2021.10.18
С.ЧИНЗОРИГ: Эдийн засаг тогтворгүй үед төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шууд зогсоох нь эрсдэлтэй
-ХӨГЖЛИЙН ЯАМ БАЙГУУЛАХ НЬ ЗҮЙТЭЙ-
УИХ-ын гишүүн С.Чинзоригтой цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Чуулганы намрын ээлжит хуралдаанаар эдийн засгийн чухал асуудлуудыг хэлэлцүүлж эхэллээ. Тухайлбал, өнгөрсөн долоо хоногт Эдийн засгийн байнгын хороогоор Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн төслийг хэлэлцүүлсэн. Мөнгөний бодлогыг ирэх онд инфляц, эдийн засгийн өсөлттэй хэрхэн уялдуулсан бол?
-Намрын чуулган эхлээд хоёр долоо хонолоо. Өнгөрсөн долоо хоногт чуулганаар Монгол Улсын 2022 оны төсвийн төсөл болон Мөнгөний бодлогын талаар баримтлах үндсэн чиглэлийн анхны хэлэлцүүлгүүдийг явууллаа. Эдийн засгийн байнгын хорооны хуралдаанаар Төрөөс мөнгөний бодлогын талаар 2022 онд баримтлах үндсэн чиглэлийн хэлэлцээд гишүүд чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэх нь зүйтэй гэж үзсэн.
2021 оны Их хурлаас баталсан төрийн мөнгөний бодлого үр дүнгээ өгч байгаа гэсэн бодолтой байна. Нэг жилийн хугацаанд ам.долларын ханш харьцангүй тогтвортой байлаа. Энэ нь Монголбанкнаас авч хэрэгжүүлсэн арга хэмжээний үр дүн мөн. Гэхдээ би бас энэ нь тийм сайн үзүүлэлт биш. Учир нь, ам.долларын ханш тогтвортой байгаа ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. 2021 оны эхний арван сарын үнийн өсөлт ес орчим хувьтай байгаа гэсэн судалгаа гарсан байна. Мөн импортоор орж байгаа бараа бүтээгдэхүүн, тэр дундаа барилгын материалын үнэ их хэмжээгээр нэмэгдчихлээ. Энэ нь гадаад хүчин зүйл, тээврийн зардал нэмэгдсэнтэй холбоотой.
Хэдий ам.долларын ханш тогтвортой байгаа гэж байгаа ч бизнес хумигдаж, валютын эрэлт нэмэгдсэнтэй холбоотой. 2021 онд Монголбанк Засгийн газартай хамтарч Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын хөтөлбөрийг хэрэгжүүлсэн. Энэ хөтөлбөрийн үр дүнг авч үзэхэд 2.5 их наяд төгрөгийн жилийн гурван хувийн хүүтэй зээлийн аж ахуйн нэгж, иргэдэд олгосон байна. Энэ бол 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгч байгаагийн илрэл. Гэхдээ эргэлзэж байгаа зүйл бий.
ИРГЭД, АЖ АХУЙН НЭГЖҮҮДЭД ОЛГОХ ЗЭЭЛИЙН ХАМРАХ ХҮРЭЭГ ӨРГӨЖҮҮЛЭХ ХЭРЭГТЭЙ
-Тодруулбал?
-Нэгдүгээрт, өнгөрсөн жилийн өдийд Мөнгөний бодлогын талаар хэлэлцүүлж байхад Монголбанкны үнэт цаас 8.3 их наяд төгрөг байсан. Өнөөдрийн байдлаар Монголбанкны үнэт цаас 8.2 их наяд төгрөг байна. Үүнээс харахад 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд зээл аж ахуйн нэгжүүдэд очсон ч их хэмжээний үнэт цаас байгаад байгаа нь арилжааны банкууд аж ахуйн нэгж байгууллагад зээл олгох сонирхол бага байна. Төв банкны үнэт цаасыг худалдан авах сонирхол хэвээр байна уу гэж харж байна.
Хоёрдугаарт, хэрэглээний зээлээ арилжааны банкууд хумьчихсан байх эрсдэл бйи. Гуравдугаарт, Монголбанкнаас бидэнд өгсөн мэдээллээр арилжааны банкуудын төгрөгийн харилцах болоод хадгаламжийн хэмжээ 20 их наяд төгрөгт хүрсэн. Энэ нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад 43.8 хувиар өссөн гэсэн дүн мэдээ бий. Тэгэхээр 10 их наядын хөтөлбөр үр дүнгээ өгсөн үү гэдэг эргэлзээ миний эргэлзээ энд байгаа юм. Яагаад гэвэл зээл авсан иргэд зээлийн хөрөнгөө аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг өргөжүүлж тэлэхэд зарцуулсан уу, эсвэл хадгаламжид хийгээд байна уу гэдэг асуулт байна.
