ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзав
2021.09.21

ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар Элчин сайд Майкл С.Клеческиг хүлээн авч уулзав

Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар өнөөдөр Америкийн Нэгдсэн Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт  Элчин сайд Майкл С.Клечески тэргүүтэй төлөөлөгчдийг хүлээн авч уулзлаа. 

Уулзалтын эхэнд Салбарын сайд олон улсын худалдаа, хөрөнгө оруулалтын асуудлаар ил тод байдлыг хангах тухай Монгол Улс, Америкийн Нэгдсэн Улс хоорондын хэлэлцээрийн хэрэгжилтэд онцгойлон анхаарал хандуулан ажиллаж байгаагаа илэрхийллээ. Мөн Америкийн Нэгдсэн Улсын Төрийн департаментын Хар тамхитай тэмцэх товчоотой хамтран хэрэгжүүлж буй ажлын амжилтыг цохон тэмдэглэв.

Уулзалтаар талууд дээрх хэлэлцээрийн хэрэгжилттэй холбоотой хууль эрх зүйн шинэтгэлийн бодлого болон эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан  буюу www.legalinfo.mn цахим хуудасны хөгжүүлэлтийн талаар ярилцаад,  цаашид хууль сахиулах чиглэлийн байгууллагуудтай хамтын ажиллагааг илүү гүнзгийрүүлж, алба хаагчдын хооронд харилцан туршлага солилцох талаар санал солилцлоо.