2022.03.25

Н.Учрал: Малчдын тогтвортой хөгжлийг дэмжиж, малчны эрхзүйн байдлын асуудлыг хуульчлах хэрэгтэй

УИХ-ын чуулганы өнөөдрийн \2022.03.25\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Ц.Даваасүрэнгээс Монгол Улсын Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайханд хандан “Малын гаралтай түүхий эдийг боловсруулах үйлдвэрлэлийн цогцолбор байгуулах, мал аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний экспортын боломжийг нээх болон “Монгол мал-II” арга хэмжээний хэрэгжилтийн өнөөгийн байдлын талаар” тавьсан асуулгын хариутай танилцлаа. 

Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Учрал:

Хот хөдөөгийн хөгжлийн бодлого гэж олон жил ярьж байна. Хотын төвлөрлийг багасгаж, түгжрэлийг бууруулахад хөдөөг дэмжсэн бодлого зайлшгүй хэрэгтэй. Үндэсний ондоошилоо авч үлдэхэд, байгаль газар нутгаа хамгаалахад хөдөө аж ахуйн салбараа дэмжих хэрэгтэй байна. ХАА-н салбарт байгаа малчдыгаа дэмжих цогц бодлого зайлшгүй шаардлагатай. Тэжээлийн аюулгүй байдлын асуудлыг бид цогцоор нь ярихгүй бол болохоо байлаа. Малчид малаа маллаад, түүхий эдээ эргэлтэд оруулах гэхээр чанарын шаардлага хангадаггүй. Түүхий эд бэлтгэлийн тогтолцоо гэдэг зүйлээ эргэж харах хэрэгтэй байна.

Өнөөдөр малын өвчинтэй тэмцэнэ гээд бие даасан агентлагийг бид байгуулсан. Гэтэл малын шүлхий өвчингүй аймаггүй боллоо. Тэгэхээр бид цаашдаа өвс тэжээлийн аюулгүй байдлыг хангах чиглэлээр энэ өвчлөлтэй холбоотойгоор инноваци ашиглаад дулааны аргаар боловсруулж, ариутгадаг болох шаардлагатай байна.  Дулааны аргаар боловсруулж, ариутгах асуудлаар судалгаа, шинжилгээ хийж байгаа ажил байгаа юу?

“Монгол мал” хөтөлбөрийг 2010 онд Их хурал баталж, 2021 онд дүгнэлт гаргасан. Түүгээр яг ямар дүгнэлт гарсан бэ? 11 жилийн хугацаанд үр дүн яаж хэрэгжсэн бэ?

Миний бие Г.Тэмүүлэн гишүүний хамт Малчны эрх зүйн байдлын хуулийг санаачлан боловсруулсан. Та бүхнээс санал авахаар хүргүүлнэ. Малчдын тогтвортой хөгжлийг дэмжих, малчны эрхзүйн байдлын асуудлыг хуульчлах, малчдын боловсролын асуудлыг эргэж харж байж хот хөдөөгийн хөгжлийн бодлогын асуудлыг өндөр түвшинд ярина. Энэхүү малчны эрхзүйн байдлын хуулийг та бүхэн юу гэж үзэж байгаа вэ? Хүн амын 33%-ийг эзэлж байгаа малчдыгаа дэмжсэн бодлогыг авч хэрэгжүүлэхгүй бол шилжилт хөдөлгөөний асуудал замаа алдлаа. Малчин гэдэг мэргэжлийг өндөр түвшинд тавьж, мэргэжлийн шинжлэх ухаанч байдлаар нь хөгжүүлэх асуудал руу орж байж цаашаа малчдын түүхий эд үнэлэгдэнэ. Тэгэхээр малчны хууль, эрхзүйн орчинг сайжруулах тал дээр судалгаа, шинжилгээ хийсэн ажил байна уу?

Түүний асуултад Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд З.Мэндсайхан хариуллаа.