2021.08.26

Хөвсгөл аймгийн Түнэл, Жаргалант сумдад үүрэн холбооны дахин дамжуулах станц ашиглалтад орлоо

Хөвсгөл аймгийн Жаргалант сумын Цагаан бургас багийн нутаг Ганц модны дух, Түнэл сумын Зуны гол, Навчилтай багийн нутаг Хамрын даваанд үүрэн холбооны дахин дамжуулах станцыг ашиглалтад орууллаа.

Эл бүтээн байгуулалтыг Харилцаа холбоо, мэдээллийн технологийн газрын Бүх нийтийн үйлчилгээний үүргийн сангийн 400 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар барьж ашиглалтад оруулсан байна. 

Дээрх сумдын иргэд, удирдлагын зүгээс тойргоосоо сонгогдсон УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатарт хүсэлт ирүүлсний дагуу уг дахин дамжуулах станцыг ашиглалтад оруулах ажлыг эрчимжүүлсэн байна. 

Энэхүү дахин дамжуулах станц ашиглалтад орсноор тухайн багийн иргэд төдийгүй тус бүс нутагт хамаарах алслагдсан сум, багийн малчин иргэд харилцаа холбооны сүлжээнд холбогдох боломж бүрдэх юм.

Хөвсгөл аймагт өнгөрсөн хугацаанд Харилцаа холбооны салбарт 3,2 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалтаар Цахим үйлчилгээний төвийн байр, өндөр хурдны шилэн кабель, үүрэн холбооны 3G сүлжээ болон дахин дамжуулах станцуудыг барьж ашиглалтад оруулаад байна.