2021.11.15

Нийслэлийн жишиг суурьшлын бүсийн бүтээн байгуулалтын ажил үргэлжилж байна

НИТХ-ын Тэргүүлэгчдийн 2017 оны 167 дугаар тогтоолын дагуу Улаанбаатар хотын иргэд, оршин суугчдын амралт, чөлөөт цагаа ая тухтай өнгөрөөх орчин нөхцөлийг бүрдүүлсэн, орчин үеийн эко амралт, зугаалга, эрүүл мэндийн ногоон бүсийг бий болгож хөгжүүлэхээр гурван жишиг суурьшлын бүс бий болгохоор болсон.

Энэ хүрээнд "Хөгжлийн үүд" жишиг суурьшлын бүсэд  Баянзүрх дүүргийн 11, Налайх дүүргийн 3,7 дугаар хороо Хонхор орчмын 252 га газар хамрагдана. Энэ бүсэд ногоон хотын үзэл баримтлалыг хот байгуулалтын бодлоготой хослуулсан, эрүүл амьдралын хэв маягийг дэмжсэн, ажлын байртай, амьдрахад таатай жишиг суурьшлын бүс бий болгохоор зорж буй. Тус бүсэд нийгмийн дэд бүтэц төлөвлөлтөөр 1510 хүүхдийн найман цэцэрлэг, 1840 хүүхдийн хоёр сургууль, 100 ортой эмнэлэгт 1 их наяд 85 тэрбум төгрөг зарцуулах юм.

Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн 32, Хан-Уул дүүргийн 12,  Баянзүрх дүүргийн 20, 23 дугаар хороо гэсэн гурван байршлын 205 га газарт шинэ суурьшлын бүс хэрэгжинэ. Энэ бүсэд нийгмийн дэд бүтэц төлөвлөлтөөр 960 хүүхдийн хоёр цэцэрлэг, 960 хүүхдийн сургууль, 300 ортой сувилал, 1,810 хүний ажлын байранд 400 гаруй тэрбум төгрөг зарцуулах аж.

Мөн Морингийн даваа орчмын шинэ суурьшлын бүсийг хөгжүүлэх төсөлд 129 га газар хамрагдаж байна. Эхний ээлжийн 34,4 га газарт нийслэлийн төсвөөс Дулааны цахилгаан станц төсөвт өртөг 22,5 тэрбум, Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр цахилгааны иж бүрэн ажил 60 хувь, Усан сангийн ажил 80 хувь, Өргөх станц болон бохир усны шугамын ажил 90 хувь явагдаж байна.

 

Харин нийгмийн дэд бүтцийн төлөвлөлтөөр 2130 хүүхдийн цэцэрлэг, 4260 хүүхдийн сургууль, 488 ортой эмнэлэгт нийт 1,200 тэрбум төгрөг зарцуулна.

Ийнхүү нийслэлчүүдийн амралт чөлөөт цагаа өнгөрөөх таатай нөхцөлийг бүрдүүлсэн жишиг суурьшлын бүсүүдийн ажил үргэлжилж байна.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn