Д.Өнөрболор: Дайнд хэн ч хожихгүй
УИХ-ын гишүүн Д.Өнөрболортой цаг үеийн сэдвээр ярилцлаа.
-Эдийн засгийн хөгжлийн шинэ яамны бүтэц, чиг үүргийн талаарх таны бодлыг сонсоё?
-УИХ, Засгийн газрын шийдвэрээр Эдийн засгийн хөгжлийн яам байгуулагдаад бас ч тодорхой хугацаа өнгөрч байна. Ажил хэрэг голдиролдоо орж, бүтэц чиг үүрэг тодорхой болж, мэргэшсэн мэргэжлийн байгууллага хүмүүс, ажлынхаа чиг баримжааг тодорхой болгоод ажил хэрэгтээ орж байгаа гэж найдаж байна.
Улс орны эдийн засгийн хөгжлийн асуудлыг төлөвлөж, хэрэгжүүлэх үндсэн үүрэгтэй яам гэж ойлгож байгаа. Олон улсын туршлагаас харахад аливаа орны эдийн засгийн бодлогод аж үйлдвэрлэл, худалдааны бодлого суурь бодлого байдаг. Барууны өндөр хөгжилтэй улс орнууд тухайлбал Их Британи, Австрали зэрэг орнуудад Худалдаа, үйлдвэрийн яам, Япон Эдийн засаг, худалдаа, үйлдвэрийн яам, ОХУ-д Аж үйлдвэр, худалдааны яам, Эдийн засгийн хөгжлийн яам, Хятад улсад Худалдааны яам, Эдийн засгийн хөгжил шинэчлэлийн хороо үйл ажиллагаа явуулж яамд хоорондын уялдаа холбоог оновчтой зохион байгуулж, тухайн орны эдийн засгийн өсөлтийг хангахад чухал хувь нэмэр оруулж байна.
Дэлхийн 205 орны 195 улс худалдааны мэргэшсэн яамтай, асуудал хариуцсан сайдтай учраас худалдааны асуудал мэргэжлийн өндөр төвшинд тогтвортой шийдэгдээд явдаг. Шинэ яамны бүтцээ эдийн засгийн хөгжлийг юуг юутай холбох холболтын ямар бодлого дээр суурилж харж байна вэ гэдгээс эдийн засгийн хөгжил ихээхэн шалтгаална гэж би хувьдаа үздэг. Хойд талд маань хүн төрөлхтний байгалийн нөөцийн 38%-ийн эзэн, 1.7 их наяд ам долларын эдийн засагтай Орос орон, урд талд дэлхийн нийт аж үйлдвэрлэлийн 60%-ийг эрхэлдэг 1.5 тэрбум хүнтэй Хятад улс байна, хүссэн ч эс хүссэн ч энэ хоёр том гүрэнтэй холбогдож байж манай эдийн засгийн хөгжил яригдах юм. Шинэ эргэлтийн бодлого маань энэ холбоосийг маш сайн ашиглаж байж хэрэгжих учиртай.
Үүнд шинэ яам онцгой үүрэг гүйцэтгэнэ. Хоёр хөршийнхөө ажлын арга барил, ноу хауд ойртсон, ажил хэргээ чирэгдүүлэхгүйгээр эн сацуу гүйцэтгэж, хамтарч чадвал жинхэнэ дэвшил болно. Хэлэлцээрийн ур чадвар, итгэл найдвартай, амласнаа биелүүлж байх нь чухал. Тэгэхээр гадаадын хөрөнгө оруулалт манай улсын худалдааны оновчтой, ухаалаг бодлого дээр суурилж байж л ашгаа өгнө, гадаад худалдаа, гадаадын хөрөнгө оруулалт бол нэг зоосны хоёр тал.
Нөгөө талаар эдийн засаг, үйлдвэрийн бодлогын газар, макро эдийн засгийн болон аж үйлдвэр, дэд бүтцийн газар, тэргүүлэх техник, технологийн үйлдвэрүүдийг хөгжүүлэх газар, байгалийн баялаг, эрчим хүчний нэгж, ЖДҮ гээд ийм нэгжүүд аль ч улс орны эдийн засгийн хөгжлийн яамны бүтцэд нийтлэг байдаг. Үүн дээр нэмээд дижитал худалдаа, эдийн засгийн нэгж бас байна. Зарим улс орнуудад ковидын дараах эдийн засгийн нью нормал бодлогын хэлтэс хүртэл байна. Энэ бүхнийг бас бодолцох л хэрэгтэй юм.
-Та нью нормал бодлогын талаар дурьдлаа, үүнийгээ тодруулж ярихгүй юу?
