С.Бямбацогт: Цементийг баруун аймгуудад хямдаар хүргэх төслийг Засгийн газар дэмжсэн
2022.02.07

С.Бямбацогт: Цементийг баруун аймгуудад хямдаар хүргэх төслийг Засгийн газар дэмжсэн

“Вестернхолд” компани Ховд аймгийн Буянт сумын нутагт жилд 259 мянган тонн цемент үйлдвэрлэх хүчин чадалтай “Ховд эко цемент” төслийг хэрэгжүүлж байгаа. Төслийн санхүүжилт болгож 28025380 ам.долларыг Хөгжлийн банкнаас 2019 оны есдүгээр сард зээлсэн бөгөөд “хэвийн төлөлттэй” ангилалд багтсан байна. Ховд эко цемент төсөл болон Хөгжлийн банкнаас зээл авсан шалтгаан, яагаад “хэвийн” ангилалд орсон талаар УИХ-ын гишүүн С.Бямбацогт өнөөдөр Төрийн ордонд мэдээлэл хийлээ.

---------------------------

Тэрээр, “Сүүлийн үед Хөгжлийн банкнаас зээл авсан ААН-үүд зээлээ хугацаанд нь төлөхгүй байгаа, зориулалтын бусаар зарцуулсан гэдэг асуудлаар иргэд олон нийт шүүмжлэлтэй байгаа. Үүнтэй миний бие санал нэг байгаа. Зээл авсан бол төлөх ёстой. Зориулалтын дагуу зарцуулах ёстой. Тийм учраас иргэдийн шүүмжлэлтэй санал нэгдэж байгаа. Гэхдээ үүний хажуугаар зээлээ хууль зөрчиж аваагүй, зориулалтын дагуу зарцуулсан, хугацаанд нь төлж байгаа зарим байгууллага, ААН,  иргэдийг чирэгдүүлж, хавтгайд нь харлуулсан мэдээлэл явж байна. Үүнд миний бие өртөж байгаа учраас няцаах зорилгоор үнэн зөв, бодитой мэдээлэл өгье гэж өнөөдрийн мэдээллийг хийж байгаа юм.

Хөгжлийн банк бол тусдаа хуультай банк. Хуулийн 5.1-д “Хөгжлийн банк нь үндэсний эдийн засгийн тогтвортой өсөлтийг хангах, тэргүүлэх салбаруудад хэрэгжих томоохон төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх, импортыг орлох, экспортыг дэмжих төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэх үндсэн чиг үүрэгтэй гэж заасан. Энэ хүрээнд 2012 оноос эхлэн зээл олгож эхэлсэн юм билээ. Өнөөдрийг хүртэл 66 төсөлд зээл олгосон. Энэ дунд өөр зорилготой зээл хавчуулагдсан, зөв зорилготой авсан зээлээ зориулалтаар нь зарцуулахгүй байгаа, зээлээ төлөхгүй байгаа асуудлууд гарч байгаа. 66 төслөөс 16 төсөл нь хэвийн зээл, бусад 50 орчим нь хугацаа хэтэрсэн, зориулалтын дагуу зарцуулаагүй асуудал үүссэн. Хугацаа хэтэрсэн, чанаргүй зээлүүд, төлөхөөс зайлсхийж байгаа зээлүүдийг АТГ-т өгч шалгуулна гэж Хөгжлийн банкнаас мэдээлсэн. Хөгжлийн банк зөв ажлаа хийж байна гэж би ойлгож байна. Гэтэл үүнийг нь далимдуулаад хэвийн зээлтэй байгаа Ховд аймагт баригдах гэж байгаа Ховд эко цементийн төслийг хууль зөрчсөн мэтээр надтай холбосон дайралтууд явж байгаа учраас би өөрөө мэдээлэл хийж байгаа юм.

Хөгжлийн банкнаас энэ зээлийг авахад би ямар нэгэн байдлаар нөлөөлөөгүй. Энэ бол Засгийн газрын 2016-2020 оны болон 2020-2024 оны үйл ажиллагааны хөтөлбөрт хамаарах төсөл. Ховд аймагт баруун бүсийн цементийн хэрэгцээг хангах, цементийн үнийг хямдруулах зорилготой зээл.

Өнөөдөр Улаанбаатар хотод 1 тонн цемент 200 мянга орчим төгрөг байгаа. Энэ төслийг хэрэгжүүлэх тухай яригдаж байхад 1 тонн цемент 140 мянга орчим төгрөг байсан. Тээвэрлэгдээд Ховдод очихоор 1 тонн нь 300 мянган төгрөгөөр зарагдаж 2 дахин үнэ нь өсдөг байсан. Ийм учраас цементийн үнийг Улаанбаатар хотынхтой ижил үнэтэй болгоё, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай, Завхан аймгуудад очих цементийн үнийг хоёр дахин хямдруулчих юм бол дагаад барилгын материалын үнэ буурна, нэмээд орон сууцны үнэ буурна.

Тийм учраас Засгийн газрын тэргүүлэх чиглэл болсон бодлогыг хэрэгжүүлэх зорилгоор Вестернхолд компани нийт санхүүжилтынхаа 60 хувийг өөрсдөө, 40 хувийг Хөгжлийн банкны зээлээр шийдээд ажилдаа орсон юм. УИХ-ын дарга, Шадар сайд, Барилга хот байгуулалтын сайд зэрэг холбогдох албаны хүмүүс энэ төслийн ач холбогдлыг газар дээр нь очиж танилцаж, шалгахдаа сайшаасан байдаг. Тийм учраас энэ төслийг буруу ажил гэж бодохгүй байна. Төвөөс 1000 гаруй км алслагдсан л бол иргэдийнх нь орлого бага, зардал нь өндөр байх ёсгүй. Цементийг баруун аймгуудад 2 дахин хямдруулах энэ төслийг Засгийн газар дэмжсэн учраас хэрэгжүүлж байгаа.

Үүнтэй адил Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц байгуулах төслийг хэрэгжүүлэхэд баруун бүсний эрчим хүчний хэрэглээ хангагдана, ингэж байж тусгаар байдлаа олно, хямд үнэтэй эрчим хүчтэй болно. Үүнийг ч бас надтай холбож шүүмжилдэг. Томоохон төсөл хэрэгжүүлж байгаа хүмүүсээ гоочилдог, улстөрчтэй холбож харлуулдаг тамын тогооны үлгэр цаашид байх ёсгүй. Бид төмрийн хүдэр, зэсийн баяжмал, малын гаралтай түүхий эд, нүүрсээ түүхийгээр нь гаргаж байгаа. Үүнийгээ боловсруулдаг, эцсийн бүтээгдэхүүн болгодог, экспортод нэмүү өртөг шингээн гаргаж ажлын байр нэмэгдүүлдэг болох юмсан, импортоор өндөр үнээр орж ирдэг бүтээгдэхүүнийг Монголдоо үйлдвэрлэдэг болох юмсан гэдэг зорилго тавьж байна. Энэ зорилгыг баруун бүс нутагт хэрэгжүүлэх гэж бид оролдож байгаа.

Монгол Улс цементийн хэрэгцээгээ дотоодоосоо хангаж чаддаггүй, Хятадаас авдаг байсан. Засгийн газраас МАК, Монполимет, Хөтөлийн цементийн үйлдвэрийг дэмжиж хүчин чадлыг нь өргөтгөсний дараа сүүлийн хоёр жилд манай улсад үнэ нь өсөөгүй бүтээгдэхүүн цемент л байна. Энэ цементийг баруун бүс рүү тээвэрлэхэд тээврийн зардал нь хоёр дахин нэмэгдүүлж очиж байна. Баруун бүсэд цементийн үнийг хоёр дахин багасгаж, тэндээс нь хангая гэдэг төсөл хэрэгжүүлэхээр ийм байдлаар хандаж болохгүй. Цаашдаа бид арматурын төмөр, барилгын замаск, хавтан, цонхны шилээ дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй байна. Ийм томхон төслүүдээ бид дэмжих ёстой. Эцэст нь, авсан зээлээ хугацаанд нь төлөхгүй, зориулалтын бусаар зарцуулж байгаа хүмүүст бид хариуцлагын асуудлыг ярих ёстой. Тэр хүмүүсийг зээлээ төлөхийг бид шаардах ёстой. Үүний хоморгонд нь үйл ажиллагаагаа ном дүрмээр нь, доголдолгүй явуулж байгаа, хууль зөрчөөгүй, хулгай хийгээгүй ААН-үүдийг дарамталж, улстөрчтэй холбож доромжилж болохгүй” гэсэн юм.

Мэдээллийн төгсгөлд УИХ-ын гишүүн С.Бямбацогтоос сэтгүүлчид дараах зүйлийг тодруулав.

-Ховд эко цемент төсөл дээр хэзээ зээл авсан бэ. Үйлдвэр хэзээ бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхлэх вэ?

-Энэ төсөл дээр 2019 оноос зээлээ авч эхэлсэн. Үлдэгдэл зээлийг 2021 онд авсан. Цементийн үйлдвэрийн барилга угсралтын ажил бүрэн дууссан. Тоног төхөөрөмж нь бүрэн ороод ирчихсэн. Тоног төхөөрөмжийг нь угсрах гаднын мэргэжилтнүүд цар тахлаас шалтгаалж орж ирж чадаагүй учраас 1 жил хүлээгдэж байна. Энэ жил гаднын мэргэжилтнүүдээ оруулаад ирвэл тоног төхөөрөмжөө угсраад ирэх хавраас цементээ гаргаад эхлэх юм байна лээ. Цементээ үйлдвэрлээд эхэлбэл баруун бүсэд цементийн үнэ одоогийнхоос 2 дахин хямд хүрнэ.

-Хуваарь заасан зээлээ хэзээ төлж эхлэх вэ?

-Зээлийн үлдэгдлийг өнгөрсөн жил авсан болохоор төлөх хугацаа болоогүй байгаа. Үйлдвэр бас ашиглалтад бүрэн ороогүй байна. Тийм болохоор Хөгжлийн банкны “ногоон жагсаалт”-д хэвийн гэсэн ангилалд багтаж байгаа юм. Иймэрхүү Дорноговийн Газрын тос боловсруулах үйлдвэр, Дулааны станц, гангийн үйлдвэр зэрэг хөгжлийн томоохон төслүүдэд Хөгжлийн банк зээл өгөх үүрэгтэй. Ийм болохоор Хөгжлийн банкнаас зээл авчихаад төлөхгүй байгаа, зориулалтын бусаар зарцуулсан 2012 оноос эхлэлтэй бусад ААН-үүдтэй битгий холиорой гэж хүсье.