2021.04.24
Л.Оюун-Эрдэнэ: Вакцин худалдан авах асуудал бүрэн шийдэгдэж, бүх төлбөрийг нь шилжүүлсэн
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын явцтай биечлэн танилцлаа. Тэрээр энэ үеэрээ "Өмнө нь вакцинжуулалтын 80 цэг ажиллаж байсан бол одоо 120 орчим цэг ажиллаж байгаа. Мөн явуулын 40 автобус бий.
Иргэд маань вакцинжуулалтдаа идэвхтэй хамрагдаж байна. Засгийн газар зорьсон хугацаандаа иргэдээ вакцинжуулахаар чадах бүх зүйлээ хийн ажиллаж байгаа. Үйлдвэрлэгч орнуудад маш их захиалга очиж байгаа учраас татан авалттай холбоотой саатал гарсан.
Эрүүл мэндийн яамны баримталж байгаа бодлого зөв гэж бодож байгаа. 150 мянган тун вакцин ирлээ гэхэд 75 мянган тунг нь хийгээд үлдсэнийг хадгалах, эсвэл бүгдийг нь иргэдээ хийх гэсэн хоёр хувилбар бий. Тиймээс нэгэнт вакцины төлбөр нь хийгдчихсэн, татан авалт нь тодорхй болсон үед аль болох олон хүн нэгдүгээр тундаа хамрагдаж байх ёстой. Вакцин худалдан авах асуудал бүрэн шийдэгдсэн гэж ойлгож болно. Бүх төлбөрийг шилжүүлсэн. Харин одоо татах авах хугацааны хувьд бага зэрэг өөрчлөгдөж магадгүй.
Нэг асуудал санаа зовоож байна. Энэ бол Ерөнхийлөгчийн сонгуультай холбоотой улстөржилт. Вакцины чанар, татан авалттай холбоотой асуудлыг улстөржүүлж байна. Вакцин үйлдвэрлэгч бус улсын хувьд энэ бол эрсдэл. Манай улстөрчид нэгэнт өөрсдөө вакцин үйлдвэрлэж чадахгүйгээс хойш энэ асуудлыг улстөржүүлмээргүй байна" гэлээ.