Засгийн газар 200 хоногт: Дархлаажуулалт болон эдийн засгийн сэргэлтийн уялдаа
2021.08.17

Засгийн газар 200 хоногт: Дархлаажуулалт болон эдийн засгийн сэргэлтийн уялдаа

Монгол Улсын Засгийн газрын 200 хоног өнөөдөр тохиож байна. Засгийн газар шинээр бүрдэж, энэ оны нэгдүгээр сарын 29-нд сайд нар УИХ-д тангараг өргөсний дараа Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Монгол Улсын ирээдүйн хөгжлийн талаар баримтлах дөрвөн зорилтыг танилцуулж, түүнийхээ дагуу ажиллаж эхэлсэн.

Үүний хамгийн эхэнд мэдээж “COVID-19” цар тахлыг богино хугацаанд даван туулах асуудал орсон. Түүнчлэн эдийн засгаа сэргээх төлөвлөгөө, халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү, “Цахим үндэстэн” болох гэсэн зорилт багтаж буй юм. Дээрх зорилтуудаа хэрхэн хэрэгжүүлж буйг тоймлон хүргэж байна.

1. Дархлаажуулалтыг эрчимжүүлэв

Эдийн засгаа сэргээх, хүн амынхаа эрүүл мэндийг хамгаалах, “COVID-19” цар тахлыг эрсдэл багатай даван туулах нь бүх Засгийн газрын өмнө тулгамдаад буй асуудал. Энэ оны нэгдүгээр сард Монгол Улсад шинээр байгуулагдсан Засгийн газар ч дээрх асуудалтай хамгийн түрүүнд нүүр тулсан билээ. Энэхүү цар тахал 2009 оны дэлхийн санхүүгийн хямралын үеийнхээс гурав дахин илүү эдийн засгийн хүндрэл дагуулсан гэсэн тооцооллыг судлаачид хийсэн байна.  Манай улс 10 сарын турш дотооддоо алдалгүй барьж чадсан ч цар тахал Монгол Улсыг тойрсонгүй. Цар тахлыг даван туулах хамгийн гол тулгуур нь хүн амаа вакцинжуулах. Дархлаажуулалтыг амжилттай хийснээр аж ахуйн нэгжүүдээ нээж, эдийн засгаа сэргээх боломжийг бүрдүүлнэ хэмээн үзсэн юм. Тиймээс Засгийн газар ажилдаа орсон Монгол Улсын насанд хүрсэн 2 сая орчим хүн амыг вакцинжуулах зорилт тавьж, энэ оны хоёрдугаар сарын 23-наас эхэлсэн юм.

Улмаар энэ оны зургаадугаар сарын 18-наас 16-аас дээш насны, зургаадугаар сарын 28-наас 12-оос дээш насны хүүхдүүдийг эцэг эх, асран хамгаалагчийнх нь зөвшөөрлөөр Пфайзер вакцинаар дархлаажуулж эхэлсэн. Ингэхдээ 12-оос дээш насны хүүхдүүдийг дархлаажуулах боломжтой гэж дүгнэсэн ДЭМБ-ын зөвлөмжид үндэслэсэн гэдгийг албаныхан тайлбарлаж байв. Өнөөдрийн (2021.8.17) байдлаар 2 сая 218 мянга 58 иргэнд коронавирусний эсрэг Вероселл, Спутник, Астразенека болон Пфайзер вакцины нэгдүгээр тунг хийжээ. Үүнээс 2 сая 22 мянга 529 нь хоёр дахь тунгаа хийлгэж, нийт хүн амын 62 хувьд хүрсэн байна. Ингэснээр Монгол Улс дархлаажуулалтын явцаараа дэлхийд 12 дугаар байрт бичигдэж байна. Энэ нь дэлхийн дунджаас 4, Ази тивийн дунджаас 5 дахин өндөр байгаа үзүүлэлт юм.

