Л.Халтар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ
2021.08.11

Л.Халтар: Богдхан төмөр замын бүтээн байгуулалтыг энэ сард эхлүүлнэ

Засгийн газрын ээлжит хуралдаанаас гарсан шийдвэрүүдийг танилцууллаа. Энэ үеэр ЗТХ-ийн сайд Л.Халтар мэдээлэл өглөө.

Тэрээр “Сүүлийн хоёр, гурван жилд зам тээврийн салбарт төмөр замын бүтээн байгуулалтын он жилүүд болж байна. Цаашдаа ч үргэлжилнэ. Зүүнбаян-Тавантолгой чиглэлийн төмөр замын бүтээн байгуулалт төгсгөл шатандаа орсон. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил мөн амжилттай үргэлжилж байгаа бөгөөд 2022 оны долдугаар сарын 1 гэхэд хилийн өртөө бүрэн байгуулагдаж, хөдөлгөөн нээгдэнэ. Ингээд 2019 онд эхэлсэн ажлууд дуусаж байна. Эдгээр ажлууд дууссаны дараа үргэлжлэх төмөр замын төслүүдийн талаарх мэдээллийг Засгийн газарт танилцуулсан. 

  • Зүүнбаян өртөөнөөс Хангимандал чиглэлд төмөр зам барина. Ингэснээр Монгол Улсаас гарах уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тээвэр нэмэгдэхэд хамгийн гол дэлгэц болно.
  • Дорнод аймгийн Чойбалсангаас Эрээнцав чиглэлийн 237 км зам, доошоо Хөөт, Бичигт зүүн босоо чиглэлийн төмөр замын ажил ирэх онд эхэлнэ.

Төмөр замын талаар төрөөс баримтлах бодлогын бичиг баримтыг Засгийн газар хэлэлцэж, УИХ-д өргөн барьсан. Намрын чуулганаар хэлэлцэнэ.

-Богдхан төмөр замын бүтээн байгуулалтын гүйцэтгэгч байгууллагууд тодорсон. Ирэх долоо хоногт трассын асуудал буюу зам хаагуур явахыг эцэслэн гаргана. Энэхүү төмөр нь зам нь зургаан зөрлөг, гурван өртөөтэй, 135 км урттай, 16.6 км урттай хоёр газар доогуур хонгилтой, 19.3 сая куб метрийн газар шорооны ажилтай гэсэн тооцоо гарсан. Бид энэ сард багтаан төмөр замын ажлыг эхлүүлнэ. Энэ зам нь Рашаант өртөөнөөс Богд уулын урдуур Мааньт өртөөтэй холбогдоно.

Урьдчилсан байдлаар 630-700 орчим сая ам.долларын хөрөнгө оруулалт шаардлагатай. Трасс батлагдсаны дараа хөрөнгө оруулалтын дүн тодорхой болно. Хөрөнгө санхүүгийн хувьд ОХУ, Япон улсын Засгийн газар болон өөрийн Засгийн газрын хөрөнгөөр барина гэж төлөвлөөд байна" гэж мэдээллээ.