Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа
2021.07.24

Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа

Монгол Улсын Шадар сайд бөгөөд Газрын шинэтгэлийн Үндэсний хорооны дарга С.Амарсайхан өнөөдөр /2021.07.22/ Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын үйл ажиллагаатай танилцлаа.

Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын дарга Ц.Ганхүү “Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн салбарын түүхийн үзэсгэлэн”-гээ танилцуулав. 

Мөн Газар зохион байгуулалт геодези, зураг зүйн газраас 2019 оныг салбарын хэмжээнд “Иргэн төвтэй, ил тод, ухаалаг газрын харилцааны жил” болгон зарлаж хэрэгжүүлсэн Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 110 дугаар тогтоолоор улсын хэмжээнд хэрэглээнд нэвтэрсэн Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийн үйл ажиллагааг эрхлэх ажлын хүрээнд хийгдэж буй тулгамдсан асуудлуудын талаар Газар зохион байгуулалт, геодези, зураг зүйн газрын орлогч дарга М.Буяндэлгэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайханд дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. 

Тус газар нь Газрын цахим шилжилтийг Хиймэл оюун ухаан (I), Блокчейн технологи (II), Зайнаас тандан судлалын технологи (III) гэсэн үндсэн 3 чиглэлийн хүрээнд нийт 8 ажлыг төлөвлөн хэрэгжүүлж байна.

Тухайлбал, газар, үл хөдлөх хөрөнгийн гурван хэмжээст зураглал, бүртгэлийн цахим системийг хөгжүүлж хэрэглээнд нэвтрүүлэх ажлыг эхлүүлээд байгаа юм. Тус цахим системийг хөгжүүлснээр газар, үл хөдлөх хөрөнгийн зураглал, тооллого, эрхийн бүртгэл олон улсын жишигт нийцэж, тэдгээрээс олох татвар, төлбөрийн хэмжээг үнэн бодитой ногдуулж, хураах боломж бүрдэх болно.

Түүнчлэн “Газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим систем” нь газрын харилцааны цогц үйл ажиллагааг салбар бүрийн оролцоог ханган нэгдсэн стандарт, арга зүйгээр эрхлэх үндсэн чиг үүрэг бүхий байрлалд суурилсан (I), нэгдсэн стандарт бүхий өгөгдөл (II), дүн шинжилгээ хийх, боловсруулах цахим систем (III), өгөгдөл, мэдээллийг хадгалах, түгээх зориулалт бүхий техник хангамж (IV), мэдээллийг түргэн, шуурхай, найдвартай солилцох өндөр хурдны дэд бүтэц (V) зэргээс бүрдсэн нэгдсэн цахим системийг нэвтрүүлсэн.

Уг нэгдсэн цахим систем нь:

- Төлөвлөлтийн;

- Газрын биржийн;

- Үнэлгээ, татвар, төлбөрийн;

- Кадастрын;

- Хаягийн;

- Мониторингийн;

- Хот байгуулалтын гэсэн өгөгдөл цуглуулах, боловсруулах, дүн шинжилгээ хийх, мэдээлэл түгээх зэрэг боломжуудыг багтаасан үндсэн цогц 7 цахим систем болон эдгээрт дэмжлэг үзүүлэх Геодезийн (I), Суурь судалгааны (II) гэсэн хоёр мэдээллийн сангаас бүрдэх ба дээрх бүх мэдээллийг иргэд, олон нийт болоод аж ахуйн нэгж, байгууллагуудад түгээх зорилгоор орон зайн мэдээллийг бүрдүүлэх, хуваалцах, ашиглах иргэд төвтэй Үндэсний орон зайн өгөгдлийн дэд бүтэц /Геопортал/-ийг нэвтрүүлэн суурь орон зайн мэдээллээр хангах боломж бүрэн нээгдсэн тухайг танилцуулсан юм.

Уулзалтын төгсгөлд Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан газрын харилцаа, барилга, хот байгуулалтын салбарын цахим шилжилтийг сайшаагаад Газрын харилцааны эрх зүйн орчныг шинэчлэх, хиймэл дагуулын станц байгуулж, суурь мэдээллийг бүрдүүлэх, Монгол улсын нийт нутаг дэвсгэрийн 55 хувийг 1:25000-ны масштабтай байр зүйн зургаар зурагжуулахад шаардлагатай хөрөнгийг 2022 оны улсын төсөвт тусгуулах, хаягийн нэгдсэн системийг хэрэглээнд нэвтрүүлэх, газрын нэгдмэл сангийн удирдлагын нэгдсэн цахим системийг төрийн байгууллагуудад ашиглуулах, газар, үл хөдлөх эд хөрөнгийн асуудлыг шийдвэрлэж, дундын мэдээллийн санг үүсгэх зэрэг тулгамдаж буй асуудлыг шуурхай шийдвэрлэхэд Засгийн газар анхаарч, дэмжлэг үзүүлж ажиллахаа илэрхийллээ.

Мөн 18 стандартын дагуу орон зайн өгөгдлийг бүрдүүлж, энэ суурь мэдээлэл нь Засгийн газрын хуралдаанаас гарсан Авилгын индексийг бууруулах тухай шийдвэрт дэмжлэг болох чухал ач холбогдолтой гэж онцоллоо.