2022.03.03
Европын Холбооны Хими, биологи, цацраг, цөмийн эрсдлийг бууруулах төвийн төлөөлөгчидийг хүлээн авч уулзлаа
Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачлага) төвийн Техникийн зөвлөх Лела Баканидзе, Ерөнхий нарийн бичгийн дарга Наргизанов Усманова, Биоаюулгүй Байдлыг хангах үндэсний хорооны нарийн бичгийн дарга С.Баярхүү, Монголын Биотехнологийн нийгэмлэгийн тэргүүн, Биоаюулгүй байдлын зөвлөх Б.Арвинбаяр, ОУ-ын химийн зэвсгийн шинжээч Д.Эрдэнэцогт, Төслийн координатор Б.Наранчимэг нарыг УИХ-ын гишүүн Б.Баттөмөр хүлээн авч уулзлаа.
Уулзалтаар "Био аюулгүй байдал болон бэлэн байдлын тухай" хуулийн төсөл боловсруулах, НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн 1540 тогтоолын бүрэн хэрэгжилтийг хангах зорилготой "Үндэсний үйл ажиллагааны төлөвлөгөө" боловсруулж батлуулах болон бусад чиглэлээр Европын Холбооны Хими, биологи, цацраг идэвхит болон цөмийн эрсдлийг бууруулах (CBRN CoE санаачлага) төвтэй хамтран ажиллаж, техникийн тусламж авах талаар харилцан санал солилцсон байна.
1972 онд Биологийн болон хорт зэвсгийг хориглох тухай конвенцийг (БЗК-товчоор) тухайн үеийн их гүрнүүд 1925 оны Женевийн протоколд үндэслэн байгуулсан бөгөөд үүнд 2020 оны 10-р сарын байдлаар НҮБ-ын гишүүн 193 орон нэгдэн ороод байна.
Монгол Улсын нэгдэн орсон анхны конвенцуудын нэг нь Биологийн зэвсэг, хорт бодисын конвенци (БЗК) юм. Гэвч Монгол Улсын нэгдэн орсон олон улсын бусад конвенцуудтай нь харьцуулахад энэ Конвенцийг үндэсний хэмжээнд хэрэгжүүлэх тусгайлсан хууль тогтоомж өнөөг хүртэл байхгүй байна.
УИХ-ын гишүүн Б.Баттөмөр "Био аюулгүй байдал болон бэлэн байдлын тухай" хуулийн төсөл боловсруулах ажлыг 2019 онд санаачлан судалгаа хийн ажиллаж ковид19 цар тахлын улмаас 2 жил завсарласан байсан бөгөөд хуулийн төслийг энэ хаврын чуулганаар өргөн барихаар ажиллаж байгаа юм.