ЭТТ-н удирдлагууд бонд гаргах хүсэлтээ Монголын Хөрөнгийн Биржид энэ сарын 5-нд хүргүүлсэн.
Хүсэлтийг Монголын Хөрөнгийн Бирж, Санхүүгийн Зохицуулах Хороо хянаж, холбогдох зөвшөөрөл гарснаар арилжааны захиалга эхэлнэ. Өнөөдөр эдгээр байгууллагаас зохих зөвшөөрлийг олгосноор манай улсын хөрөнгийн зах зээлийн түүхэн дэх хамгийн өндөр дүн бүхий (2 их наяд төгрөг) бондын арилжаа эхэлнэ.
Хоёр их наяд төгрөгийн бонд гаргах ажлын тэргүүлэх андеррайтераар “БиДиСЕК” үнэт цаасны компани ажиллаж байна. Андеррайтер, брокер, хөрөнгө оруулалтын зөвлөх, судалгааны чиглэлээр тус компани Монголд хөрөнгийн зах зээл үүссэн 1991 оноос хойш тасралтгүй үйл ажиллагаа явуулж буй анхны мэргэжлийн компаниудын нэг юм.
“Эрдэнэс-Таван толгой” ХК төмөр зам, нүүрс баяжуулах үйлдвэр, дулааны цахилгаан станцын төслүүд хэрэгжүүлэхээ мэдэгдсэн. Эдгээр төслүүдийг улсын төсвөөс санхүүжүүлэхгүй. Бондоос санхүүжүүлнэ.
БНХАУ-ын зэх зээл ирэх дөрвөн жилд нааштай байх төлөвтэй байна.
Хосолсон бондын захиалгыг эхлүүлэх, цан цохих үйл ажиллагаанд УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал, Санхүүгийн Зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан, Хөрөнгийн биржийн захирал О.Алтай, ЭТТ ХК-ийн гүйцэтгэх захирал Б.Ганхуяг нар оролцлоо.
УУХҮ-ийн дэд сайд О.Батнайрамдал: Манай салбарт түүхэн үйл явдал тохиож байна. ЭТТ бондын санхүүжилт татаж, хоёр төмөр зам барьснаар тээврийн зардлаа дорвитой буулгана. Нүүрс баяжуулаа үйлдвэр ашиглалтад орсноор бид нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэнэ. Манай гол худалдан авагч болох БНХАУ-ын зэх зээл ирэх дөрвөн жилд нааштай байх төлөвтэй байна. Энэ боломжийг ашиглан бонд гаргах шийдвэр гаргасан юм. Хөрөнгийн зах зээл шинэ бүтээгдэхүүнтэй боллоо. Өмнө нь бид өндөр дүн бүхий санхүүжилтийг гаднын хөрөнгийн захаас л босгох боломжтой гэж бодддог байв. Гэтэл өнөөдөр дотоодод өндөр дүн бүхий бондын арилжааг эхлүүллээ.
Б.Ганхуяг захирал: Бондын хөрөнгөөр Таван толгой-Гашуунсухайт, Таван толгой-Зүүнбаян чиглэлийн хоёр төмөр зам, 450 мегаваттын хүчин чадалтай цахилгаан, дулааны станц, говийн бүсэд усны хангамжийг нэмэх төслүүдийг санхүүжүүлнэ.
Санхүүгийн зохицуулах хорооны дарга Д.Баярсайхан: Хөрөнгийн зах зээлийн үнэлгээ арван хоёрдугаар сард 3 их наяд төгрөгт хүрсэн бол өнөөдөр 3.7 их наяд төгрөгт хүрлээ. Монголын хөрөнгийн биржид шинээр бүртгэгдсэн “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн 2 их наяд төгрөг хүртэлх үнийн дүн бүхий төгрөг болон ам.доллар хосолсон бондыг 3 үе шаттайгаар олон нийтэд санал болгохоор төлөвлөсөн бөгөөд эхний үе шатанд 600 тэрбум төгрөг хүртэлх үнийн дүн бүхий бондыг дараах нөхцөлөөр нийтэд санал болгон арилжаалахаар төлөвлөж байна.