Цар тахлын тархалтыг хумих үүднээс УОК-ын даргын дагуу Засгийн газар хоёрдугаар сарын 11-23-нд, дөрөвдүгээр сарын 10-25-нд хатуу хөл хорио тогтоож, улмаар тавдугаар сарын 8 хүртэл сунгасан. Энэ хугацаанд дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлж, айл өрхүүдийг санхүүгийн хүндрэлээс сэргийлэх, орлогыг хамгаалах үүднээс иргэн бүрд 300 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгосон юм.

Мөн дархлаажуулалтыг эрчимжүүлэх үүднээс вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөгийн урамшуулал олгосон нь хөл хорионд олон сар байсан иргэдээ санхүүгээр дэмжих оновчтой алхам болсон билээ. Улмаар өнгөрсөн оноос хэрэгжиж эхэлсэн хүүхэд бүрд сард 100 мянган төгрөгийн мөнгөн тэтгэмж олгох, аж ахуйн нэгж, өрхийн цахилгаан дулаан, цэвэр, бохир ус, хог хаягдлын хураамжийг төрөөс төлөх шийдвэрээ энэ оныг дуустал хэрэгжүүлэх болов.

Мөн  сайжруулсан шахмал түлшний үнийг 50 хувиар хөнгөлснийг ирэх оны гуравдугаар сар хүртэл сунгалаа. Үүнээс гадна эрүүл мэндийн байгууллагуудыг чадавхжуулах санхүүжилтийг шийдвэрлэж, цаашид 18-аас дээш насны иргэдийг жил бүр эрүүл мэндийн эрт илрүүлэг үзлэгт хамруулдаг болох Үндэсний хөтөлбөр боловсруулахаар шийдэв.

Хөл хорионы үеэр вакцинжуулалтыг эрчимтэй өрнүүлсэн тул тавдугаар сарын 20-ноос хот болон орон нутаг хооронд зорчих хөдөлгөөнийг нээж, хоёр хоногийн дараа холбогдох журмыг баталснаар хөл хорионы улмаас хотод гацаад байсан иргэд нутаг буцах боломж бүрдсэн юм. Мөн зургаадугаар сарын нэгэнд Монгол Улс хилээ нээж, иргэд Турк, АНУ, Эмират, Грек, Киргиз, Тайланд, Индонез, Бразил, Египет, Энэтхэг зэрэг 10 гаруй улс руу зорчих боломжтой болсон юм. Гэхдээ цар тахлын эрсдэлээс сэргийлэхийн тулд Үндэсний их баяр наадмыг нэг жилээр хойшлуулсан. Учир нь Үндэсний их баяр наадмыг цахимаар тэмдэглэх бэлтгэл хангахад 12 мянган хүн бөөгнөрч, 3000 хүн халдвар авах эрсдэлтэй гэсэн дүгнэлтийг ЭМЯ болон бусад мэргэжлийн байгууллагууд дүгнэсэн юм.

Мөн Засгийн газраас цар тахлын нөлөөнд хамгийн их нэрвэгдсэн аж ахуйн нэгжүүд, ажил олгогч, жижиг дунд бизнес эрхлэгчдээ дэмжих цогц хөтөлбөр боловсруулах, гадаадад буй иргэдээ мэргэжлийн байгууллагын зөвлөгөөнд үндэслэн үе шаттай татан авах ажлыг зохион байгуулахаар уг зорилтдоо тусгасан. Энэ хүрээнд “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наяд төгрөгийн цогц хөтөлбөр” батлан хэрэгжүүлж буй бөгөөд уг хөтөлбөр Ерөнхий сайдын чуулганы индрээс танилцуулсан дөрвөн зорилтын “Эдийн засгаа сэргээх төлөвлөгөө” хэсэгтэй нягт уялдаж буй.

