Т.Энхтүвшин: Алслагдсан баг, сумын төвөөсөө гарч үзээгүй иргэд цус ойртуулж байна
Дорноговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй цус ойртолт, удмын сангийн асуудлаар ярилцлаа.
-Хүн амын сэлгэлтэд онцгой анхаарах ёстой-
-Монгол хүний удмын санг хамгаалах тогтоолын төсөл саяхан баталсан. Цус ойртолтын асуудал сүүлийн үед санаа зовох асуудал болсныг ярих хүн олон байна. Энэ асуудлыг хэрхэн шийдвэрлэх талаар таны байр суурь ямар байдаг вэ?
-Монгол хүний удмын сангийн, хүн амын өсөлтийн асуудалд онцгой анхаарах ёстой. Ялангуяа 1990-ээд оноос хойш бүгд овог авч эхэлсэн. Ихэвчлэн боржигон, тайж овог авсан. Овог, ургийн бичгийн талаар сайн ойлголтгүй байсантай холбоотой. Тиймээс удмын санг цэвэр ариун байлгахын тулд ургийн бичиг хөтлөх асуудал чухал байна. Төрийн бодлого болгож, хэрэгжүүлэх ёстой.
-Тогтоолын төсөлд ургийн бичиг хөтлүүлэх заалт тусгасан гэсэн үү?
-Гурван гишүүний өргөн барьсан монгол хүний удмын санг хамгаалах УИХ-ын тогтоол гарсан. Монгол хүний удмын сан, хүн амын өсөлтийг дэмжих тогтоол. Энэ тогтоолд угийн бичгийг бүх нийтээр хөтлүүлье гэдэг заалт орсон. Сум, баг, аймагт сургалт зохион байгуулж, ард иргэдийг ойлголттой болгох зорилготой. Мөн олон хүүхэдтэй айл өрхүүд, ялангуяа зургаагаас дээш хүүхэдтэй айл өрхүүдэд орон сууцны урьдчилгаа юм уу, хоёр хүүдийн сургалтын зардлыг төрөөс төлөх гэдэг ч юм уу дэмжлэг үзүүлж байж хүн амаа өсгөе гэдэг заалт орж ирсэн.
Удмын санг цэвэр байлгаж, ургийн бичгийг хөтлүүлэхэд онцгой анхаарах ёстой. Цус ойртолт аль бүс нутагт байна вэ гэхээр алслагдсан бүс, малчдын дунд, багийн, сумын түвшинд байна. Чадалтай, чансаатай нь төвлөрлийг дагаад аймаг, Улаанбаатар шилждэг. Чадал муутай, амьжиргаа муутай нь багаа бараадаад, сумандаа, сууриндаа үлддэг. Тиймээс хүн амын сэлгэлтийн асуудалд онцгой анхаарах ёстой.
-Цус ойртолтын эсрэг бодлогоор тэмцэх ёстой байх тийм үү?
-Ингэхийн тулд баруун аймгийнхныг говийн бүсэд ажиллах, амьдрах нөхцөлийг нээж өгөх. Зөрүүлээд говийн бүсийнхнийг хангайн бүс рүү ажиллуулах бололцоо боломж нээж өгөх. Тиймээс төвлөрлийг сааруулж, говь, хангайн бүсүүдэд томоохон бүтээн байгуулалтууд, аж үйлдвэрүүдийг хийх нь зөв. Ингэж хүн амыг сольж, сэлгэж байж цус ойртолтын асуудлыг шийднэ. Тэгвэл цус ойртолт үндсэндээ алга болно гэж бодож байна. Ялангуяа говийн бүсүүд рүү арьс шир боловсруулах, уул уурхай дагасан үйлдвэрүүдээ барьж байж хүн амын төвлөрлийг тийшээ чиглүүлнэ. Ажлын байр бий болгож байж, залуучууд тийшээ очиж байж цус ойртолтыг шийднэ.
-Орон нутагт бүтээн байгуулалт хийж, төвлөрөл нэмэгдүүлж байж цус ойртолтыг багасгана-
-Дээр үед залуучууд илгээлт гээд ийш тийшээ явдаг байсан нь маш үр дүнтэй арга байсан гэлцдэг. Үнэн үү?
-Хуучин социализмын үед илгээлтийн эзэд, соёлын хувьсгал гээд залуучууд их явдаг байсан. Ялангуяа говийн аймгууд руу баруун аймгийн залуучууд очдог, малчин болдог, төмөр замын бүс нутаг ажиллаж амьдардаг, цэргийн ангиудад цэргийн алба хаадаг байлаа. Тиймээс энэ чиглэлийн ажлуудаа сайн зохион байгуулж, иргэдээ холилдуулахад анхаармаар байна.
