Ургац хураалтыг ирэх сард дуусгана
2012.09.12

Ургац хураалтыг ирэх сард дуусгана

  • Ургац хураахад 5.6 мянган тонн шатахуун шаардана, харин одоогоор улсын хэмжээнд ДТ-ний нөөц 13 хоног буюу 21.8 мянган тонн байгаа аж.
УИХ-ын Байгаль орчин, хүнс хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаан болж, Үйлдвэр хөдөө аж ахуйн сайд Х.Баттулга ургац хураалтын ажлын явцын талаар мэдээлэл хийлээ.

Ургац хураалт улсын хэмжээнд есдүгээр сарын 3-нд эхэлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар 10.4 мянган га-г ангилан хаджээ. Салбарын яамнаас ургац хураалтыг ирэх аравдугаар сард багтаан дуусгах ёстой гэсэн чиг барьж буй аж. Мөн өнөө жил үр тариа 481 мянган тонныг, улаан буудай 468.8 мянган тонныг тус бүр хураан авна гэсэн урьдчилсан тооцоо гарсан байна. Ургац хураахад 5.6 мянган тонн шатахуун шаардана, харин одоогоор улсын хэмжээнд ДТ-ний нөөц 13 хоног буюу 21.8 мянган тонн байгаа аж.

Энэ жилийн ургацаас гурил үйлдвэрлэлд нийтдээ 386.4 мянган тонн буудай нийлүүлэгдэнэ, дээр нь өнгөрсөн жилийн 115.1 мянган тонн улаан буудай хадгалагдаж буй аж. Өөрөөр хэлбэл, өнгөрсөн жилийн үлдэгдэл улаан буудай дээр одоо хураах буудайг нэмэхээр нийтдээ 501.1 мянган тоннд хүрнэ. Энэ нь дотоодынхоо гурилын хэрэгцээг 100 хувь хангаад зогсохгүй  илүүдэл үүсэх тул 100 мянган тонн улаан буудайг өмнөд хөршид экспортлохоор ажил эхэлсэн тухай салбарын сайд нь онцоллоо. Дээрх мэдээлэлтэй холбогдуулж УИХ-ын гишүүд өнгөрсөн жил хураан авсан буудайг урд хөршид экспортолно гэж Хүнс, хөдөө аж ахуйн яам хэлэлцээр хийсэн ч тэр нь ажил хэрэг болоогүй. Тиймээс дахин ийм алдаа давтагдах вий гэсэн болгоомжлолтой байгаагаа мэдэгдсэн юм.

Мөн тус байнгын хорооны хуралдаанаар Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцүүлгийн шатанд УИХ-ын гишүүн С.Дэмбэрэл  дээрх мөрийн хөтөлбөрийн төсөлд олон зүйлийг өөрчлөх шаардлагатай байгааг санууллаа. Тухайлбал, барилгын материалыг дотооддоо үйлдвэрлэж шинэчлэл хийнэ гэж Засгийн газрын мөрийн хөтөлбөрт заасан нь буруу, эл асуудал бол салбарын яамных нь шийдэх асуудал гэж байв. Дээр нь банкны зээлийн хүүг бууруулж нэг оронтой тоонд оруулна гэж заасан хэрнээ ямар арга замаар бууруулах вэ гэдэг нь байхгүй. Энэ мэтчлэнгээр засч залруулах зүйл байна гэлээ. Улмаар гишүүдээс дээрх мөрийн хөтөлбөрийн төсөлтэй холбодуулан гаргасан саналаар санал хураалгаж дэмжигдэв. Тухайлбал, Засгийн газрын 2012-2016 оны мөрийн хөтөлбөрт Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлого, Монгол мал хөтөлбөр, Шинэ бүтээн байгуулалт зэрэг өмнөх парламентаас баталсан УИХ-ын тогтоолын төслүүдийн хэрэгжилтийг эрчимжүүлэх саналыг нэр бүхий гишүүн гаргасныг санал нэгтэй дэмжсэн юм.

Ийнхүү Засгийн газрын үйл ажиллагааны 2012-2016 оны мөрийн хөтөлбөрийн төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй хэмээн үзсэнээр тус байнгын хорооны хуралдаан өндөрлөв.
 
0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.