2. Аж ахуйн нэгжүүдээ дэмжиж, 225 мянган ажлын байрыг хамгаалав

Цар тахын улмаас дэлхий нийтэд 100 жилд тохиолдоогүй нийгэм, эдийн засгийн огцом хямрал үүссэн. Гэхдээ цар тахлыг даван туулсны дараа дэлхийн эдийн засаг огцом сэргэх хандлага байгааг судлаачдын үгийг Ерөнхий сайд нэгдүгээр сарын 29-нд чуулганы индрээс үг хэлэхдээ иш татсан юм. Уг сэргэлтийг зөв ашиглаж, үр шимийг хүртэхийн тулд Монгол Улс одооноос бэлгэх шаардлагатай гэдгийг ч тэрбээр онцолж, үүний тул баялаг бүтээгчид, хөрөнгө оруулагчидтай хамтран ажиллахаа илэрхийлж байв. Тиймдээ ч цар тахлын улмаас үйл ажиллагаа нь зогсож, хаалгаа барихдаа тулаад байсан аж ахуйн нэгжүүдийг хамгаалах нь хамгийн эхний алхам байлаа.

Тодруулбал, хоёрдугаар сарын 17-ны Засгийн газрын ээлжит хуралдаанаар “Эрүүл мэндээ хамгаалж, эдийн засгаа сэргээх 10 их наядын цогц төлөвлөгөө”-г батлав. Төлөвлөгөөнд жижиг дунд үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэгчдэд жилийн гурван хувийн хүүтэй, гурван жилийн хугацаатай хоёр их наяд төгрөгийн зээл, залуучуудад хоёр сарын хугацаатай, тэтгэлэгт сургалтад хамруулах, “Залуус I, II, III” хорооллын  бүтээн байгуулалт, ипотекийн хөнгөлөлттэй зээл олгох зэрэгт гурван их наяд төгрөг зарцуулахаар тусгасан. Мөн стратегийн ач холбогдол бүхий томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэхэд хоёр их наяд төгрөг, хөдөө аж ахуйн үйлдвэрлэл, малчдын орлого, амьжиргааг дэмжихэд 500 тэрбум төгрөг,  Монголбанкны жилд нэг их наяд төгрөг байгаа репо санхүүжилтийг хоёр их наяд төгрөг болгож нэмэхээр тусгасан юм.

Уг төлөвлөгөөний гүйцэтгэл өнөөдрийн байдлаар 3.4 их наяд төгрөгт хүрээд байна. Тодруулбал, 54.5 мянган аж ахуйн нэгжид ажлын байрыг дэмжих гурван хувийн хүүтэй 1.8 их наяд төгрөгийн зээл олгож, 635 тэрбум төгрөгийн репо санхүүжилт, 320 тэрбум төгрөгийн хөдөө аж ахуйг дэмжих зээл олгожээ. Мөн иргэдэд 599 төгрөгийн ипотекийн зээл олгосон юм. Төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 130 мянган ажлын байр алдахаас сэргийлж, 225 мянган ажлын байрыг хадгалж чадлаа. Монгол Улсын эдийн засгийн өсөлт 2020 онд -5.3 хувьтай гарч байсан бол 10 их наядын төлөвлөгөөг амжилттай хэрэгжүүлснээр 6.3 байгаа бөгөөд оны төгсгөлд 6.9 хувьд хүрнэ гэсэн хүлээлттэй байна.

Хэрэв вакцинжуулалт болон 10 их наядын төлөвлөгөөг эхлүүлээгүй бол эдийн засаг -2.4 хувьтай, вакцинжуулсан ч төлөвлөгөөг хэрэгжүүлээгүй бол 1.6 хувийн өсөлттэй байхаар байсан гэсэн судалгааг эдийн засагчид гаргасан байна.

