Л.Энх-Амгалан: Ковидтой хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авсан
2021.09.13

Л.Энх-Амгалан: Ковидтой хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо халдвар авсан

БШУ-ны Сайд Л.Энх-Амгалан

Хичээлийг нэгэнт нээсэн бол хаахгүй гэсэн байр суурьтай байна. 12-17 насны хүүхдийн вакцинжуулалт 90 гаруй хувь, багш нарынх 98 хувийн үзүүлэлттэй байгаа ба нийт халдвар авсан хүүхдүүдийн хувь хэмжээ хичээл эхлэхээс өмнөх үетэй харьцуулахад өсөөгүй байна. Халдвар авсан хүүхдүүдийн 70 орчим хувь нь гэр бүлийн орчноосоо авсан. Тиймээс цаашид хичээл сургалтын үйл ажиллагаагаа танхимаараа үргэлжлүүлнэ. Хэрэв халдварын тохиолдол буурвал 5/9 зарчмыг бууруулж, танхимын өдрийн тоог нэмнэ.

2-3 настнуудаа хэзээ авах вэ гэсэн эцэг эхчүүдийн асуулт их байна. Хүүхдийн томуугийн вакцины үр дүнгээс хамаарч болон халдварын тохиолдол буурсан цагт 2-3 настнуудаа цэцэрлэгтээ авна. Бүтэн хичээлийн жилд авахгүй мэт бодох хэрэггүй.

Үдийн хоолтой болсноор халдвар авах эрсдэлийг дагуулж байна гэсэн саналуудыг үндэслэн судалгаа хийж байна. Хэрэв үүнээс болж халдвар авах магадлалтай гэж үзвэл, байж болох эрсдэлийн тооцооллыг хийж байгаа юм.

Гурван ээлжийн сургуулийн шүүмж, асуудал их байна. Өмнө нь есөн сургууль гурван ээлжтэй байсан бол одоо зургаан сургууль нь хоёр ээлж рүү шилжсэн. Гурван сургуулийн засвар дуусаагүй учир хараахан хоёр ээлжээр хичээллэх боломжгүй байна. Зориулалтын бус байранд нэг ч хүүхэд хичээллэхгүй.

Бид энэ жил анх удаа нэгдүгээр ангийн элсэлтийг цахимаар хийсэн. Олон эцэг эхийн зүгээс гомдолтой хэмээгээд, хуурамчаар гэрлэлтээ бүртгүүлэх, хаягаа шилжүүлэх гэх мэт бүртгэлийн шалгуурыг зохиомлоор хийсэн гэсэн учраас шалгахаар төлөвлөж байна.

Авто замын түгжрэлийн 30 хувь нь сургууль, цэцэрлэгийн хүүхдээ зөөхөд үүсдэг гэсэн судалгаа бий. Тиймээс цэцэрлэгт өглөө, орой гэсэн хоёр ээлжээр 65 багшийг ажиллуулж байна. Цаашид үүнийг өргөжүүлэх санхүүгийн боломжийг судалж байна.

Сургуульдаа буцаж ирэх хүүхдүүдэд хичээлийн хоцрогдлоос шалтгаалса болон багш, эцэг эхийн харилцааны улмаас асуудал үүсдэг. Тиймээс энэ жил сэтгэлзүйчдийг шинээр ажиллуулж байна.

Сургуулийн насны хоёр хүүхдийн нэг нь, цэцэрлэгийн насны хоёр хүүхдийн нэг нь нийслэлд сурч, хүмүүжиж байна. Энэ нь улсын боловсролын салбарын 50 хувь нь нийслэлд байдаг гэсэн үг.  Тиймээс цэцэрлэг, бага сургуулийн хүртээмжийн асуудалд барих бодлого, төсөв дээр шинэчлэлт хийх зорилго байна. Бид олон жил хүртээмж ярилаа. Боловсролын үнэлгээний чанарын тогтолцоог улс орон даяар эхлүүлэхээр болж байна. Ирэх гурван жилийн зорилт бол цар тахлаас үүссэн хоцрогдлыг арилгах хөтөлбөр юм. Эхний хоёр сард оношилгоог хийж чанарын судалгааг эхлүүлнэ.

Боловсролын лавлах 1800-1001 утсаар эцэг эх, багш нараас боловсролын талаар санал, гомдол, шийдэл хүлээн авна.