Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл
2021.07.09

Б.Мөнхцэцэг: Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг 3.7 тэрбум төгрөгөөр засаж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл

Сүхбаатарын талбайн урд талын Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурын засварын ажилд 3.7 тэрбум төгрөг зарцуулж байна гэсэн мэдээлэл гараад буй. Энэ талаар Нийслэлийн Хот тохижилтын газар ОНӨААТҮГ-ын дарга Б.Мөнхцэцэгээс тодрууллаа.

-Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн усан оргилуурыг коронавирусийн цар тахлын улмаас түр хугацаагаар ажиллуулаагүй. Усан оргилуурыг засах шаардлагатай байгаа юу?

-Манай байгууллага Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажлыг хийсэн. Цаашид бүтээн байгуулалтын ажлыг хариуцаж байгаа. Өнгөрсөн гуравдугаар сард бид усан оргилуурын усыг юүлж, хогийг цэвэрлэн, хэвийн ажиллагааг ханган долоо хоног ажиллуулсан. Коронавирусийн тархалт нэмэгдэж, олон хүн цуглуулахгүй гэсэн шийдвэртэй холбогдуулан усан оргилуурын үйл ажиллагааг түр хугацаанд зогсоосон юм. 3.7 тэрбум төгрөгөөр засвар, үйлчилгээ хийж байгаа гэдэг нь ташаа мэдээлэл. Бид өчигдөр буюу долдугаар сарын 7-ны өдрөөс эхлэн хэвийн үйл ажиллагааг хангаж, хуваарь гарган ажиллуулж байна. Усан оргилуур ажлын өдрүүдэд 12:00-13:30, 16:00-18:00, 20:00-22:00 цагт, бямба, ням гарагт ээлжилж ажиллахаар хуваарь баталсан. Амралтын өдөр 23:00 цаг хүртэл ажиллуулахаар төлөвлөж байна.

-Усан оргилуурын усыг зөөж хийдэг гэсэн мэдээлэл бий. Энэ талаар тайлбар өгнө үү?

-Усаа зөөдөг гэдэг нь ташаа мэдээлэл. “Шангрилла” төвийн төвийн шугам сүлжээнд холбогдсон. Харин Хонхтой цэцэрлэгт хүрээлэнгийн мод, зүлгийг услах ажилд зориулалтын машин явж байгаа. Үүнтэй андуурч, ташаа мэдээлэл тарсан байх.