3. Халамжаас хөдөлмөр эрхлэлт рүү

Дэлхийн улс орнуудын хөгжлийг эдийн засгийн өсөлт, томоохон бүтээн байгуулалтаас гадна иргэдийн амьжиргааны түвшин, хүний хөгжлөөр хэмжих болсон. Монгол Улсад сүүлийн 30 жил баян ядуугийн ялгаа эрс гүнзгийрч, орлогын тэгш бус байдал газар авч, далд эдийн засаг цэцэглэн, нийт хүн амын 28.4 хувь дунджаас доогуур түвшинд амдарч байна. Өөрөөр хэлбэл, нийгмийн хөдөлгөгч хүч болсон дундаж орлоготой иргэд өнөөдөр хүүхдийн зулай мэт эмзэг байгааг Ерөнхий сайд чуулганы индрээс байв. Тиймээс ч дундаж давхаргыг дэмжих үндэсний шинэ тогтолцоог бий болгох нь Засгийн газрын дараагийн том зорилт. 

Энэ хүрээнд Засгийн газар эхний ээлжинд гадаад, дотоод өрийг хугацаанд нь төлж, КОВИД-19-ийн дараа эдийн засгийг сэргээх 100 төслийг тодорхойлсон. Түүнчлэн Монгол Улсын зээлжих зэрэглэлийн төлөвийг сайжруулж, дотоодын зах зээлд “Эрдэнэс Тавантолгой” ХК бонд гаргалаа. Оюутолгойгоос хүртэх Монголын талын үр ашгийг нэмэх хэлэлцээрийг эхлүүлж, “Рио Тинто”-гийн төлөөлөлтэй гурван удаа уулзаад байна. Лондонгийн арбитрт сөрөг нэхэмжлэл гарган, далд уурхайн бүтээн байгуулалт саатсан шалтгааныг тодруулахаар хөндлөнгийн шинжээчдээр дүгнэлт гаргуулав.

Хөндлөнгийн шинжээчид далд уурхай ашиглалтад орох хугацаа хойшилж, зардал нэмэгдсэн нь геотехникийн нөхцөлөөс шалтгаалаагүй хэмээн дүгнэж, “Рио Тинто” компанийн танилцуулгаас зөрөөд буйг дурдах нь зөв юм. Уг дүгнэлтийг Засгийн газраас сөрөг нэхэмжлэлдээ хавсаргахаар ажиллаж буй. Түүнчлэн газар тариалангийн салбарт 100 тэрбум төгрөгийн дэмжлэг олгохоор шийдэж,  Зэс хайлуулах үйлдвэрийн дэд бүтцийн ажлыг эхлүүлж, байгалийн хийн хоолой төслийн ажлыг эрчимжүүллээ. Соёлын бүтээлч үйлдвэрлэлийн хөгжлийн стратегийг боловсруулан, Богдхан төмөр замын төслийг эхлүүлж, Тавантолгой цахилгаан станц барих төслийн санхүүжилтийг шийдвэрлэж, Хөшигийн хөндийн “Чингис хаан” нисэх буудлыг ашиглалтад оруулав. Энэ бүхэн ард иргэдийг ажлын байраар хангаж, дундаж орлоготой иргэдийг дэмжих зорилтын хүрээнд хийж буй ажил юм.

4. Авлига, хүнд суртлыг дарах Цахим засаглал

Монгол Улс авлигын индексээр дэлхийд 111-т эрэмбэлэгдэж байна. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигын индексийг бууруулах комисс байгуулах санаачилга гаргаж, энэ хүрээнд Засгийн газрын хуралдаанаар Авлигын эсрэг ажлын баг байгуулав. Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатараар ахлуулсан 15 хүний бүрэлдэхүүнтэй уг баг авлигын гэмт хэргийг бий болгож байгаа суурь хүчин зүйлс буюу хууль эрх зүйн орчныг сайжруулах, цахим шилжилтийг эрчимжүүлэх зэрэг ажлыг өрнүүлэхээр төлөвлөсөн байна.

