Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ
Улсын Их Хурлын Төрийн байгуулалтын байнгын хороо өнөөдөр (2021.01.27) чуулганы нэгдсэн хуралдаанаар дөрвөн асуудал хэлэлцэн шийдвэрлэв.
Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Их Хурлын тогтоолын төслийг батлахыг дэмжлээ. Хуралдаан Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийн хэлэлцүүлгээр үргэлжлэв. Хуралдаанд Сонгуулийн ерөнхий хорооны холбогдох албан тушаалтнууд оролцлоо.
Төслийн талаар Байнгын хорооны дарга Л.Энх-Амгалан танилцуулав. Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн хуулиар оруулсан өөрчлөлтөөр Сонгуулийн ерөнхий хорооны дэргэдэх Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байна гэж хуульчилсан.
Хуулийн 12.2.-т Сонгуулийн ерөнхий хороо нь Мэдээллийн технологийн төвийн зохион байгуулалтын бүтэц, орон тоо, үйл ажиллагааны зардлын төсвийг баталж, төвийн захирлыг томилно. Мэдээллийн технологийн төвийн захирал, ажилтан нь төрийн захиргааны албан хаагч байх бөгөөд Төрийн албаны тухай хуульд заасан ажиллах нөхцөл баталгаагаар хангагдана гэснийг танилцуулгадаа онцолсон.
Сонгуулийн автоматжуулсан системийн тухай хуулийн дээрх өөрчлөлт 2020 оны 1 дүгээр сарын 30-ны өдөр орж, Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид төрийн захиргааны албан хаагч байх эрх зүйн орчин бүрдсэн боловч Төрийн захиргааны албан хаагчдын ангилал зэрэглэл тогтоох тухай Улсын Их Хурлын дээрх тогтоолын хавсралтад өөрчлөлт ороогүй тул Мэдээллийн технологийн төвийн албан хаагчид Төрийн үйлчилгээний ангилал зэрэглэлээр цалинжиж байна.
Иймд дээрх хуулийн өөрчлөлттэй холбоотойгоор “Төрийн зарим байгууллагын албан тушаалын ангилал, зэрэглэлийг тогтоох тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 02 дугаар сарын 01-ний өдрийн 18 дугаар тогтоолоор баталсан “Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Засгийн газар, Улсын дээд шүүх, Үндсэн хуулийн цэц, Улсын ерөнхий прокурорын газар, Хүний эрхийн Үндэсний Комисс, Төрийн албаны зөвлөл, Үндэсний аюулгүй байдлын зөвлөл, Сонгуулийн ерөнхий хороо, Санхүүгийн зохицуулах хороо, Үндэсний статистикийн хороо, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны удирдах, гүйцэтгэх албан тушаалын ангилал, зэрэглэл”-ийн хавсралтын “Сонгуулийн ерөнхий хорооны ажлын алба” хэсэгт нэмэлт, өөрчлөлт оруулах шаардлага үүссэн гэдгийг Байнгын хорооны дарга танилцуулгадаа дурдлаа.
Хэлэлцэж байгаа асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн байгаагүй тул “Тогтоолын хавсралтад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай Улсын Их Хурлын тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлж, батлуулах нь зүйтэй” гэсэн саналын томьёоллоор санал хураахад хуралдаанд оролцсон гишүүдийн 54,5 хувь нь дэмжив. Энэ талаарх Байнгын хорооны санал, дүгнэлтийг Улсын Их Хурлын гишүүн Ё.Баатарбилэг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулахаар тогтов.