Төрийн архивын улсын үзлэгийн ажлын хэсэг Улсын бүртгэлийн нэгдсэн архивд ажиллаж байна
2021.11.04

Төрийн архивын улсын үзлэгийн ажлын хэсэг Улсын бүртгэлийн нэгдсэн архивд ажиллаж байна

Хууль зүй, дотоод хэргийн сайдын “Төрийн архивын үйл ажиллагаанд улсын үзлэг зохион байгуулах тухай” 2021 оны А/173 дугаар тушаалын дагуу төрийн 37 архивд улсын үзлэг явагдаж байна.

  Батлагдсан хуваарийн дагуу 21 аймгийн төрийн архивуудад хийх улсын үзлэг өндөрлөж, энэ сараас нийслэлд үйл ажиллагаа явуулж буй төв, төрөлжсөн, тусгай архивуудад үргэлжилж байна.

  Архивын ерөнхий газрын дарга, архив, албан хэрэг хөтлөлтийн хяналтын улсын ерөнхий байцаагч С.Энхбаатараар ахлуулсан ажлын хэсэг 2021 оны 11 сарын 02-ны өдөр Улсын бүртгэлийн нэгдсэн архивын үйл ажиллагаанд улсын үзлэгийг эхлүүллээ.

  Ажлын хэсэг энэ үеэр Улсын бүртгэлийн ерөнхий газрын дарга Д.Дэлгэрсайхан, Улсын бүртгэлийн нэгдсэн архивын дарга С.Оюунгэрэл нартай уулзаж, төрийн архивын хадгалалт, хамгаалалт, хадгаламжийн сангийн нөхцөл байдал, архивын эх нотлох баримтыг бүрэн цахимжуулах, цахим хэрэглээг нэмэгдүүлэх, бүртгэлийн байгууллагын системийн хэмжээнд ашиглагдаж байгаа техник ба программ хангамж, мэдээллийн сангийн талаар санал бодлоо солилцов.

  Үзлэгийн ажлын хэсгийн ахлагч С.Энхбаатар Улсын бүртгэлийн нэгдсэн архивын үйл ажиллагаанд хэд хэдэн ажлыг санаачлан дэвшил гаргасан байгааг сайшаан дүгнэлээ.Тухайлбал:

Хууль зүй, дотоод хэргийн яамны дэмжлэг, байгууллагуудын удирдлагуудын хүчин чармайлтын үр дүнд Улсын бүртгэлийн ерөнхий газар нь төрийн архивын зориулалттай 5-6 давхар 3 блок бүхий 8,914 м2 архивын үйлчилгээний зориулалттай шинэ барилга, байгууламжийг 2021 оны 4 дүгээр сард ашиглалтад оруулсан байна.


Улсын бүртгэлийн нэгдсэн архивд Монгол Улсын хэмжээнд улсын бүртгэлийн баримтыг төвлөрүүлэн, нийслэлийн харьяалалтай хуулийн этгээдийн хувийн хэрэг, газрын бүртгэлийн хувийн хэрэг зэрэг баримтууд хадгалагдаж, хадгалалт, хамгаалалтын нөхцөлийг бүрэн хангасан хадгаламжийн сан, техник хэрэгсэлтэйгээр үйл ажиллагаагаа явуулж байгаа нь үлгэр жишээ байгааг онцлов.