2021.05.25

УИХ-ын гишүүд тойрогтоо ажиллаж байна

Тус аймагт зам тээвэр, уул уурхайн яамдын сайд нар болон УИХ-ын гишүүд ажиллаж байна гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

-“Өнөөдөр Завхан аймагт УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг, Б.Баярсайхан, УИХ-ын гишүүн асан Д.Оюунхорол, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон, БШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр, Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд нар ажиллаж байна.  

Ажлын хэсэг аймгийн Засаг даргын Тамгын газрын хэлтэс, Засаг даргын эрхлэх асуудлын хүрээний агентлагийн удирдлагуудтай уулзалт хийлээ. Энэ үеэр аймгийн Засаг дарга Д.Түвшинжаргал Завхан аймгийн эдийн засаг, нийгмийн өнөөгийн нөхцөл байдлын талаар танилцуулга хийж, УИХ-ын гишүүд, яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар цаг үеийн асуудлаар мэдээлэл өглөө.

Мөн УИХ-ын гишүүн Ц.Цэрэнпунцаг шинээр батлагдсан болон цаашид өргөн барих хуулиудын талаар болон хийж хэрэгжүүлсэн, цаашид төлөвлөсөн ажлуудаа танилцуулав. Түүнчлэн Завхан аймгийн инженерийн шугам сүлжээний зураг төсөл, гэр хорооллын ногоон байгууламж, 21-р зуун хорооллын дэд бүтцийн асуудал, сургууль цэцэрлэгийн ариун цэврийн байгууламжийг шинэчлэх ажлуудыг хийх ажлын төлөвлөгөөг дуулгав.  

Харин УИХ-ын гишүүн Б.Баярсайхан төрийн байгууллагын удирдлагууд их хурлын гишүүдийн ажиллаж буй байнгын хороотой холбоотой асуудлаар нягт хамтран ажиллаж, төрийн албан хаагчид шуурхай, санаачилгатай ажиллах шаардлагатайг онцлов.

Төрийн албан хаагчдыг мэргэшүүлэх сургалтуудад шат дараатай хамруулах, 2022 он гэхэд модон жорлонгүй сургууль, цэцэрлэгтэй аймаг болох. 24 сумын эмнэлгийг дотор нойлтой болгох зэргээр боловсрол, эрүүл мэндийн салбарт түлхүү анхаарч ажиллаж буйгаа танилцууллаа.

 Уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын үр шимийг айл өрх бүр хүртэж байна.

Зам тээврийн хөгжлийн яамны төрийн нарийн бичгийн дарга С.Батболд Завхан аймгийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай авто замаар холбох ажлыг эрчимжүүлнэ гэв.

Тухайлбал,  Идэр сумын төвийг хатуу хучилттай замтай холбох 12 км авто зам, Түдэвтэй суманд долоон км хатуу хучилттай  авто зам барих зэрэг бүтээн байгуулалтын ажлуудыг эхлүүлнэ. Завханчууд нутгийнхаа хөгжлийн төлөө хүн бүр эв эетэй, санаачилгатай ажиллах хэрэгтэйг онцлов. Харин Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны сайд Г.Ёндон: - “Завхан аймаг уул уурхайн цөөн лицензтэй, энэ тал дээр ихээхэн анхаарч ажилладаг аймаг.

Бид байгалийн баялгаа иргэн бүртээ тэгш, хүртээмжтэй хуваарилах ёстой. Өнөөдөр уул уурхайн салбарын хөрөнгө оруулалтын үр шимийг айл өрх бүр хүртэж эхэллээ. Цаашид зөвхөн нэг удаагийн шийдвэрээр бус газрын хэвлийд байгаа баялгаа ард иргэддээ системтэйгээр хүртээдэг, ил тод механизмыг бий болгохыг зорьж, бодлого боловсруулан ажиллаж байна.

Эрдэнэс таван толгой, Эрдэнэт үйлдвэр, Оюу толгой шиг өртөг шингээсэн үйлдвэрлэлийг бий болгох ёстой. Хамгийн гол нь борлуулалт дээр иргэдийн хяналтыг маш сайн тавих хуулиудтай болно. Боловсруулах салбарыг түлхүү хөгжүүлснээр дагаад жижиг дунд үйлдвэрлэл ч эрчимтэй хөгжинө” гэлээ.

 Хөдөлмөрийн насны иргэдийг халамжаас гаргах бодлого баримталж буй гэв

Мөн уулзалтын үеэр БШУСЯ-ны төрийн нарийн бичгийн дарга Д.Батбаатар:

-“Монгол Улсын хэмжээнд сургууль, цэцэрлэгийн нийт 819 нүхэн жорлонг шинэчилж, ариун цэврийн байгууламжтай болох шаардлагатай. Хөдөөгийн сумдын дотуур байруудыг халуун устай болгоно. Цаашид боловсролын багц хуулиудыг шинэчилснээр манай салбарт олон сайхан үр дүн гарна. Төрийн албан хаагчид эрх барьж буй намын бодлогыг хэрэгжүүлэхэд онцгой анхаарч ажиллах ёстой” гэв.

Мөн Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны төрийн нарийн бичгийн дарга Г.Өнөрбаяр:

-“Бид байгалийн баялагтаа эзэн болсноор хүүхдийн мөнгө, халамжийн тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлсэн зэрэг уул уурхайн баялгаас хөдөлмөр, нийгмийн хамгааллын салбарт нэг их наяд гаруй төгрөгийг зарцуулаад байна. Нийгмийн даатгал, нийгмийн халамжийн багц хуулийн хүрээнд томоохон шинэчлэлтүүдийг хийнэ.

Мэргэжлийн боловсролын тухай хуулийг энэ жилдээ батлуулна гээд төлөвлөсөн ажлууд олон бий. Цаашид нийгмийн халамжийг нэн шаардлагатай зорилтот бүлэгт нь хүргэж, хөдөлмөрийн насны иргэдээ халамжаас гаргах бодлого баримтална” хэмээн онцлов. УИХ-ын гишүүд, яамдын сайд, төрийн нарийн бичгийн дарга нар зургаадугаар сарын 10-ны өдөр хүртэл 14 хоногийн хугацаанд Завхан аймагт ажиллана” гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.