АН: Засгийн газар зарцуулсан хөрөнгөө тайлагнасны дараа ковидын эсрэг хуулийг сунгах ёстой
2021.06.28

АН: Засгийн газар зарцуулсан хөрөнгөө тайлагнасны дараа ковидын эсрэг хуулийг сунгах ёстой

УИХ дахь АН-ын бүлэг өнөөдөр /2021.06.28/ хуралдлаа. Хуралдаанаар хэлэлцсэн асуудал болон гарсан шийдвэрийг танилцууллаа.

•Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл;

•Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ.

Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэх пүрэв гаригийн чуулганы хуралдаанд УИХ дахь Ардчилсан намын бүлэг нэг хоногийн завсарлага авсан. Өнөөдрийн бүлгийн хуралдаанаар мөн дээрх асуудлыг хэлэлцлээ. Тус хуулийн хүрээнд Засгийн газарт төсөв хөрөнгө, эрх мэдлийг хангалттай өгсөн байтал сайн хэрэгжүүлж чадсангүй. Засгийн газар өнгөрсөн онд 5.1, энэ онд 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлсэн. Гэсэн хэдий ч өнөөдрийг хүртэл манай улс уушги орлуулах аппарат нэмж худалдан авч эмнэлгүүдээ хангасангүй. Эмийн хомсдолд орсон, эмийн үнийн хөөрөгдөл газар авлаа. Эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд туйлдаж байгаа зэрэг нь ковидтой тэмцэх хууль бодит байдал дээр хэрэгжээгүй болохыг нотолж байна. Тиймээс Засгийн газар өмнөх зарцуулсан мөнгөнийхөө тайланг тавих ёстой гэж гишүүд үзэж буй. Энэ асуудалд гишүүд дараах байр суурь илэрхийлэв.

УИХ-ын гишүүн Д.Ганбат: Ковид тархаад хоёр жил өнгөрлөө. Төр засаг муу бол түмэн олон зовдгийг ард түмэн амь, амьдралаараа ойлгож байна. Цагдаа, талбай дээр зул асааж байгаа иргэдийг хамгаалах ёстой байтал эсрэгээрээ харгисалж байна. МАН-ыг овоо хариуцлагатай нам юм уу гэсэн ам, ажил нь их зөрж байна. Аман дээрээ хүний эрх, ардчилал гэж ярих боловч цаашид Монгол Улс ардчилсан зарчмаар явах, тусгаар улс байх эргэлзээтэй боллоо. Ковидын хуулиар гишүүд нь мэдээлэл авах ч боломжгүй болсон.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж: УИХ хуулиас гадна төсөв батлах бүрэн эрхтэй. Гэтэл ковидын хуулиар Засгийн газар төсвийг дураар зарцуулах болсон. Гэтэл цаашлаад ҮАБЗ оролцдог болж байна. Мөн хуулийг далимдуулж шинээр байгууллага бий болгож төрийн албаны шалгалт өгөхгүйгээр олон хүнийг албан тушаалд томилсон. Одоо нэмээд Боомтын захиргаа гэж нээснээр ажил сайжирч, хил дээр гацсан 6000 чингэлгийг оруулж ирж чадахгүй. Харин ч авилга авдаг нэг газар нэмэгдэнэ.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл: Сөрөг хүчний хувьд мэдээлэл авах суваг бага байна. 5.1 их наядын хөтөлбөрийн задаргаа алга. Албан тушаалын томилгооны ил тод байдал алга. Наад зах нь ковидоор нас барж байгаа иргэдийн тоог дэлгэрэнгүй, үнэн бодит байдлаар авч чадахгүй байна. Холбогдох газарт бичиг явуулаад хариу авахад 10 хоногийн дараа хуучирсан тоо ирж байх жишээтэй. Тэгэхээр бидэнд тарааж өгч байгаа цаасны хэмжээнд мэдээлэлтэй байна.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа: Үхэл, өвчлөл талийгаад өглөө. Ковидын хуулийг сунгана гэж байгаа хүмүүсээс эхлээд харицулага нэхэх хэрэгтэй. Вакцингүй бол үхэл их байж магадгүй юм. Гэтэл вакцин гарчихаад байхад үхэл дэндэж байна. Өөрсдөө хүн цуглуулж болдог бизнесийнхнийг болохоор хоолны газраас хүн халдвар авбал өөрсдөө хариуцна гэж гэрээ хийж байгаа юм байна лээ. Ийм завхарсан юм гэж байж болох уу.
УИХ-ын гишүүн Н.Алтанхуяг: Ковид нэрээр УИХ эрхийг булаасан. Тайван цагт баахан дөвчигнөчихөөд одоо гамшиг болчихоод байхад хаяад алга боллоо гэв.

Боловсролын ерөнхий хуулийн төсөл болон хамт өргөн мэдүүлсэн хууль, тогтоолын төслийг хэлэлцлээ. Хуулийн төслөө БСШУ-ы сайд Л.Энх-Амгалан тэргүүтэй албан тушаалтнууд танилцуулав. Дэлхийн хөгжлийн чиг хандлагад нийцүүлэн, боловсролын салбарын шинэчлэлийг эхлүүлэхэд энэхүү хуулийн төслийн зорилго оршино гэдгийг салбарын сайд хэлсэн. Түүнчлэн хүүхдүүдэд зөвхөн академик чадвар олгохоос гадна мэдлэг, чадвар, хандлага буюу цогц чадамж эзэмшүүлэх тал руу сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлнэ гэв. Гишүүд, багш нарын цалин багаас болж 2000 оноос боловсролын салбарын уналт эхэлсэн. Бага ангид анхны суурь сайн тавиагүйгээс иргэд боловсрол эзэмшиж чадахгүйгээс нийгэм ядууралд өртөж байна. Өнөөдрийн ядуурал 30 хувьд хүрсэн нь боловсролоос хамааралтай. Эдийн засгаа сайжруулъя гэвэл 40 мянган багш нарынхаа цалинг нэмж, чанартай боловсрол эзэмшүүлэхээс эхэлнэ. Түүнчлэн багш бэлтгэх тогтолцоог үндсээр нь өөрчлөх шаардлагатай. Цахим хичээлийг 174 мянган хүүхэд үзэж чадаагүй үүний 40 мянга нь Улаанбаатарт байна гэсэн судалгаа гарсан. Түүнээс гадна ковидоос өмнөх боловсролын хоцрогдол үүссэн байсан. Энэ мэтчилэн боловсролын хоцрогдлын цунами монголыг дайрах нь. Багш нарынхаа үнэ цэнийг нэмэгдүүлэхгүйгээр боловсролгүйн “цунами”-гаас монголыг аварч чадахгүй гэх зэргээр байр сууриа илэрхийллээ. Түүнчлэн нэгэнт хоцрогдсон хүүхэд нөхөж сурах боломж бага, тиймээс бага ангийн багшаасаа эхэлж анхаарах хэрэгтэй. Кембриджийн хөтөлбөрт шилмэл хүүхдүүд ороод байна уу. Хөтөлбөр нь сайн юм уу гэдгийг ялгах хэрэгтэй болчихоод байгааг сануулав.

Сэтгүүлч

Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn