Соёл урлагийн салбарыг шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлнэ
2021.11.09

Соёл урлагийн салбарыг шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлнэ

Сoёл, урлаг бол үндэстэн оршихуйн баталгаа, тусгаар тогтнолын дархлаа тул хуулиар хамгаалж, дэмжиж хөгжүүлэх шаардлагатай. Ийм учраас 2021 оны Улсын Их Хурлын хаврын чуулганаар Соёлын тухай хуулийн шинэчилсэн найруулга болон Монгол Улсын түүхэнд анх удаа Кино урлагийг дэмжих тухай хуулийг баталсан юм.

Хууль батлагдсанаар Монголын соёлын давтагдашгүй хэв шинжийг тодорхойлох, хамгаалах хүрээнд төрөөс тусгайлан дэмжлэг үзүүлэх, соёлын үйл ажиллагааны чиглэлийг тодотгон, соёл судлал, соёлын боловсролын үйл ажиллагааг өргөжүүлэх, соёлын үнэт зүйлийн бүртгэл, үнэлгээний болон соёлын бүтээлч үйлдвэрлэлийн асуудлыг зохицуулах эрх зүйн үндэс ийнхүү бүрдлээ.

Г.Мөнхцэцэг: УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч

 

“Хууль батлагдсанаар Үндэсний өв соёл, үнэт зүйлийн нэгдсэн бүртгэл, мэдээллийн сантай болж, Соёлын бүтээлч үйлдвэрлэлийг дэмжин хөгжүүлж, баялаг бүтээнэ. Соёл судлал, үндэсний соёл урлагийн байгууллагуудыг бэхжүүлэн, Мэргэшлийн зэргийн нэмэгдэл, цалин хөлс, урамшууллын тогтолцоог бүрдүүлж, орон нутгийн соёл урлагийн ажилтнуудад 5 жил тутам 6 сарын цалингийн хэмжээтэй нэмэгдэл олгох юм. Үндэсний соёлын орчин, орон зайг хөгжүүлэх, соёлын боловсрол олгох тогтолцоо бүрдүүлж, соён гэгээрлийн үйл ажиллагааг дэмжиж, Соёлын хөрөнгө оруулалтад татварын хөнгөлөлт чөлөөлөлт эдлүүлнэ. Түүнчлэн хяналт, хариуцлагын тогтолцоог улсын хэмжээнд бүрдүүлэх зэрэг олон чухал өөрчлөлт, ахиц дэвшлийг авчирч буй.”

Харин Кино урлагийг дэмжих тухай хууль батлагдаж, хэрэгжсэнээр төрөөс кино урлагийг дэмжих бодлого нь ил тод, өрсөлдөх тэгш боломжтой, шударга, ойлгомжтой, энгийн байх зарчмыг тогтоож, уран бүтээлчийн хөгжлийг дэмжих, кино үйлдвэрлэлд шаардагдах дэд бүтцийг бий болгоно. Мөн кино урлагийн мэдээллийн сан бүрдүүлэх, кино урлагаар дамжуулан түүх, өв соёлоо дэлхийд сурталчлан таниулах зэрэг зохицуулалтууд энэ хуульд тусгалаа оллоо. Үүний ач холбогдолыг УИХ-ын дарга З.Занданшатар “Соёл урлагийн салбараа шинэ нөхцөлд сэргээн хөгжүүлэхэд  онцгой анхаарал хандуулсан чуулган боллоо”  гэж УИХ-ын хаврын чуулганы хаалтын үеэр онцлон хэлсэн. Ийнхүү өнгөрсөн намрын чуулганаар батлагдсан Музейн тухай хууль болон хаврын чуулганаар батлагдсан дээрх хоёр хууль цогцоороо хэрэгжсэнээр соёлын салбарын хууль эрх зүйн орчин бүрдэж байна. 

Б.Жаргалмаа:УИХ-ын гишүүн, Хуулийн төслийн Ажлын хэсгийн ахлагч

 

“Кино урлагийг дэмжих тухай хууль арав гаруй жил яригдаж, хэлэлцэгдэж байж батлагдлаа. Энэ салбарынхан өөрсдөө хуулиа бүтээж, баталлаа гэж хэлмээр байна. Яагаад гэвэл хуулийн төсөл дээр ажилласан хүмүүсийн 80 гаруй хувь нь киноны уран бүтээлчид байсан юм. Хууль батлагдсанаар Монголын төр киноны уран бүтээлчдээ дэмжих, урамшуулах, дэд бүтцээр хангах боломж бүрдэж байгаагаас гадна киночид маань дэлхийн зах зээлд гарч, эх орноо сурталчлан таниулах гарц илүү нээлттэй боллоо гэдгийг онцлон хэлмээр байна.”

 гэдгийг онцолсон билээ.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn