Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзав
2022.03.04

Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Тангтай уулзав

Женев хотноо ажиллаж байгаа Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайханыг Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Ерөнхий захирал Дарен Танг хүлээн авч уулзан, хамтын ажиллагааны асуудлаар санал солилцов.

Уулзалтаар Оюуны өмчийн газрын дарга Г.Элбэгсайхан Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн эрхийн хамгаалалтыг сайжруулах, хууль, эрх зүйн орчинг боловсронгуй болгох, улмаар эдийн засгийн эргэлтэнд оруулах зорилтыг дэвшүүлэн, энэхүү зорилтын хүрээнд 2020, 2021 онд шинэчлэгдэн батлагдсан оюуны өмчид хамаарах гол хуулиудын агуулга, бусад ажлын талаар танилцуулав.

Ерөнхий захирал Дарен Танг Монгол Улсын Засгийн газраас оюуны өмчийн чиглэлээр хэрэгжүүлж буй үйл ажиллагааг бүх талаар дэмжин ажиллах, тэр дундаа оюуны өмчөөр дамжуулан монголын бараа бүтээгдэхүүнийг олон улсын тавцанд гаргах, таниулах, оюуны өмчийн байгууллагыг бэхжүүлж, мэргэжилтнүүдийг чадавхжуулахаас гадна Монгол Улсын их сургуулиудын сургалтад оюуны өмчийн хөтөлбөр оруулах замаар оюуны өмчийн ач холбогдлыг олон нийтэд хүргэх, үр өгөөжийг нэмэгдүүлэх чиглэлд үргэлжлүүлэн хамтран ажиллахаа илэрхийлэв.

Уулзалтад Дэлхийн оюуны өмчийн байгууллагын Хөгжлийн хөтөлбөр хариуцсан орлогч захирал Хассан Клэйб, Ази, номхон далайн орнуудын газрын дарга Андрью Онг, монголын асуудал хариуцсан зөвлөх Дэвид Симмонс, манай талаас Монгол Улсаас НҮБ-ын Женев дэх төв болон олон улсын бусад байгууллагын дэргэд суугаа Байнгын төлөөлөгч, Элчин сайд Л.Пүрэвсүрэн, Байнгын төлөөлөгчийн газрын зөвлөх О.Ангар нар оролцов.