2021.10.20

Г.Дамдинням: Зам тээврийн яам асуулга явуулахаар тэнэг хүнд хариулт өгч байгаа юм шиг хариулт илгээдэг

ЭЗБХ-ны өнөөдрийн \2021.10.20\ нэгдсэн хуралдаанаар Улсын Их Хурлын гишүүн Г.Дамдиннямаас ирүүлсэн “ДарханУлаанбаатар хоорондын автозамын асуудлаар мэдээлэл сонсох тухай” асуултын хариуг сонслоо. 

УИХ-ын гишүүн Г.Дамдинням: 

УИХ-ын гишүүн болоод жил гаран боллоо. Дарханы замтай холбоотой нэлээн зузаан бичиг цаастай боллоо. 24 бичиг зам тээврийн яам руу явуулж араас нь хөөцөлдлөө. Л.Халтар сайдтай хувь хүний хувьд асуудал алга. Уг нь Халтар сайд тус яамд дэд сайдаас нь эхлэн удирдаж байгаа хүн. 

УИХ-ын гишүүн хувьд асуулт, асуулга явуулж асуух л эрх хэмжээтэй. Асуулт явуулахаар асуултад зөрүүлж хариулдаг. Тэнэг хүнд хариулт өгч байгаа юм шиг. 2021 оны 6-р сарын 17-ны өдөр явуулсан асуулгын хариуд буюу нэгдүгээр асуулт болох Улаанбаатар Дархан чиглэлийн нэгийн хоёр, нэгийн дөрөвдүгээр багцын компанийг сонгон шалгаруулсан үйл ажиллагааг хэн зохион байгуулсан бэ? Хуулийн хариуцлага хүлээх талаар танай яам шалгуулсан асуудал байна уу? гэх асуулт тавьсан. 

Өөр өөр хэлбэл ямар ч тоног төхөөрөмжгүй, ажиллах хүчингүй, тендерийн шалгуур хангахгүй компанийг шалгаруулсан байдаг. 90 км замын ажил. Энэ замын төслийн 50 хувийг хийх компанид ийм компани шалгаруулсан байдаг. Азийн хөгжлийн банк гэж хэсэг энэ асуултаас бултуулсан. Одоо бол бодит зүйл нь Зам тээврийн яам шалгаруулан Азийн хөгжлийн банк руу явуулсан. Энэ айлыг хэн шалгаруулсан бэ? 

Хариулт нь Сингапурын арбитрын чиглэлд хандаж цаг алдах учраас энэ чиглэлд ажиллаагүй гэдэг. Тус компани учруулсан хохирол болоод шалгаруулсан тендерийн комиссын хохирлыг хэн хариуцах вэ? Хууль хяналтын байгууллаар яагаад шалгуулахгүй байгаа вэ? 

Нийт зээлийн хэмжээнд Монгол Улс сардаа, жилдээ хэдэн төгрөгийн хүү төлж байгаа вэ? Одоо үндсэндээ 3 дахь жил рүүгээ энэ ажил орж байна. Энэ жил хэдэн хувийн ахиц гарсан бэ? Төслийн багаа Зам тээврийн яам байгуулаагүй учир санхүүжилт 2 сар гацсан. Энэ яагаад асуудал болоод байгаа вэ? 

Одоогийн байдлаар нийт ажил 40 орчим хувийн хоцрогдолтой явж байгаа. Ус цаг уур, орчны шинжилгээний газраас асуух зүйл байна. Дархан замын зөвхөн нэг багц дээр 64 өдөр бороо орсон гэх тайлбар өгдөг. Ганцхан тэр багц хийгдэж байгаа нутагт. Энэ үнэн үү? 

Замын ажлын гүйцэтгэлийн баталгааг яаж зохицуулж байгаа вэ? Хөдөлгөөнийг нээсэн 113 км зам байгаа гэсэн. Баталгаа нь жилийн хугацаатай байдаг. Гэрээгээр зам нээх ёсгүй байсан та нар нээлгэсэн учраас бид хариуцахгүй гэж гүйцэтгэгч байгууллага дуугарч байна. Баталгааг яаж хариуцуулах вэ? 

Түүний асуултад ЗТХ-ийн сайд Л.Халтар хариулав.