-Та орон нутгаас сонгогдсон гишүүн. Танай аймгийн хувьд цус ойртолт ямар хэмжээнд байна вэ. Тоон мэдээлэл, судалгаа байна уу?
-Тэр, энэ сум гэж тодорхой мэдээлэл алга. Энэ бол хувь хүн, байгууллагын нууцтай холбоотой асуудал болов уу гэж бодож байна. Ганц Дорноговь аймгийн асуудал биш. Алслагдсан Говь-Алтай, Дорноговь, Өмнөговь, Баян-Өлгий гэх мэт аймгуудад байна. Хамгийн голь нь хүн багатай суурин газруудыг хүнтэй болгох, бусад аймгийн залуучуудыг аваачиж ажиллуулах л чухал. Дээр ярьсан тогтоол хэрэгжээд явбал ядаж л угийн бичиг хөтлөх, цус ойртолт юунаас болоод байгаа юм бэ гэдэг сургалтууд, танин мэдэхүйн ажиллагаанууд хийгдэх боломжтой болно. Толгойд нь л сайн мэдээлэл хийж, хор хохирлыг нь ойлгуулах чухал. Намайг аймгийн удирдлагаар ажилаж байхад дэвтэр гаргаад, угийн бичгээ хөтлөөд явдаг л байсан. Анхнаасаа буруу хөтлөөд явсан юм билээ. Хүн бүр боржигон, тайж овогтой болчихсон учраас угийн бичгийн хөтлөлт маргаантай, ажиллаж амьдарч буй иргэд ч гэсэн буруу овгоор буруу бичиг хөтөлж байна. Тиймээс тогтоолыг сайн хэрэгжүүлэхийн тулд угийн бичгийг яаж зөв хөтлөхөд онцгой анхаарах ёстой.
-Орон нутагт үйлдвэр байгуулж, сэлгэж байж цус ойртолтыг багасгана гэж ярьж байна. Аль аль аймагт том бүтээн байгуулалтууд хийж байна вэ?
-Говийн бүсэд олон үйлдвэр барихаар Монгол Улсын Засгийн газрын 2022 оны мөрийн хөтөлбөрт тусгасан. Засгийн газар, Ерөнхий сайд маань эдийн засгаа эрчимжүүлэх төлөвлөгөө танилцуулсан. Ялангуяа Өмнөговь аймагт Таван толгойг түшиглэсэн цахилгаан станц барьж байгуулах, Таван толгойн нүүрсийг түүхийгээр биш тодорхой хэмжээнд угааж гаргах үйлдвэр барина гэсэн. Мөн Зүүнбаян- Хангимандалын төмөр зам баригдаад эхэлнэ. Нефт боловсруулах үйлдвэр барьж байна. Замын-Үүдийн чөлөөт бүс, боомтын шинэчлэлийн асуудал шийдэгдэнэ. Бид түүхий эдээ боловсруулах үйлдвэрүүд барьж байна. Үүнийг дагаад олон хүн орон нутгийг зорьж, ажилтай орлоготой болж, удмын сан, цус ойртолтын асуудал шийдэгдээд явах болов уу. Манай зарим гишүүд сум, багийг нэгтгэнэ гэж яриад байдаг. Би санал нийлдэггүй. Монгол Улсын өргөн уудам газар нутгийг эзэнтэй, хамгаалалттай байлгаж байгаа хүмүүс бол малчид, орон нутгийнхан. Тиймээс тэд хилийн манаачийн үүргийг гүйцэтгээд явдаг.
-Цус ойртолт малчид, багийн иргэд дунд хамгийн их байгаа гэсэн судалгааны дүн байгаа юм уу. Хамгийн аюултай нь хоорондоо цус ойртсоныг мэддэг хэр нь ээ суудаг болчихсон гэсэн кейсүүд байдаг юм байна?
-Говийн бүс гэсэн ч юм алга. Цус ойртолт ерөөсөө л алслагдсан бүс нутагт байна. Олон жил нутаглаж ирсэн малдын дунд, баг, суманд байна. Тэнд Улаанбаатар байтугай амгийн төв орж үзээгүй гэсэн иргэд ч байна шүү дээ. Хэдэн үеэрээ мал малласан иргэд багийн төв, сумын төв л ордог. Цаашаа явж үзээгүй. Тэгэхээр хүн амыг нэмэгдүүлэх, боловсролын түвшинг ахиулах, зөвлөгөө өгөх ажлуудыг сайн зохион байгуулмаар байна. Маш сайн удирдаад явах ёстой. Хувь хүний хувьд Монгол Улсын хэмжээнд энэ чиглэлээр бие даасан байгууллага байх ёстой гэсэн бодолтой байдаг. Монгол хүн монголоороо үлдэж, удмын сангаа хамгаалах цаг болсон.
