Д.Сумъяабазар: 2022.01.01-нээс Улаанбаатарын иргэдийн шинэ амьдрал эхэлнэ
2021.09.24

Д.Сумъяабазар: 2022.01.01-нээс Улаанбаатарын иргэдийн шинэ амьдрал эхэлнэ

Нийслэлийн удирдлагууд “Нээлттэй Улаанбаатар” хэвлэлийн хурал хийж,  цаг үеийн асуудлаар мэдээлэл хийлээ. Хотын дарга Д.Сумъяабазар “Улаанбаатар хотыг 2000-2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөний биелүүлэлт үнэхээр хангалтгүй буюу 29.6 хувьтай байна.

Улаанбаатар хотыг 2020-2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөг 2021 оны 12 дугаар сарын 30-ны дотор УИХ-аар батлуулах зорилготой ажиллаж байна. Энэ төлөвлөгөөний биелэлт  хамгийн багадаа 50 хувьд хүрэх ёстой. 2040 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд тусгагдсан асуудлыг дагалдуулж, 09 дүгээр сарын 29-нөөс 10 дугаар сарын 29 хүртэл нийслэлийн нийт иргэдээс санал асуулга авах юм.

 Улаанбаатар хотын дүрэм, стандарт ямар байх талаар нэгдсэн төлөвлөгөө гаргаж, 12 дугаар сарын 30-ны дотор бүх бодлогын бичиг баримт, хөгжлийн төлөвлөгөө, төсвөө цэгцэлж, шинэ бүтэц зохион байгуулалтад орж ажиллана. 2022 оны 01 дүгээр сарын 01-нээс Улаанбаатарын иргэдийн эрхзүйн шинэ цогц шийдэлтэй шинэ амьдрал эхэлнэ” гэдгийг хэвлэлийн хурлын эхэнд хэллээ.

Мөн хотын дарга 09 дүгээр сарын 23-ны өдрийн байдлаар нийслэл 56 мянган тонн сайжруулсан шахмал түлшний нөөцтэй байна. Өмнөх онд 80 орчим мянган тоннын нөөцтэй байсан. Энэ нь нийслэлийн баруун талын үйлдвэрийн үйл ажиллагааг түр зогсоосонтой холбоотой. Үйлдвэрүүд бүх хүчээ дайчлан 80 мянган тонн-д хүргэх зорилготой ажиллаж байна. Улаанбаатар хотыг дулаан байлгах асуудал бол шахмал түлштэй холбоотой. Бид үүнийг зохион байгуулалтад оруулж, 600 цэгээр шахмал түлшийг борлуулахаар бэлтгэл ажлыг хангаж байна гэсэн мэдээллийг өгч байна. 

 Нийслэлийн бүтээн байгуулалтын ажил 2022 оны 04 дүгээр сарын 01 гэхэд нэгэн зэрэг эхлэх ёстой гэсэн үүрэг чиглэлийг орлогч дарга, дүүрэг, агентлагийн удирдлагуудад хүргүүлээд байна. Улаанбаатар хот

  1. Хоггүй байх ёстой

  2. Ногоон байгууламжийг нэмэгдүүлсэн байх ёстой

  3. Хүнд суртал, авлигыг бууруулахын тулд цахим шилжилтийг хийсэн байх ёстой гэсэн үүрэг даалгаврыг өгөөд ажиллаж байгаагаа нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар мэдээлж байна.

Нийслэлийн 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөө биелэх боломжгүй

Нийслэлийн 2021 оны төсвийн орлогын төлөвлөгөө биелэх бололцоогүй байна. Коронавирусийн халдвартай холбогдуулан аж ахуйн нэгжүүдийн үйл ажиллагааг хааж, нээж, тогтвортой ажиллуулаагүй. Нийслэлийн төсвийн орлогын 60.5 хувийг ХАОАТ бүрдүүлдэг. Энэ татвар ААНБ-уудаас орж ирдэг. Бизнесийг хорьж хаах нь зөв арга биш. Төрийн уян хатан, мэдрэмжтэй зохицуулалтыг хийж, ААНБ-аа дэмжиж ажиллах ёстой гэдгийг хотын дарга Д.Сумъяабазар хэллээ.

 Нийслэлийн төсвийн орлогын төлөвлөгөө одоогоор 84 хувьтай байна. 10 дугаар сарын 07-нд НИТХ хуралдаж, хотын төсөвт тодотгол хийх аж. "Одоо нийслэлийн 2022 оны төсөв яригдаж байна. 2022 оны төсөв нэлээн онцлог болно. Шинээр батлагдсан хуулийн хүрээнд болоод нийслэл 2022 онд томоохон ажлуудаа эхлүүлэх төлөвлөгөөтэй байгаа" гэдгийг хотын даргын орлогч Ж.Сандагсүрэн мэдээллээ.