Цаашдаа Төрийн мөнгөний бодлогыг Их хурал батлахдаа хоёр асуудалд анхаарах хэрэгтэй. Нэгдүгээрт, 10 их наядын хөтөлбөрийг үр дүнтэй болгох. Ингэхдээ иргэд, аж ахуйн нэгжүүдэд олгох зээлийн хамрах хүрээг өргөжүүлэх хэрэгтэй. Одоо бол эргэлтийн хөрөнгөнд нь зориулсан зээл л олгоод байгаа юм. Цаашид хүрээг нь өргөжүүлээд хөрөнгө оруулалтын зээлийн олгох тал дээр анхаарах нь зүйтэй. Ингэвэл аж ахуйн нэгжүүд шаардлагатай тоног төхөөрөмжөө худалдаж аваад үйл ажиллагаагаа өргөжүүлнэ.
Хоёрдугаарт, Засгийн газрын хөтөлбөр гэж байгаа хэр нь 10 их наядын зээлийг олгохдоо арилжааны банкууд ердийн зээл олгодог нөхцөл шаардлагаа тавиад байна. Засгийн газар хүүгийн зөрүүг өгч байгаа бол арилжааны банкууд зээлийн нөхцөлөө сулруулах шаардлагатай. Энэ саналуудаа би төсөлд тусгуулахын төлөө ажиллана.
-Засгийн газрын өр 33 тэрбумд хүрчихсэн гэдэг мэдээллийн Монголбанкны Ерөнхийлөгч өгч байсан. Энэ тухайд?
-Өрийн хэмжээ 2.7 их наядаар нэмэгдсэн гэсэн. Энэ талаар Сангийн сайд төсөв хэлэлцэх үеэр дэлгэрэнгүй мэдээлэл өгөх байх.
-Монголбанк мөнгөний бодлогоо зургаан хувьд барина гэж байгаа. Эдийн засгийн өнөөгийн нөхцөл байдлаас харахад ийм боломж байна уу?
-Төрийн мөнгөний бодлогод зургаан хувь гэж тодорхойлсон хоёр зүйл бий. Нэгдүгээрт, инфляцын түвшинг нэмэх, хасах хоёр хувьд барина гэж тооцсон. Ингэвэл төгрөгийн худалдан авах чадварыг бууруулахгүй байх, ам.долларын ханшид огцом савалгаа гаргахгүй байх. Хоёрдугаарт, Монголбанк бодлогын хүүг зургаан хувьд барина гэсэн. Ингэснээр арилжааны банкуудад сул чөлөөтэй хөрөнгө оруулалтын боломж олгож, үүгээрээ бизнес эрхлэгчид хүү багатай зээл олгох боломж нээгдэх юм.
-2022 оны улсын төсвийг Их хурлаар хэлэлцүүлж эхэлсэн. Таны тухайд энэ төсвийг хэр чамбай төсөв болсон гэж харж байна вэ?
-Ирэх оны төсвийг харахад орлогыг дайчлахыг эрмэлзсэн байна. Мөн хөрөнгө оруулалт, дэд бүтцийг сайжруулахад анхаарсан байна лээ. Тэр дундаа эрчим хүч, зам тээврийн салбарт хэрэгжүүлэх хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлсэн өөдрөг төсөөлөлтэй байна. Болгоомжлох зүйл бий. Ковидын нөхцөл байдал ор мөр алга болчихоогүй, нас баралт буурахгүй байна. Тиймээс байдал үргэлжилсээр байхад Засгийн газраас цар тахлын үед авч хэрэгжүүлж байсан арга хэмжээгээ зогсоох, цахилгаан дулааны үнийн хөнгөлөлтийг болиулах зэрэг арга хэмжээ авч байгаа. Энэ нь зөв үү, буруу юу гэсэн эргэлзээ бий.
Халамжаа зогсоогоод хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих гэж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна
Тухайлбал, халамж, тэтгэврийн санхүүжилтийг 75 тэрбум төгрөгөөр бууруулж байгаа юм байна. Ковидын нөхцөл байдлаас шалтгаалаад халамжийн сангаас тэтгэвэр авдаг иргэдийн тэтгэмжийг өнгөрсөн жил 100 мянган төгрөгөөр нэмсэн. Мөн хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн тэтгэвэр, хүүхдийн халамж зэргийг бууруулж байгаа. Ковидын нөхцөл байдал дээрдэж, иргэд ажил хөдөлмөр эрхлэх, орлогоо нэмэгдүүлэх боломжтой болж байгаа бол өөр хэрэг. Халдварын дэгдэлт нэмэгдэж, эдийн засаг тодорхойгүй байгаа үед төрөөс хэрэгжүүлж байгаа арга хэмжээг шууд зогсоох нь эрсдэлтэй. Халамжаас хөдөлмөрт гэсэн зүйл яриад байна. Гэхдээ халамжаа зогсоогоод хөдөлмөр эрхлэлтийг яаж дэмжих гэж байгаа вэ гэдэг нь тодорхойгүй байна.
