Д.Сумъяабазар: Архивын хадгалалт, хамгаалалтад онцгой анхаарч, дэмжиж ажиллана
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар Архивын ерөнхий газрын үйл ажиллагаатай танилцлаа. Тус байгууллага нь 94 жилийн түүхтэй бөгөөд Монголын түүхийн баримтуудыг хадгалах, олон нийтэд хүргэх, судалгааны эргэлтэд оруулах үндсэн чиг үүрэгтэй.
Архивын ерөнхий газрын удирдлагууд энэ үеэр Хотын даргад хоёр зүйлийг уламжилсан. Тодруулбал, Буянт-Ухаагийн тойргоос хурдны зам хүртэлх буюу архивчдын гудамжны асуудлыг шийдэж өгөхийг хүссэн юм. Мөн Нийслэлийн архивын газрын барилга баригдаж байгаа бөгөөд ирэх жил ашиглалтад орно. Барилгын төсөв зогссон тул үүнийг шийдвэрлэж өгөхийг хүслээ.
Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч Д.Сумъяабазар “Улаанбаатар хот төдийгүй улс орны хувьд архивын хадгалалт, хамгаалалт гэдэг туйлын чухал. Архивын баримт гэдэг бол бидний үнэт зүйл, өв соёл. Бид хаана амьдарч байсан, хаашаа явж байсан, цаашид хаашаа явах, бид хэн байсан бэ гэдгийг тодорхойлох хамгийн чухал зүйл бол архив. Нийслэл Улаанбаатар хотын удирдлагын зүгээс архивын барилгыг стандартын дагуу барьж байгуулахад анхаарна. Түүхээ үнэн зөвөөр нь хадгалах, ирээдүй хойч үедээ өвлүүлэн үлдээх үүргийг Архивын ерөнхий газар хүлээж байгаа. Тиймээс үе үеийн архивч нартаа талархал илэрхийлье. Архивын хадгалалт, хамгаалалтад Нийслэлийн Засаг даргын хувьд онцгой анхаарч, хөрөнгө, санхүү болон бусад зүйл дээр дэмжиж ажиллана” хэмээн ярилаа.