-Анх энэ талаар Нью-Йоркийн бизнесийн сургуулийн профессор Arun Sundararajanы илтгэлд гарсан л даа. Пост коронагийн үеийн нью нормал бодлого гэсэн видео бичлэг ч бий. Коронагийн улмаас нийгмийн амьдралд янз бүрийн өөрчлөлт гарч энэ өөрчлөлт нь пост коронагийн үеийн нью нормал бодлогыг хэрэгжүүлэхийг шаардаж байна, ялангуяа технологийн өөрчлөлт, текномик бодлого өөрөөр хэлвэл технологийн өөрчлөлтийг түргэсгэх эдийн засгийн хэрэгцээ шаардлага,үүнд тулгуурласан засаглалын бодлогын өөрчлөлт зэрэг нь коронагийн дараа ч хэрэгжсээр байх тийм уур амьсгал дэлхий даяар бүрдэж, засгийн газрууд үүнийг анхаарч байна гэсэн ийм илтгэл байгаа юм.Жишээ нь дижитал ертөнцийн нью нормал бодлого цаашдаа жижиглэн худалдаа, хоол хүнсний үйлчилгээ, эрүүл мэндийн үйлчилгээ, боловсролын чиг хандлага зэрэг янз бүрийн салбарт үнэхээр шинээр хэвийнших бодлого болоод хэрэгжиж байгааг онцолж байгаа юм. Үүнийг бид ч анхаарах ёстой гэсэн санаа. Энэ үйл явц бизнесийн шинэ моделуудыг дижитал салбартай хамтарч бий болгож байгаа юм.
-Та бол олон улсын харилцааны мэргэжилтэй хүн. Орос Украйны нөхцөл байдлын талаар ямархуу дүгнэлттэй байна вэ?
-Асуудал маш хурцдаж байгаа гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. 21-ны өдөр ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин зарлиг гаргаж Украйны зүүн талын Донецк, Луганьский мужуудыг тусгаар улс гэж зарлаад тэдний болон тэнд суурьшсан орос иргэдийн эрх ашгийг хамгаалах үүднээс албан ёсоор цэргээ илгээхийг Батлан хамгаалах яамандаа үүрэг өгч албажуулсан. Мөн харилцан хамтарч ажиллах, эрх ашгаа хүндэтгэх гэрээ байгуулахыг Гадаад харилцааны яамандаа мөн даалгалаа.
ҮАБЗ-ийн өргөтгөсөн хурлаа хийлээ, ард түмэндээ хандаж үг хэллээ. Өнөөдөр чи бид хоёрыг ярилцаж байхад иймэрхүү нөхцөл байдалтай байна, харин хэдэн өдрийн дараа асуудал яаж эргэхийг мэдэхгүй. Саяхан болсон Мьюнхэний G7-ийн гадаад хэргийн сайд нарын уулзалтаар хэрэв Украйн руу ОХУ довтлох юм бол бид хариуг өгөх болно, эдийн засгийн хориг арга хэмжээг хүчтэй авах болно гэдгээ илэрхийлсэн. Олон улс орон дээрх мужуудын тусгаар тогтносныг эсэргүүцэж байна. Эдийн засгийн хориг арга хэмжээ авахаа улс орнууд зарлаж байна. Украйн НҮБ-ын Аюулгүйн зөвлөлөөс туслалцаа хүслээ. ОХУ-ын Ерөнхийлөгч цэргийн ажиллагаа Украйнд явуулна гэдгээ зарлачихлаа.
Ер нь дайн болоход хэн ч хожихгүй, ОХУ ч Украйн ч хожихгүй, дипломат хэлэлцээ цаашдаа үргэлжилж эрүүл саруул яриа хэлэлцээний зай байгаа гэдэгт би итгэдэг. Би нэг түүх өгүүлье. Саяхан АНУ-ын Ерөнхийлөгч Ричард Никсоны Хятадад айлчилсны 50 жилийн ойг талууд дурсаж тэмдэглэлээ. 1972 оны 2-р сарын 21-ний өдөр Никсон Бээжинд айлчилж ХКН-ын тэргүүн Мао Цзэ Дун, Ерөнхий сайд Жоунлайтай хэлэлцээр хийсэн юм.
1949 онд байгуулагдсан шинэ Хятад гүрэнд АНУ-аас айлчилсан анхны ерөнхийлөгч байлаа.28-ны өдөр Шанхайд Америк-Хятадын хамтарсан тунхаглал гаргаж, дипломат харилцаа тогтоох талаар шийдэлд хүрчээ. Мөн АНУ “Хятад бол нэгдмэл улс бөгөөд Тайвань Хятадын нэг хэсэг мөн” гэдэг Хятадын байр суурийг хүлээн зөвшөөрч өөр саналгүй гэдгээ илэрхийлсэн юм. Тухайн үед Солонгосын хойгийн дайнаас улбаатай хоёр улсын сөргөлдөөн гүнзгийрч Вьетнамын дайнд вьетнамчуудыг дэмжээд байсан учраас хятадтай харилцаагаа сайжруулахаас өөр аргагүйд хүрч нөгөө талаар 1969 онд Хятад Зөвлөлтийн хилийн мөргөлдөөнөөс болж Хятадын тал ч америкчуудад найр тавихаас өөр аргагүй байсан. Г. Киссенжерийн нөлөө ч байж 1971 оны 7-р сард Никсон Хятадад айлчлах төлөвлөгөөгөө үндсэндээ батлаад байв.