ХАЛАМЖ, ТЭТГЭВРИЙН САНХҮҮЖИЛТИЙГ 75 ТЭРБУМ ТӨГРӨГӨӨР БУУРУУЛЖ БАЙГАА
-Хүүхдийн мөнгийг Ирээдүйн өв санд төвлөрүүлж, хуримтлал бий болгоно гэдэг зүйлийг яриад байгаа. Гэтэл хүүхдийн мөнгө гэдэг чинь хүүхдийн өнөөдрийн хэрэгцээнд зарцуулах хөрөнгө гэж олгож байгаа дэмжлэг шүү дээ?
-Хүүхдийн мөнгийг халамжийн бодлого гэж үзэж болохгүй. Энэ бол хүн амын өсөлтиийг дэмжсэн ирээдүй, хойч үедээ хөрөнгө оруулж байгаа санхүүжилт гэж бий ойлгодог. Манай Засгийн газрын үед ковидын нөхцөл байдалтай уялдуулаад хүүхдийн мөнгийг 100 мянган төгрөг болгосон юм.
Харин 2022 оны төсөвт ирэх оны долдугаар сарын 1 хүртэл 100 мянган төгрөг хэвээр олгож, үүнээс хойш 50 хувийг нь бэлнээр 50 хувийг нь ирээдүйн өв сангаар баталгаажсан хуримтлал болгож олгоно гэсэн. Энэ бол ирээдүйд хийж байгаа хөрөнгө оруулалт гэдгээр нь дэмжиж болно. Хамгийн гол нь баталгаа байна уу гэдэг асуулт бий. ирээдүйн өв сангаар баталгаажиж байгаа учир үүнд санаа зовох шаардлагагүй. Харин 100 мянган төгрөгөөр сарын хэрэглээгээ залгуулж байгаа олон өрх бий. Тэгэхээр энэ иргэдийг цалин орлоготой байлгах талаар Засгийн газар ямар арга хэмжээ авах гэж байгаа гэдэг нь бүрхэг байна.
ХОЁР ЯАМ БАЙГУУЛСНААР ТӨСӨВ ДЭЭР ИХ ХЭМЖЭЭНИЙ АЧААЛАЛ ҮҮСЭХГҮЙ БАЙХ ГЭЖ БОДОЖ БАЙНА
-Ирэх онд хоёр яам байгуулахаар Засгийн газар төсвийн төсөлд тусгасан. Энэ хоёр яамыг байгуулах зайлшгүй шаардлага байна уу?
-Хөгжлийн бодлого төлөвлөлтийн болон Цахим инноваци бодлогын яам байгуулах санал орж ирсэн. Би Хөгжлийн яам байгуулах нь зөв зүйтэй гэж бодож байна. 2020 онд бид Үндсэн хуулийн нэмэлт өөрчлөлтөд Монгол Улс урт хугацааны хөгжлийн бодлоготой байна. Хөгжлийн бодлого нь тогтвортой байна гэж тусгасан. Нөгөө талдаа Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуультайгаа уялдуулж Хөгжлийн яам байгуулах шаардлага бий. Ийм яам байхгүйн улмаас өнгөрсөн 30 жилийн хугацаанд бид хөгжлийн нэгдсэн бодлого төлөвлөлтгүй явж ирсэн.
Тиймээс Хөгжлийн яам байгуулах нь зүйтэй. Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд өөрчлөлт оруулахаар Их хурлаар хэлэлцүүлж эхэлсэн. Мөн Засгийн газраас энэ хуульд өөрчлөлт оруулах төсөл өргөн барьсан. Энэ хоёр хуулийг нэгтгэж, анхны хэлэлцүүлэгт бэлтгүүлэхээр би ажлын хэсгийг ахалж ажиллаж байна. Хоёр яам байгуулснаар төсөв дээр их хэмжээний ачаалал үүсэхгүй байх гэж бодож байна. Учир нь төрийн алба хаагч нарын орон тоо шууд нэмэгдэхгүй байх. Үндэсний хөгжлийн газар, Мэдээлэл харилцаа холбоо, технологийн газар гээд агентлагууд бий. Энэ газруудын бүтэц орон тоо төсөв дээр суурилаад энэ хоёр яамыг байгуулах байх. Ингэвэл төсөв болоод орон тоон дээр зардал гарахгүй.