Д.Өнөрболор: Худалдааг зохицуулсан хуульгүй 30 орчим жил явж ирсэн
2021.06.21

Д.Өнөрболор: Худалдааг зохицуулсан хуульгүй 30 орчим жил явж ирсэн

УИХ-ын дарга Г.Занданшатар “Худалдааны тухай” хуулийн төслийг боловсруулж өргөн барих Ажлын хэсгийг байгуулсан бөгөөд ахлагчаар нь УИХ-ын гишүүн Д.Өнөрболорыг томилжээ. Энэ талаар УИХ-ын гишүүн Д.Өнөрболороос тодрууллаа. 

-Худалдааны тухай хууль боловсруулах Ажлын хэсгийг ахлахаар болжээ. Та худалдааны хууль эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлээр ямар бодолтой байна вэ?


-Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиар гадаад худалдаа Гадаад хэргийн сайдын эрхлэх асуудлын хүрээнд, дотоод худалдаа, үйлчилгээний бодлого зохицуулалт Хүнс хөдөө аж ахуйн сайдын эрхлэх ажлын хүрээнд хамаардаг. Худалдааны харилцааг эрх зүйн хүрээнд 60 орчим хуулийн, 100 гаруй зүйл заалтаар хэсэгчлэн зохицуулж иржээ.

Манай эдийн засагт худалдааны салбарын гүйцэтгэх үүрэг улам бүр нэмэгдэж байгаа ч худалдааг зохицуулсан тусгай хуульгүй 30 орчим жил явж ирлээ. Салбар дундын уялдааг хангасан нэгдсэн бодлогын баримт бичиггүй явж ирсэн.  

Иймээс энэ чиглэлээр зохицуулах шаардлагатай асуудлууд багагүй хуримтлагдсан, зөв тодорхойлох шаардлага үүссэн гэсэн үг. Худалдааны асуудал мэргэжлийн бус яаманд хавсарга байдлаар харьяалагдаж, гадаад худалдааны нэгдсэн бодлогогүй, зохицуулалтгүй болсны дээр тарифын бодлогоор зохицуулж үндэсний үйлдвэрлэлээ хамгаалах, дотоодын үйлдвэрлэлээ худалдаагаар дэмжих, ялангуяа импорт орлох үйлдвэрлэл хөгжүүлэх асуудал орхигдож, гадаад зах зээл дээр компаниуд болон салбарын яам болгон уялдаа холбоогүй үйл ажиллагаа явуулж байна. Үйлдвэрлэл – худалдаа гэсэн энэ хоёр салбар, зохицуулалт төр засгийн тэргүүн зэргийн бодлогын төвд байх ёстой асуудал. Бодлого зангидах институцгүй байна. 

-Манайх гадаад дотоод худалдааны бодлого зангидах институц байхгүй гэж та сая хэллээ. Үүнийг тодруулбал?


-Бид баялаг бүтээх үйлдвэрүүд байгуулна гэж төлөвлөөд байдаг. Гэтэл үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнээ яаж борлуулж баялаг болгох үндэсний хэмжээний бодлогыг боловсруулдаг худалдааны институц манайд алга. Дэлхийн 205 улс орны 195 улс худалдааны асуудал эрхэлсэн яамтай, худалдаа, хөрөнгө оруулалтын бодлогоо зангидаж ажиллаж байна. Тэгэхээр дэлхийн улс орнуудын бие даасан, залгамж холбоотой, худалдааны нягт нямбай бодлогын өмнөөс бид гар хоосон шахам, өөрсдийн инерц, мэдрэмж төдийдөө бараг дулдуйдаж оролцож байна гэсэн үг юм. Мэдээллийн нэгдсэн сан ч алга. Гадаад худалдааны бодлогыг “зөв тодорхойлох” гэж онцлон хэлж байгаа нь өнөөгийн хурдтай өөрчлөгдөж байгаа, ковидын өмнөх болон ковидын дараах үеийн дэлхий нийтийн чиг хандлагатай хөл нийлүүлэн алхах бодлоготой, хууль эрх зүйн орчинтой байх явдал тулгамдаж байгаагаас тэр юм.  

-Мэдээлэл өгсөнд баярлалаа.