-Цус ойртолтын эсрэг гээд захиргааны арга хэмжээ авч болохгүй-
-МАН-ын бүлгийн дарга Д.Тогтохсүрэн цус ойртолтын асуудлаар байр сууриа илэрхийлэхдээ багийн иргэд хоорондоо суухыг захиргааны аргаар хориглох боломжтой гэж ярьсан. Цус ойртолтыг хориглож болох ч багийн иргэдийг хоорондоо суухыг хориглох нь хэр зохимжтой вэ. Хүний эрхийн асуудал хөндөгдөнө шүү дээ?
-Ер нь л анхаарахгүй бол болохоо байсан. Хэн хэнтэйгээ сууж байгааг ч мэдэхгүй байгаа шүү дээ, үнэндээ. 1990-ээд оноос хойш алдагдсан. Янз янзын соёлууд орж ирсэн. Ажил амьдралын туршлагууд орж ирсэн. Захиргааны арга хэмжээ авахаас илүүгээр тэнд байгаа иргэдээ соён гэгээрүүлэх чиглэлд анхаарах ёстой.
-Тэгэхээр та захиргааны арга хэмжээ авч болохгүй гэсэн байр суурьтай байна уу?
-Захиргааны арга хэмжээ авахын тулд олон хуульд өөрчлөлт оруулах шаардлага үүснэ. Иргэдэд л их сайн ойлгуулах чухал. Хүүхэд нь есдүгээр анги төгсвөл мал дээр гаргачихдаг. Сумын төв дээр сургуульд явж байгаад мал дээр гарчихдаг. Тэр хүүхдүүд удмын сан, ургийн бичгийн асуудлаар ямар ч боловсрол, мэдлэггүй болж байна. Ер нь насан туршийн боловсрол болгож, сургуульд нь зааж байдаг болмоор байгаа юм. Ингэж яс, маханд нь хүртэл ойлгуулахгүй бол болохгүй байна. Цус ойртолтоос гадна генетикийн өөрчлөлттэй хүнсний бүтээгдэхүүнүүд хүний удмын санд нөлөөлөх аюултай байна. Тиймээс одооноос төмс, хүнсний ногоо, импортын бараа бүтээгдэхүүнээ дотооддоо үйлдвэрлэх талдаа анхаарах ёстой.
-Цус ойртсоноо мэддэг хэр нь ээ тоохгүй суучихдаг тохиолдлууд байдаг юм байна. Энэ тохиолдлуудыг хорьдог юм уу ер нь?
-Уг нь хорьдог юм. Гэрлэлтийн баталгаа бүртгүүлэхээр очиход нь сумын удирдлагууд, ах дүү хамаатан садан нь ч хэлдэг. Тэр хүмүүсийн үгийг аваад больдог хүмүүс бий. Гэхдээ л гэрлэлтээ батлуулахгүй, хоорондоо суучихдаг хүмүүс байсаар байгаа. Сум, багийн хүүхдүүд Улаанбаатарт аав ээжийнхээ ноос ноолуурны мөнгийг аваад оюутан болоод ирж байна. Гэтэл тэр хүүхдүүд буцаад орон нутаг руугаа явахгүй байна. Тиймээс сум, орон нутгийг цэвэр, бохир усанд холбох ёстой. Дөрвөн жил хотод байсан хүн эргээд тэр газар руу очихыг хүсэхгүй шүү дээ. Эрүүл, аюулгүй орчинд амьдрах баталгаа алга шүү дээ. Ядаж цэвэр, бохир устай болгох асуудал, хот, хөдөөгийн ялгааг арилгах нь хамгийн чухал.
-Оюутнууд өөрийн орон нутагтаа буцаж очихоор цус ойртолт багасна гэж үү?
-Эхнэр, нөхөртэй болоод очиж болно шүү дээ. Нийгмийн, ахуйн асуудлыг нь шийдчихвэл орон нутгийг зорих залуус нэмэгдэнэ. Суманд нь үйлдвэр бариад, газар талиалангийн бүс болон хүн амыг нь л нэмэгдүүлэх асуудал чухал.