Авлига нь ажил хөөцөлдөж буй иргэн төрийн олон шат дамжиж, хүнд сурталтай нүүр тулдгаас үүдэлтэй. Иймд Засгийн газар төрийн бүхий л үйлчилгээг цахимжуулж, “Цахим үндэстэн” болохыг зорьж буй. “E-Мongolia” цонхонд төрийн бүх үйлчилгээг нэгтэх ажлыг 2021-2024 онд 90 хувьтай хэрэгжүүлэх зорилт тавьсан. Одоогоор E-Мongolia” цонхонд төрийн 56 байгууллагын 539 үйлчилгээг нэгтгээд байна. Энэ хүрээнд Цахим хөгжлийн яам байгуулах бөгөөд энэ нь төрийн бүх шатны байгууллагын орон тооны давхцлыг байхгүй болгож, данхайсан бүтцийг 30-40 хувиар бууруулах цорын ганц шийдэл хэмээн Засгийн газрын тэргүүн үзэж байна. 

“Монгол Улсын виз олгох журам”-ын шинэчилсэн найруулгын төслийг баталлаа. Ингэснээр Монгол Улсад ирэх гадаадын 31 улсын иргэд жуулчин, соёл, урлаг, спортын тэмцээн, уралдаанд оролцох, кино, контент бүтээх болон дамжин өнгөрөх визийг цахимаар авах боломж бүрдлээ. Одоогоор дэлхийн 80 орчим улс цахим визийн систем нэвтрүүлээд байна.

5. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн анхны гадаад айлчлал

Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ энэ оны долоодугаар сарын 21-25-нд Япон Улсад ажлын айлчлал хийлээ. Энэ нь түүний Ерөнхий сайдаар ажиллах хугацаандаа хийж буй анхны гадаад айлчлал байв. Тэрбээр айлчлалынхаа үеэр Япон Улсын Цог жавхлант эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайд Ё.Сүгатай албан ёсны уулзалт хийсэн. Мөн “Токио-2020” зуны oлимпын нээлтийн ёслолд оролцож, Японы албаны хүмүүстэй уулзаж, хоёр талын хамтын ажиллагааны асуудлуудаар ярилцсан юм.

Тухайлбал, Япон Улсын Ерөнхий сайд Ё.Сүгатай уулзахдаа Хөшигийн хөндийд баригдсан “Чингис хаан” олон улсын нисэх буудлыг цогцоор өргөтгөж, эдийн засаг, мэдээлэл технологи, аялал жуулчлалын чөлөөт бүс болгон хөгжүүлэх талаар санал солилцсон юм. Мөн Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах хот тойрсон хурдны зам, Богдхан төмөр зам, мэдээлэл технологийн салбарт хувийн хэвшлийн хамтын ажиллагааг идэвхжүүлэх, тус салбарын инженерүүдийг бэлтгэх, нүүрсний орд газруудыг түшиглэн ус төрөгчийн цахилгаан станц барих ТЭЗҮ боловсруулахад хамтран ажиллар талаар санал солилцжээ. Монгол Улс, Япон Улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой 2022 онд тохионо. Энэхүү түүхэн ойг хоёр улс ёслол төгөлдөр тэмдэглэхээр тохиролцсон бөгөөд Япон Улсын Цог жавхлант эзэн хаан Нарүхито, Ерөнхий сайд Ё.Сүгаг Монгол Улсад айлчлахыг урьсан байна.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Япон Улсад ажлын айлчлал хийгээд буцах замдаа БНСУ-ын Ерөнхий сайд Ким Бү Гё-тэй ажлын уулзалт хийж хоёр орны иж бүрэн түншлэлийн харилцааг стратегийн түншлэлд хүргэх талаар санал солилцжээ. Мөн БНСУ-ын ЭКСИМ банкны удирдлагуудтай уулзалт хийсэн байна. Эдгээр уулзалтын үеэр “Солонго 1, 2 орон сууцны хороолол барих”, “Баянголын аманд түрээсийн орон сууц барих”, “10 аймгийн төвийн дулааны станц барих” төслийн хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар санал солилцсон юм.