Тухайн үед ЗХУ-ын эсрэг гар барилцсан хоёр улс нэг зорилготой байсан. Харин Америк Хятадад ардчилал дэлгэрүүлэх зорилготой байсан ч бүтэлтэй болсонгүй, коммунист намынхаа удирдлага доор эдийн засаг, цэрэг улс төрийн их гүрэн болов. Энэ хагас зуун жилийн дотор өнөөдөр гэхэд энэ хоёр улс сөргөлдөгч талууд болж хувирчээ.Үүнээс харахад хэзээ ч үндэсний эрх ашиг байдаг, ашиг тустай хэлэлцээ гэдэг зүйлд орон зай ямагт байдаг, түүнийг ашиглаж чадах юм бол ямар ч ээдрээтэй хурцадмал асуудалд шийдэл байдаг, харин цаг хугацаа бүхнийг харуулдаг гэдгийг би хэлэхийг хүсч байна.
-Та тойрогтоо ажиллаж байна уу. Сэлэнгийн иргэдэд өгөөжтэй ямар асуудал шийдэв, энэ тухайд?
-Сэлэнгэ аймагт нийтдээ 113 тэрбум төгрөгийн төсөвт өртгөөр хэрэгжүүлэх 55 төсөл хөтөлбөрийг баталсан. Дэд бүтэц, барилга байгууламж, боловсрол шинжлэх ухаан соёлын болон эрүүл мэндийн салбарт бүтээн байгуулалт, ЖДҮ-ийг дэмжих төв,хөдөө аж ахуйн салбарт зоорь, хүлэмж гээд өөрийн санаачилсан бүтээн байгуулалтын ажлуудын гүйцэтгэлийн явц байдалтай танилцаж манай ажлын алба идэвхитэй ажиллаж байна. Аливаа зүйл цаг хугацаандаа чанартай хэрэгжиж байж үр ашигаа өгнө.
Иргэдийн аюулгүй байдлыг хамгаалахад би өөрийн чадвар, гадаад харилцааны боломж бололцоогоо ашиглаад тодорхой ажлуудыг санаачилж хийхээр зорьж байгаа. Сэлэнгэ аймгийн Онцгой байдлын холбогдох байгууллагатай хамтарч ажиллаж ирлээ. Онцгой байдлын аврах, гал унтраах тоног төхөөрөмж, техник хүрэлцээ муутай, иргэдэд аюул нүүрлэх, хохирол амсах гээд хүндрэл цөөнгүй байгаа болохоор санаачлан хөөцөлдөж, БНСУ-ын хөгжлийн сангийн буцалтгүй тусламжаар гал унтраах автомашин, тоног төхөөрөмжийг шийдүүлж чадсан юм. Үүнийгээ ОБЕГ болон Сэлэнгэ аймгийн холбогдох газартай хамтарч сумдад хувиарлах, хүргэж өгөх ажлууд бэлтгэлээ хангаад явж байна.Цаашдаа бүх аймаг сумдыг хангах тал дээр холбогдох байгууллагууд, УИХ-ын гишүүд санаачлагатай ажиллаасай гэж хүсч байна.
-Та Хөгжлийн банкнаас зээл авсан уу. Танай нам албан тушаал, эсвэл намын гишүүнийхээ байр сууриа ашиглаад өөртөө болон хамаарал бүхий хүмүүстээ зээл авах, ЖДҮ-ийн боломжуудыг хулгайлсан гишүүдтэйгээ хариуцлага тооцож байна, энэ талаар байр сууриа илэрхийлэхгүй юу?
-Миний хувьд Ерөнхийлөгч, УИХ, Засгийн газраас авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээг дэмжиж байгаа. Намынхаа байр суурийг ч хүндэтгэж, зөв алхам зоригтой хийж байгаад талархаж байна. Хөгжлийн банкны асуудал үнэхээр байж боломгүй, ёс зүйн хариуцлага хүлээж, зээлээ төлж улс орноо хохиролгүй болгох нь энгийн асуудал шүү дээ. Авсан зээлээ төлөх явдал үүрэг хариуцлага болохоос биш ёс зүйн хувьд гавьяа байгуулаад байгаа хэрэг биш л дээ. Миний хувьд хэлэхэд би Хөгжлийн банкнаас зээл аваагүй, ЖДҮ-ийн боломжийг ч өөртөө ашиглаагүй, миний хамаарал бүхий аж ахуйн нэгжид өөрийнхөө байр суурийг ашиглаад ямарваа зээл аваагүй гэдгээ хэлье. Нэг хошин үг байдагдаа улс төрч хүн үнэгэн заль, арслангийн сүр хүч хоёуланг нь хүсдэг гэж. Улс орны эрх ашиг нэгдүгээрт байх ёстой, үүнд үнэгэн заль ч хэрэггүй, арслангийн сүр хүч ч хэрэггүй.
Мэдээлэл, эрх мэдэлд ойр байгаагаа зүй бусаар ашиглаж, ёс зүйгүй үйлдэлд улстөрчид олноороо хамрагдсан нь харамсалтай.