Д.Ганбат: Байдал хүнд байхад чуулганаар медалийн зузаан, нимгэн, их багыг яриад сууж байна
УИХ дахь АН-ын бүлэг ээлжит хуралдаанаа хийж, хуралдаанаар хэлэлцсэн асуудлаараа мэдээлэл хийлээ.
Бүлгийн хуралдаанаар КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг авч хэлэлцсэн бөгөөд өнөөдрийг хүртэлх хуулийн хэрэгжилтийг танилцуулсны дараа сунгах эсэх асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн байна.
Энэ талаар УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Ганбат:
"Бид Засгийн газрыг хариуцлагагүй ажилласан гэж дүгнэж байна. Цаашид Монгол Улсын Үндсэн хуулийг зөрчилгүй, Гамшгийн тухай хууль эсвэл онцгой байдал зарла. КОВИД-19-ийн цар тахлаас урьдчилан сэргийлэх, тэмцэх, нийгэм, эдийн засагт үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн хүрээнд хоёр Засгийн газар дамжин 15.1 их наяд төгрөгийг зарцуулсан боловч жирэмсэн ээжүүд, хоёр сартай хүүхэд ч нас барж байна. Гэтэл амьсгалын аппарат, уушги орлуулах аппарат ч дутмаг байна. Энэ байдлаараа хэнийг амьд үлдээх, хэнийг эмчлэхээ шийдэх болох нь. Гашуунсухайтад 0 зогсолт хийгээд 10 орчим хонолоо. Өнгөрсөн хугацаанд томилгоог ар өврийн хаалгаар, хамаатан саднаа томилж байна. Байдал ийм байхад УИХ-ын чуулганы хуралдаанд Ардын хувьсгалын 100 жилийн медалийг нимгэн, зузаан, тоо ширхэг их багыг яриад сууж байна. Анхнаасаа АН-ын бүлэг удаа дараа анхааруулсан. Чанартай вакцин хий гэж сануулсан. Гэтэл өнөөдөр вакцины чанар, хугацаандаа хийсэн эсэхийг мэдэхгүй байна" гэлээ.
УИХ-ын гишүүн С.Одонтуяа:
"Энэ олон хүн халдвар авч, нас барж байхад хэн хариуцлага хүлээх ёстой юм, хариуцлага хүлээх ёстой хүмүүс нь хариуцлагаа хүлээ гэсэн шаардлагыг бид тавьж байна. Мөн хуулийн төслийн хугацааг сунгах нь Үндсэн хууль зөрчиж байна гэж олон гишүүд хэлж байгаа тул УИХ өөрөө Үндсэн хууль зөрчиж болохгүй. Ажил үүргээ гүйцэтгэж яваад халдвар авсан эрүүл мэндийн байгууллагын ажилтнуудад нөхөн олговор олгох, эмч эмнэлгийн ажилтнуудын цалинг нэмэх шаардлагыг хүргүүлж байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл:
"Ерөнхий сайд гамшгийн үеийн нөхцөл байдлыг гартаа авах цаг ирсэн байна. Монгол Улсад худалдаа тээвэр, ложистикийн харилцааг хариуцах нэг ч хүн байдаггүй. Зам тээврийн сайд зам барьж, хүлээлгэж өгдөг ажлыг хариуцдаг сайд. Тиймээс Ерөнхий сайд гардан эдгээр ажлыг хариуцах хэрэгтэй байна" гэсэн юм.
УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж:
"Шулуухан хэлэхэд урд нь 5 сая төгрөгийн төлбөр төлөөд Замын-Үүдээс ачаа бараагаа авдаг байсан бол одоо 30 сая төгрөг болсон байна. Ард түмэн авилгын мөнгийг хөдөлмөр, хүч хөлсөөрөө төлж байна. 25 сая төгрөгийг жирийн иргэд халааснаасаа төлж байна. Гашуунсухайтын боомтоор 18 мянган машин тээвэр хийдэг бөгөөд 6000 мянгад нь зөвшөөрөл өгдөг. Албаар дараалал үүсгээд авилга авч байна" хэмээн байр сууриа илэрхийллээ.
Өнгөрсөн баасан гарагт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 100 мянган төгрөг болгон нэмэгдүүлэх болон бусад хөнгөлөлтийн хугацааг сунгах асуудлаар хуралдсан. УИХ дахь АН-ын бүлэг хугацаа сунгах асуудлыг дэмжиж байгаа хэдий ч ҮАБЗ Үндсэн хуулийн хэмжээнд ажиллах ёстой гэсэн юм.