2021.11.29
Ирэх онд Дорноговь аймагт Улсын төсвийн 31.6 тэрбум төгрөгөөр бүтээн байгуулалтын ажил хийгдэнэ
УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан, Т.Энхтүвшин нар Дорноговь аймгийн барилгын салбарын үйл ажиллагаа эрхэлдэг аж ахуй нэгжийн төлөөллүүдтэй уулзаж, орон нутгийн иргэдийг ажлын байраар хангах, тус салбарт тулгамдаж буй асуудал, 2022 оны улсын төсвийн талаар мэдээлэл солилцсон юм.
Дорноговь аймгийн хувьд 2022 оны улсын төсвийн 31.6 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар бүтээн байгуулалтын ажлууд хийгдэхээр болжээ. Мөн орон нутгийн хөгжлийн санд 10.3 тэрбум төгрөг тусгагдсан байсныг 9 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлж, нийт 19.3 тэрбум төгрөгийг батлуулсан байна.
Ташрамд дурдахад, 2021 оны улсын төсвийн хөрөнгөөр хийгдэж буй Хүүхдийн парк, Ахмадын сувилал, 800 хүний суудалтай Саранхөхөө театр, Замын-Үүд сумын Соёл урлагийн ордон, 100 ортой эмнэлэгийн барилга зэрэг ажлын гүйцэтгэлд шилжих хөрөнгө оруулалтаар 13.5 тэрбумын санхүүжилтийг тус тус тусгаад байна.