Хотын дарга Польшийн Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар өнөөдөр Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойког хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Монгол Улс Бүгд Найрамдах Польш Улстай 1950 онд дипломат харилцаа тогтоосноос хойш боловсрол, худалдаа, хөдөлмөр эрхлэлт, хүмүүнлэг зэрэг олон салбарт найрамдалт харилцаа, хамтын ажиллагааг өргөжүүлсээр ирсэн гэдгийг дурдаад “Цаашид хоёр улсын хотууд хоорондын харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ашигтай хамтын ажиллагааг өргөжүүлэхэд нягт хамтран ажиллах болно” гэлээ. Түүнчлэн Варшав хотод Улаанбаатар хотын Төлөөлөгч томилохоор болсныг дуулгахад таатай байгаагаа илэрхийлэв.
Бүгд Найрамдах Польш Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кшиштоф Бойко Улаанбаатар хотын төлөөлөгчийг томилсноор хотууд хоорондын харилцаанд чухал ач холбогдолтой үйл явдал болж буйг онцоллоо. Тэрбээр Бүгд Найрамдах Польш Улсын Ерөнхийлөгчийн зургадугаар сарын 15-нд Монгол Улсад хийхээр төлөвлөж буй айлчлалын үеэр Фредерик Шопений нэрэмжит гудамжны нээлтийг хийх хүсэлтэй байгаагаа илэрхийлэв. Мөн “Тус айлчлалын үеэр хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэхэд чиглэсэн бизнес форум зохион байгуулах саналтай байна” хэмээлээ.
Хан-Уул дүүргийн 17 дугаар хороо, Зайсангийн гудамжнаас зүүн тийш “Хан хиллс” хотхоны хойд талын авто замын тойрог хүртэлх 1.1 км гудамжийг Фредерик Шопений нэрэмжит гудамж болгон албан ёсоор нэршүүлсэн билээ.