-Эрээний хилийг дахиж хаалгахгүйн тулд коронавирусгүй байх нь чухал-
-Та гишүүн болоод яг ямар хуулийн төслүүд дээр ажиллаж, батлуулав?
-Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн тухай хуулийн төсөл дээр орон нутгаас сонгогдсон гишүүд ажилласан. Баг, сумын засаг дарга нарын эрх үүргийг нэмэгдүүлсэн. Ялангуяа санхүүгийн эрхийг нэмэгдүүлсэн. Хот, тосгоны эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл дээр ажиллаж байна. Онцгой, Шүүхийн шийдвэрийн ажилчдад урамшуулал олгох хуулийн төсөл дээр ажилласан. Байгаль орчны багц хуулиуд дээр ажиллаад явж байна. Гэх мэт олон хуулийн төсөл бий.
-Танай аймгийн хувьд тулгамдаж буй ямар асуудлууд байна вэ. Иргэд юу захиж, хэлж байна?
-Манай аймаг бусад аймгаас онцлогтой. Нэгдүгээрт өөрөө өөрийгөө санхүүжүүлдэг. Улсаас татаас авдаггүй. Төсөвт хөрөнгө төвлөрүүлдэг аймаг. Манай аймагт байгаа боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг нэмэгдүүлэх, уул уурхайн бүтээгдэхүүнийг түүхийгээр биш баяжуулж, боловсруулж гаргах зорилготой байна. Мөн нефть боловсруулах үйлдвэр барих гэж байна. Мөн коксын үйлдвэр, Зүүнбаянгийн төмөр зам дагасан олон уурхайнууд нээгдэнэ. Мөн хүнд үйлдвэрийн цогцолборууд бий болгохоор зорьж байна. Ер нь цаашид хүнд болон аж үйлдвэрийн цогцолбороор хөгжих зорилго тавиад ажиллаж байна.
-Нефть боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ бэлэн болоогүй байхад, үйлдвэрээ барьж эхлээгүй байж хүн амьдрах байр бариад байна гэж гишүүд их шүүмжилж харагдсан. Юу болж байгаа вэ?
-ТЭЗҮ нь хийгдээд дууссан. Одоо иргэний зориулалттай байшингаа барьж байна. Эмнэлэг, гал команд, ажилчдын хоол иддэг байшин, гадаад, дотоодын ажилчдын орон сууцны барилга, гуанз баригдаж байна. Ингэж байж технологийн ажлаа эхлүүлнэ. 2023 оноос угсраад явна. Нефть боловсруулах үйлдвэр газар дээр ил байдаг, нарийн технологитой асуудал. Энэ эрчээрээ явбал 2024 оны сүүлээр ашиглалтад орох болов уу гэсэн бодолтой байна.
-Хилийн асуудал анхаарлын төвд байсаар байна. Ачаа тээврийг татаж авах ажиллагаа ямар байна?
-Импортын ачаа эргэлтээ аваад эхэлчихлээ. Эм, эмнэлгийн хэрэгсэл гэх мэт. Үнэ ханшийн хувьд буурсан. Хилийн тэг цэгээс Замын-Үүд хүртэл таталт хийж байна. Уртын тээвэрт нь орон нутгийн тээвэрчид явж байгаа юм билээ. Хамгийн гол нь өвчин гарахгүйгээр яваад байвал өдөр ирэх тусам импортоор авдаг ачаа эргэлт нэмэгдэнэ. Замын-Үүдийн гаалийн шинэчлэлийн асуудал энэ жил дуусна. Энэ жил дуусвал найм дахин томорно. Төмөр замаар ачаа эргэлт явсаар байгаа. Тасраагүй. Чингэлэгтэй ачаанууд сайн орж ирж байгаа юм билээ.
-Одоо төрийн тусгайгийн алба хаагчид жолоочоор ажиллаж байгаа. Тэнд амьдралаа залгуулж байсан жолооч нар ажилгүй, хоолгүй болоод байна шүү дээ?
-Тэг цэгээс Замын-Үүд хүртэл ХХЕГ-т ажиллаж байсан энгийн жолооч нар явж байна. Тэнд тусгааарлагдаад, тусгай горимын дагуу ажиллаж байна. БНХАУ-д олимп нь, хурал нь болоод дөрөв юм уу тавдугаар сард нөхцөл байдал гайгүй болвол манай жолооч нар явдгаараа л явна. Тиймээс түүнээс наана тусгай горимоор, тусгаарлагдсан хүмүүс явахаас өөр аргагүй. Өвчин гарвал дахиад л 28 хоног, түүнээс олон хоногоор хаагдаж мэднэ.