2021.09.14
Канад улсын ХАА-н салбартай хамтран ажиллана
Г.Дамдинням гишүүн УИХ дахь Монгол-Канадын Парламентын бүлгийн даргын хувиар Канад улсад айлчилж байгаа. Тэрээр ажлын айлчлал маань Саскачеван мужийн удирдлагуудын уулзалтаар амжилттай өндөрлөлөө хэмээн өөрийн цахим хуудаснаа мэдээлэл бичжээ.
Саскачеваны Парламентын гишүүн, Дээд боловсролын сайд Гэн Маковскитой хийсэн уулзалтаар:
- Монголын багш, оюутнуудыг англи хэлний сургалтад хамруулах;
- Боловсролын салбарт хамтран ажиллах ерөнхий баримт бичиг байгуулж их дээд сургуулиудын хамтын ажиллагааг дэмжих, тус мужид суралцах Монгол оюутны тоог нэмэгдүүлэх;
- 2+2 хөтөлбөр, оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэх;
- Орон нутгийн залууст орчин үеийн хөдөө аж ахуй, газар тариалангийн мэргэжил эзэмшүүлэх талаар ярилцаж, санал солилцлоо.
- Мөн Саскачеваны Парламентын гишүүн, Хөдөө аж ахуйн сайд Дэвид Мариттай уулзсан. Тус муж нь хөдөө аж ахуйн салбарыг шинжлэх ухаанд тулгуурлан хөгжүүлж, 2020 онд 16.9 тэрбум долларын үр тариа, мах экспортолжээ.
- Уулзалтаар:
- МАА-н чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлэх;
- Тус мужийн эрчимжсэн МАА, мал эмнэлэг, тариалалтын дэвшилтэт технологи, тоног төхөөрөмжийг Монголд нэвтрүүлэх;
- Canadian Western Agribition, Canada’s Farm Show олон улсын үзэсгэлэнд Монголын тариаланч, фермерүүдийг оролцуулах;
- Саскачеваны их сургуулийн дэргэдэх Мал, тэжээлийн судалгааны олон улсын төвтэй харилцаа холбоо тогтоох;
- ХАА-н салбарын төлөөлөгчдийг харилцан солилцох талаар ярилцаж, хамтран ажиллахаар боллоо.
Саскачеван муж нь цаг уур, газар нутгийн хувьд манай улстай ижил төстэй. Ялангуяа уул уурхай, газар тариалан, ХАА-н гол муж гэдэг утгаараа Дархан-Уул аймагтай харилцаа холбоо тогтоож, түншийн хэлбэрээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Канад улсад хийсэн ажлын анхны айлчлал маань хөрөнгө оруулагчдад зөв мэдээлэл өгөхийг зорьсноос гадна хоёр улсын хоорондын боловсрол, ХАА-н харилцааг идэвхижүүлсэн, Дархан -Уул аймгийг Саскачеван мужтай холбох эхний алхмууд хийгдсэн зэрэг тодорхой үр дүнтэй болсонд баяртай байна. Айлчлалыг амжилттай зохион байгуулж, хамтран ажилласан МУ-аас Канад улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Я.Ариунболд болон ЭСЯ-ны нийт хамт олонд дахин талархлаа илэрхийлье
хэмээн цахим хуудаснаа мэдээлжээ
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn