Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн боллоо
Сонгинохайрхан дүүргийн удирдах ажилтнуудын ээлжит шуурхай зөвлөгөөн өнөөдөр боллоо. Хурлын эхэнд өнгөрсөн хуралдаанаар өгсөн үүрэг даалгаврын биелэлттэй танилцав.
Мөн Цагдаагийн газар, Эрүүл мэндийн төв, Агаарын бохирдолтой тэмцэх тасаг, Эрүүл мэндийн төв болон бусад хэлтэс, албадын удирдлагууд цаг үеийн нөхцөл байдлын талаарх мэдээллийг танилцууллаа.
Ээлжит хуралдаанаар нийт байгууллагуудад “Covid-19” халдварын тархалтыг бууруулах ажлын хүрээнд иргэд, албан хаагчдаа дархлаажуулалтын нэмэлт тунд идэвхтэй хамруулах, Нийслэлийн Онцгой комиссын 2021 оны 15 дугаар тушаалын дагуу сайжруулсан түлшний нөөц, хангалт, түгээлт, угаарын хийн хордлогоос урьдчилан сэргийлэх ажлуудыг зохион байгуулах асуудал хэлэлцлээ.
Түүнчлэн Нийслэлийн 2022 оны төсөв батлагдсантай холбогдуулан хөрөнгө оруулалт, төсөл арга хэмжээний задаргааг НЗДТГ-ын Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн хэлтэст хүргүүлэх, 2022 оны худалдан авах ажиллагааны төлөвлөлтийг боловсруулж, батлуулан холбогдох дээд шатны байгууллагад хүргүүлж, энэ онд хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалтаар хийгдэх ажлуудыг олон нийтэд мэдээлэх, зар хүргэх ажлуудыг зохион байгуулах, 2022 оны шинэ жилийн баярыг бүх шатны боловсролын сургалтын байгууллагын багш, ажилтан, суралцагчдын дунд тэмдэглэхгүй байхад онцгойлон анхаарахыг үүрэг болголоо.