшөөрөл авах гээд БОАЖЯ дээр гацаад жил болж байх жишээтэй. Яам ингэж л ажиллаж байна. Бид энэ бүхнийг цэгцэлж байгаа.
Зөвхөн энэ мэтийн зургаан төсөл дээр гэхэд 40 сая доллар ярьж байна. Бид төслийнхөнтэй ярина уулзана. БОАЖЯ-ны 22 тусгай зөвшөөрөл байдаг юм. Эдгээрийг бүрэн цахимжуулахад 500 мянган доллар тавьж байгаа шүү дээ. Зөвшөөрлөө ч олгохгүй нэгтгэл хийж байгаа төсөл дээр 551 мянган доллар явж байна. Ийм байж болох юм уу. Бид яаманд байгаа энэ мэтчилэн асуудлыг төсвийн хэмнэлтийн хүрээнд гаргаж тавина” гэлээ.